Хүүхдүүдээ ''хөсөр'' хаясан хотын удирдлагуудын балаг
Ингэж хэлэхэд буруудахааргүй дүр төрх боловсролын салбарт бий болж. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд нийт 31 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Харин 21850 хүүхэд ачаалал нь хэтэрсэн байдалтайгаар цэцэрлэгт хамрагдаж байгааг тооцвол хотын удирдлагууд хүүхдүүдээ “хөсөр” хаячихаж. Хэзээний шийдчих ёстой байсан цэцэрлэг, сургуулийн барилга “Газар байхгүй” гэдэг шалтгаанаар хойшлогдож, нийслэлийн хэмжээнд 73 хороо сургууль, цэцэрлэггүй байсаар өдий хүрчээ.

Үүнд, нийслэлийн үе үеийн удирдлагууд хариуцлагагүй хандаж ирсэн гэдгийг “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ- ынхан хариуцлагатайгаар тайлбарлаж байсан юм. Тухайлбал, Хан-Уул дүүргийн XV хороо буюу баячуудын Зайсан хороололд өдөр бүр шинээр орон сууцны барилгууд нэмэгдэж байгаа атал ганц ч цэцэрлэг шинээр баригдаагүй байна. Үүний улмаас бусад хорооны цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдэж, нэг ангид дунджаар 65 хүүхэд хүмүүжиж байгаа нь хэмжээнээсээ 2-3 дахин илүү ачаалалтай байгаа үзүүлэлт юм. Уг нь тус хороонд хоёр жилийн өмнөөс улсын цэцэрлэг байгуулах мөнгө төсөвт суудаг хэдий ч газар олдохгүйн зовлонд автсаар 2014 онтой золгожээ. Цаашдаа ч баригдах эсэх нь тодорхойгүй байгаа гэхээр нийслэлийн удирдлагууд хүүхдүүддээ хэр анхаарал тавьдаг нь бэлхэн харагдаж байгаа юм.

Өнөөдөр нийслэлд нийтдээ цэцэрлэгийн насны 97 мянган хүүхэд байгаагаас 56 хувь нь улсын цэцэрлэгт, 12 хувь нь хувийн цэцэрлэгт явж байна. Тэгвэл үлдсэн 32 хувь нь буюу 31 мянга орчим хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй, гэрээр хүмүүжиж, зарим нь харж хандах хүнгүй гэртээ цоожтой үлддэгийн улмаас галын аюулд өртөн амиа алддаг нь нууц биш. Мөн сургуулийн насны 188 мянга 391 хүүхэд байгаагаас 88 хувь нь төрийн өмчийн сургуульд, 11 хувь нь хувийн сургуульд хамрагдаж 134 хүүхэд сургуульд явж чадахгүй байгаа нь саятан хотын хувьд эмгэнэл байлтай.

Гэтэл хотын иргэдээ орон сууцжуулах нэрийн дор газрын наймаа хийж, цөөхөн хэдэн монополь компаниудад газар өмчлүүлсний дийлэх нь худалдаа үйлчилгээний төв, оффис, орон сууцны барилга баригдсан байдаг. Тухайлбал, 2004 онд М.Энхболд хотын даргаар ажиллаж байхдаа Баянгол дүүрэгт баригдах 15 дугаар цэцэрлэгийг барих 5800 м2 талбайгаас хасч, 3000 м2 талбайтай болгох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, цэцэрлэгийн өргөтгөл барих ёстой талбайгаас тухайн үеийн хотын дарга хумсалж, орон сууц, аж ахуйн зориулалтаар бусдад ашиглуулжээ.

Түүнчлэн 2010 онд Г.Мөнхбаяр хотын дарга байхдаа мөн Баянгол дүүргийн IX хороонд барих 133 дугаар цэцэрлэгийн 13100 гаруй M2 талбайг 9300 м2 болгох шийдвэрийг баталж байсан гээд л нийслэлийн үе үеийн дарга нар ирээдүй хойчдоо хэтэрхий хахир хатуу хандаж, олон хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээж, олон залуу гэр бүлийн ажиллах боломжийг боогдуулсаар иржээ.

Тиймээс “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ынхан одоо ч улсын сургууль, цэцэрлэгийн тоо төдий л нэмэгдэхгүй байгааг сануулаад өнөөгийн хотын дарга Э.Бат-Үүл өмнөх үе үеийн дарга нарын алдааг давтах вий хэмээн хардаж буйгаа ч дурьдаад авна лээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг бий дээ. Гэхдээ Үүл баатар нэгийг бодож, хоёрыг тунгааж буй биз.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine