“Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, бага оврын техник ашиглалт” сургалт зохион байгууллаа
 “Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, бага оврын техник ашиглалт” сэдэвт сургалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж, тус яамны ГТБХЗГ-ын дарга Н.Оюунсувд, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвийн дарга Р.Цогтбаатар нар оролцов.
 
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “ Газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлт тогтворжиж, хураах ургацын хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч бидэнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд байсаар байна.  Тухайлбал,  тариалах таримлын нэр төрлийг олшруулах, үр сортын шинэчлэл хийх, үрийн аж ахуйн чадавхыг сайжруулах, байгальд ээлтэй усны хэмнэлттэй усалгааны технологид  тулгуурласан услалтын системийг барьж ашиглах  зэрэг ажлуудыг тодорхой үе шаттайгаар  хийж гүйцэтгэж байна.
 
“Хүнсний ногоо” хөтөлбөрийн үндсэн зорилгын нэг нь шинжлэх ухаанд тулгуурласан мэдлэгийн болон технологийн дэвшлийг үйлдвэрлэлд үр дүнтэй нэвтрүүлэн тариаланч, ногоочдыг шинэ мэдлэг мэдээллээр хангах, тэднийг чадавхижуулах  явдал  юм.
 
БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих байгууллагын санхүүжилтээр  Кориа-Монгол төвтэй хамтран Төв аймгийн Борнуур суманд Хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх туршилт судалгааны загвар аж  ахуйг  байгуулан төрөл бүрийн хүнсний ногооны  олон  сортыг тариалан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, талбайн болон танхимын сургалтыг зуны хугацаанд байнга зохион байгуулах зэргээр  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх  тодорхой  бодит ажлуудыг хийж байгаагийн нэг нь өнөөдөр эхэлж байгаа Төв,  Сэлэнгэ,  Дархан-Уул аймгийн ногоочдын  дунд зохион байгуулж байгаа  энэхүү талбайн сургалт  юм.   
 
Мянган удаа сонсохоор нэг удаа үз гэж манай ард түмэн  зүйрлэн хэлдэг.  Энэ удаагийн талбайн  сургалтаар Та бүхэнд өндөр мэргэжлийн багш нар  хичээл зааж, олон шинэ арга технологийг танилцуулах болно. Түүнээс гадна та бүхэн харилцан туршлага, мэдлэгээ солилцож бие биенээсээ суралцах боломж бас гарна гэж найдаж байна. Мөн сургалтад  оролцож байгаа ногоочид та бүхэн  энэхүү сургалтын үед  сурсан зүйлээ өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ,  нутгийнхаа бусад ногоочдод заан сургаж  хамтдаа  хөгжиж  дэвшин,  арвин  их  ургац хураан авахыг хүсэн ерөөе” гэв.
 
Сургалтын хүрээнд улаан лооль болон өргөст хэмх тариалах технологи, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах, үзүүлэнгийн талбайд мотоблокоор газар хагалж боловсруулах, зарим төрлийн үрслэг суулгах сургалтыг тус тус зохион байгуулав. Энэ сургалтад газар тариалангийн бүс нутгийн  Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудын ногоочдын 50 гаруй төлөөлөл оролцож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй төмс, хүнсний ногооны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар мэдээлэлтэй болсон юм. 

Н.АСРАЛТ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.