Б.Амарсанаа: Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 15 бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна

Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарласан билээ. Уралдааны зорилго бол Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоотой хэрхэн ямар байдлаар тохижуулах вэ гэдэг шийдлээ тодорхойлоход оршиж байгаа юм. 14 хоногийн хугацаатай дээрх уралдааны материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан тул энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас дараах тодруулгыг авлаа.  

-Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдаанд хэдэн мэргэжлийн байгууллага, уран бүтээлчийн хэчнээн бүтээл ирэв?

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг тавдугаар сарын 15-наас 29-ний өдөр хүртэл нийт 14 хоногийн хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучууд хамтарч оролцохоор удирдамжид заасан байгаа. Энэ хүрээнд нийт 15 баг бүтээлээ ирүүлсэн байна. Засаг даргын захирамжийн дагуу уралдааныг дүгнэх комисс байгуулагдсан байгаа.  Ирүүлсэн бүтээлүүд дээр одоо удирдамжид заасны дагуу тав хоногийн хугацаанд манай байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтийн саналыг авах юм.

-Ирсэн бүх бүтээлүүдийг танай цахим хуудаст ил байршуулаад, иргэдийн саналыг авч байж дүгнэнэ гэсэн үг үү?

 

-Тийм ээ. Уралдаанд материал ирүүлсэн 15 багийн бүтээлийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулаад иргэд олон нийтээс саналыг авна. Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3 хүртэл таван өдөр иргэдийн саналыг авсны дараа шалгаруулах комисс хуралдаад, дүнгээ гаргана гэсэн үг.

-Уралдааныг дүгнэхдээ юуг голлон шалгуур үзүүлэлт болгох вэ?

-Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Бүтээлийн үзэл санаа шинэлэг байдал, үндэсний онцлог түүх соёлын хэв шинжийг тусгах, байгаль орчинд ээлтэй орчин үеийн  техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хэр хангасан, эсэх, иргэд олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтүүдээр тус бүрт нь оноо өгөх юм.

-Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнд бүх зардал багтсан уу?

-Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж 20 сая төгрөгөөр урамшуулна. Үүнээс гадна шагналт байр хоёрыг шалгаруулж, тус бүр таван сая төгрөгөөр шагнана. Шилдгээр шалгарсан бүтээлийн баг маань дараагийн тохижилтийн зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэйгээр оролцоод явна.



Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлэхэд, нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Монгол Улсынхаа төв талбайн урд хэсгийн 2.5 газарт ямар тохижилтын ажил хиймээр байгаа тухай санал бодлоо хуваалцаж, энэхүү ажилд идэвх санаачилгатай оролцоорой гэж уриалмаар байна. Мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн бүтээлүүдэд та бүхний санал үнэ цэнэтэй, бодитой дэмжлэг болох юм шүү.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баяр 2019-05-30 15:57:06
    Жуулчны автобусны зогсоол олон хэрэгтэй байна
    103.57.93.34
    Мэдэгдсэн Хариулах