Эх орны түүх цуглуулдаг геологич бүсгүй

…Зуны эхэн сард, цэцэг ногоо цухуйх үед  холын томилолт өвөртлөн хөдөө хээрийг аглагт хараа бэлчээн явах нь цаасны ажилтай зарим хүнд тархины амралт болдгийг нуух юун. Түүнчлэн зорьж очсон газартаа уул ус, нутаг орон сонжихуйн хажуугаар нүд, чихний олзтой явж, сонин содон хүмүүстэй тааралдах нь ёстой л оюуны олз байдаг билээ.

“Амьдралын тойрог”-тоо урьсан энэ удаагийн зочин маань хотоос зайдуу 600 км-ийн зайд соёлын үрийг таригч нэгэн. Илүү тодотгон танилцуулбал, Их эзэн Чингис хааны мэлмий гийж, өлмий батадсан газар, Хэнтий аймгийн Дадал сум,  “Гурван нуур” рашаан сувилал, аялал жуулчлалын газрын дэргэдэх Музейн захирал Шагдарын Янжмаа гуай юм. Үүнээс цааш хийсэн бүтээсэн зүйл нь түүнийг гоёчлон танилцуулах шаардлагагүйгээр илтгэх биз.

Дэлүүн болдог орчимд түүх эргэцүүлэв

Зургадугаар сарын босго дөхөж байхад зуншлага жигдрээд, байгаль дэлхий өнгө засаад, таатай байдагсан. Гэтэл энэ жил зүүн аймгуудын нутгаар хур багатай, хуурайшилт ихтэй байна. Харин хаа очиж, Ханхэнтий нутгийн Дадал суманд хөрс нь чийгтэй, модод нь ногоон зуны дэлгэр цаг жамаараа эхэлж байгаа нь холоос зорьж ирсэн хэний ч сэтгэлд гэгээ татуулах аж.

Урин цагийн өнгө угтаад монголчууд бид хол, ойр гэлтгүй хөдөө гадаа явж,  үзэж харах зүйлтэй газраар аялж зугаалдаг болоод удаж байна.  Орчин цагийн Монголд бусдаас ялгараад байх онц гойд зүйл байхгүй ч Мянганы хүн хэмээн нэрлэгдэх эзэн Чингис хааны нутагт төрж өссийм гээд огшиж омогших, хаана ч байхгүй эрх чөлөө, байгалийн сайхнаар бахдаж бардамнах сэтгэл хүн бүрт төрдөг. Тэр утгаараа монголчууд гэлтгүй дэлхий дахинд,  эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавьж үзэхсэн гэж хүсдэг хэдэн зуун сая хүн бий гэхэд хэн ч маргахгүй биз. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймаг, Чингис хот, Дадал сум Дэлүүн болдог бол аялал жуулчлалын хувьд хамгийн эрэлттэй байх маршрутын нэг юм. Харин байгалийн сайхан цогцолсон энэ газар гадаад, дотоодынхонд үзэж харах зүйл хэр байгааг сонирхон сонжив. Ялангуяа, хэн бүхний зорьж ирдэг Чингисийн гэрэлт хөшөө, түүх домогт Есүхэй баатрын гэрийн буурь байсан гэгддэг Дэлүүн болдог орчимд түүх эргэцүүлэнхэн алхав.

Хэнтий аймаг руу хүлгийн жолоо  залсан гадна, дотны жуулчдын сэтгэлдээ тээж ирдэг  бодол хүсэл бол Ононгийн усыг амсч, Бурхан Халдунд бараалхах, Дэлүүн болдогт ажил үйлсээ даатгаад, Чингисийн гурван нуурыг нүдээр үзэх. Зам зууртаа Хэрлэнгийн хөдөө арал, Хар зүрхний Хөх нуур, Хорхунаг Жубур буюу Хурхын хөндий, алдарт Өглөгчийн хэрэм гэх түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхохыг хүсдэг. Байгалийн зохицлын хувьд Дэлүүн болдог, Чингисийн гурван нуур орчимдоо битүү нарсан ойтой, ойн төгөл дундаа Чингис хааны гэрэлт хөшөө бүхнийг тольдон  сүндэрлэж, урдхан талд нь  түүх домгийн өлгий болсон гурван нуур цэлийн харагдах нь зүй зохицлын хувьд сэтгэлд таатай санагдана. Хаашаа л харна, цэлийсэн том хашаанд чив чимээгүйхэн дүнсийх хуучны хэдэн дүнзэн байшингууд хотоос үнэхээр зайдуу, нам гүм тосгон шиг санагдах аж.

Харин хамгийн сонирхолтой нь “Чингисийн гэрэлт хөшөө”-нөөс өөр содон сонирхолтой бүтээн байгуулалтгүй энэ газар хол, ойроос ирсэн хэний ч сонирхлыг татах нэгэн музей байдаг гэлцэх юм. Сураг сонсвоос энд “Монголын нууц товчоо” бараг бүтнээрээ бий гэж сонсогдох нь ирсэн гийчдийн сонирхлыг эрхгүй татна.

Оройтож очсон бид өглөө эрт музей байрладаг даруухан дүнзэн байшинг зорьж очив. Нээрээ л үүдээр нь ороод баримтат кинон дунд ороод явчих шиг эсвэл хуучны нэгэн айлд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрөв. Бас нийтлэлийнхээ зочныг эндээс жинхэнэ олов. Шагдарын Янжмаа гуай түүх өгүүлсэн хүрэн дүнзэн байшинг өөрийн сонирхол, хүч хөдөлмөрөөрөө тордож, аймгийн төвийн музейд ч байхгүй ховор сайхан үзмэрүүдээр баяжуулж, олон хүнд Монголын түүх, монголчуудын соёлыг түгээж байгаа буянтай нэгэн юм.  Тиймээс “Та энэ музейн захирал уу” гэсэн асуултыг минь нэлээд нэрэлхэнгүй хүлээж авсан. “Хийж байгаа зүйл минь музейгээ тордож, өргөжүүлэх. Түүнээс хэн ч намайг ийм албан тушаал дээр томилоогүй шүү дээ” хэмээн даруухан хариулна лээ.

Мянганы түүх хүүрнэх хүрэн дүнзэн байшин

Хөдөө орон нутагт соёлын үрийг тарьж, бүхэл бүтэн Монголын түүхийг энэ хоёр давхар байшинд цуглуулж, одоо бүр байшин барилгадаа ч багтахааргүй ховор нандин үзмэртэй болсон эгэл хийгээд эгэлгүй хүнтэй энд таарсандаа сэтгэл учиргүй догд­лов. Музейн үүдээр ороход үнэхээр л цаг хугацааны эргүүлэгт орсон мэт сонирхолтой санагдсаныг хэлэх юун.

Дээврийнхээ мансардтай зайнд орчин цагийн үзмэрүүдээ төвхнүүлж, доод давхартаа эртний монголчуудын амьдрал ахуйтай холбоотой эд зүйлсээ байрлуулсан нь түүх сонирхон судалдаг хүнд бол энд үзэж харах юм тунчиг их байв. Монголчуудын эртний уламжлалт хэв маяг, нүүдлийн соёл ахуй, саяхан ан авд мордоод ирсэн мэт үнэг, чонын арьс өлгөөтэй, эзнээ хүлээсэн хааны сэнтий өмнөөс угтах нь аргагүй л эртний өнгө төрх аж. Мөн Чингис хааны сүрдэм дүр төрхийг илтгэсэн хөрөг өөдөөс ширтэх нь аргагүй л Гурван нуурын музей мөнөөс мөн гэлтэй. Мөн монгол үндэстнийхээ өвөрмөц онцлогийг харуулсан дээл хувцас, эсгий малгай байхаас гадна олон ястны өвөрмөц төрхийг илэрхийлсэн хувцас хэрэглэл, охид бүсгүйчүүдийн толгойн гоёл, үсний хавчаар, гар урлалын бүтээлийг хэрэндээ л бас уйгагүй цуглуулжээ.

Ш.Янжмаа гуайтай яриа дэлгэхийн өмнө музей доторх зүйлсийг тухтай сонирхов. Музейн үзмэрүүд их сонирхолтой юм. Дээрээс нь музейн үүдээр орж ирсэн хүн бүрт тэрээр үзмэрүүдээ нэг бүрчлэн тайлбарлан таниулах нь Монголын түүх судлаач эсвэл түүхийн багшаас дутахааргүй байв. Жишээ нь, эртний монголчууд ан авд бүргэд, шонхор харцага ашиглаж, ан ав үнэг, чоно, хярс, туулай бариулж, агнадаг байсныг дурдаад музейн хойморт өлгөсөн ангийн арьс, Монголын баялаг үүх түүхээс сонирхуулах нь ёстой л  Монголын нууц товчоонд өгүүлсэн түүх домог амилаад ирэх шиг болно.

Дадал сумын даруухан түүхч Ш.Янжмаа

Ш.Янжмаа гуай Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул гэнэ. Түүний хань ижил О.Насантогтох Ховдын Цэцэг сумынх. Хоёулаа геологич мэргэжилтэй, насны залууд гадаа гандаж, хөдөө хөхөрнө гэдэг шиг л явдаг байлаа гэж байв.

“Чингисийн гурван нуур” рашаан сувилал  1949 онд анх найман хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байж.  Харин гэр бүлийн хоёр 2002 онд өмч хувьчлалаар энэ газрыг авч,  одоог хүртэл үйл ажиллагааг нь давхар хариуцаад явдаг юм байна. Тэрээр гэр бүлээ танилцуулахдаа “Манайх дөрвөн сайхан хүүхэдтэй айл. Бид хоёрын үндсэн мэргэжил геологич. Тухайн үед геологи, уул уурхайн салбарын үүрэгт ажлаар зүүн аймаг, Хэнтий, Дорнодод томилогдон ирж ажиллаад, энэ нутаг устай анх ажил, амьдралаа холбож байлаа.  Өнөөдөр эндээ суурьшаад амьдарч байна. Энэ бол сайхан хувь тохиол юм. Энэ сайхан газрын үүх түүхийг хадгалж хамгаалахын сацуу байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газрын рашаан ус, уул усны энерги шингэсэн агаар усаар монгол түмнийхээ эрүүл энхийн төлөө сэтгэл зүрхээ шингээн хичээн зүтгэж явна. Миний бие энэ ажилд бага ч болов тус дэмтэй байх энэ музейн ажлыг санаачлан хийж, тордож томсгоод өргөжүүлэх юмсан. Илүү олон хүнд Монголынхоо түүх, соёлыг гайхуулж таниулах юмсан гэж хичээж явдаг юм гэж байв.

Ш.Янжмаа гуай өөрөө тун сүрхий түүх сонирхон судалдаг хүн юм байна. Хэлж ярихыг нь сонсвол бас ч үгүй багагүй мэдлэгээр өөрийгөө цэнэглэсэн нь  анзаарагдана. Жишээ нь, монгол үндэсний дээл хувцас, малгайн гоёлыг тайлбарлахдаа “Монгол хувцас нь малгай, дээл, ууж, хүрэм, хантааз, дотуур хувцас, гутал зэргээс бүрддэг.   Монгол дээл хувцас нь  хэдийгээр олон ястаны онцлогийг харуулах боловч Монгол орны цаг агаар, хүн ардын эрхэлж буй мал аж ахуй, амьдралын хэв маягийг өөртөө шингээсэн өргөн утга агуулгатай байдаг. Жишээ нь….” хэмээн цааш олон сонирхолтой мэдээлэл дуулгах нь эгээ л түүхийн багш гэсэн үг. Хоолойн өнгө нь телевизийн нэвтрүүлэгч шиг төв, цэгцтэй сонсогдох нь музей үзэж яваа хүнд баримтат кино үзэх шиг л сэтгэгдэл төрөх аж. Энд ирсэн хүмүүс музей сонирхоод зогсохгүй монгол үндэсний дээл хувцсыг өмсөж, Чингис хааны сэнтийд заларч зурагаа татуулах нь “Чингисийн нутаг”-т очоод ирсэн сэтгэл ханамжийг бүр ч өндөрт өргөдөг аж. Тиймээс л өөрийнхөө энэ тэндэхийн амбаар сав, айл өрхийн хувийн архиваас сонирхон цуглуулж, заримыг нь ч худалдан авч музейд байршуулсаар өнөөдөр түүний музей байгаа газраа бас багтахааргүй их үзмэртэй болжээ.

Зургаан ханатад багтсан Монголын түүх

“Монголчуудын түүх бол хүн төрөлхтний түүх” хэмээн Монголын түүхийг олон жил судалж буй  түүхч Д.Өлзийбаатар нэгэн удаа яриандаа онцолж байсныг тод санадаг юм. Үнэхээр л  тухайн улс түүх гэдэг улс орон оршин тогтнож байсны баталгаа болж байдаг үнэт зүйл. Тиймээс эх орны маань нэрийн хуудас болсон энэ музейг анх яагаад нээх болсныг асууж сонирхсон юм.

“…Манай нутгийг зорин ирсэн гадна, дотны жуулчид байгалийн сайханд аялж, амарч зугаалахын сацуу эрүүл мэндээ тордоод явдаг ч илүү сонирхолтой зүйлсийг үзэж хараад явахыг хүсдэг юм. Тийм болохоор анх гурван нуурын эрэг, энэ хавийн байгаль үзэсгэлэнтэй сайхан харагдах дэнж газрыг сонгож, зургаан ханатай гэрт энэ музейг нээж байлаа. Тэр үед их эзэн Чингис хааныхаа түүх, домогт тулгуурлаад Монголын үндэсний номын санд багахан судалгаа хийж, Чингис хааны хөрөг зураг, тухайн үедээ хүрэн зандан суудал сэнтийд заларч байсан гэдгийг судалж уншаад музейд хүрэн модон сэнтий хийлгэж, гэр музейгээ үүсгэн байгуулж байлаа.  Жил ирэх тусам үзмэрүүд маань нэмэгдэж, музейг гадна дотны жуулчид сонирхон үздэг болж, зургаан ханатай гэр музейгээ өргөжүүлэх хэрэгтэй болсон. Тэгээд энэ дүнзэн байшиндаа нүүн орж, музейг яг л үндэсний түүхийн музей шиг өргөжүүлэх гэж хичээсэн ”….хэмээн ярих нь буйд холын жижигхэн сумд, Монголоо гэсэн сэтгэл нуугдаж байгааг хараад эрхгүй бахархав.
 

Монголын үндэсний түүхийн музей 1924 онд байгуулагдсан байдаг.  Түүнээс хойш олон танхимыг шинээр нээж хүрээгээ тэлсээр одоо 10 танхимд музейн үзмэрүүдээ дэлгэн харуулдаг. Тухайлбал, Монголын эртний түүхийн танхим, уламжлалт хувцас, гоёл чимэглэлийн танхим, Монголын уламжлалт соёл, амьдралын хэв маяг, социализмын үеийн Монгол, Ардчилсан Монгол орон гэх мэт. Тэгвэл  Ш.Янжмаа гуайн бүтээн босгож яваа энэ музей улсын музейн жижигрүүлсэн хувилбар гэж хэлэхэд бараг л хилсдэхээргүй юм.

Нэг давхартаа эртний түүхийг өгүүлсэн зүйлстэй. Хоёрдугаар давхарт нь орчин үеийн түүхийг цогцлоожээ. Энд социализмын үед эдэлж хэрэглэж байсан эд зүйл олон байна. Тухайлбал, орос бичгийн машин, модон сампин, тухайн үед сүү цагаан идээгээ боловсруулж байсан хөнгөн цагаан бетон, сав суулга, саалийн хувин байна. Мөн 1960-1970-аад оныхон, түүнээс өмнөх үеийнхэн андахгүй сайн таних, цогны индүү, гагнуурын ширэн малгай, утасны аппарат, зургийн аппарат гээд олон зүйл байх аж. Мөн “Сүхбаатар, Ленин” хоёрын хөрөг баримал сүртэй нь аргагүй заларч харагдах нь ёстой л орчин цагийн Монголын түүхийг өгүүлэх аж. Мөн Монголд 1967 онд телевизийн салбар анх үүссэн гэж үзвэл тэр л цаг үеийн зурагтууд том жижгээрээ, өнгө загвараараа, хуучнаасаа шинэ хүртэл шинэчлэгдэн гарсан олон технологийн түүх энд бас өрөөстэй харагдана. Мөн эртний гэж хэлж болох радио, пянз тоглуулагч, зургийн аппарат нь он оноороо, загвар  загвараараа ярайж байв. Хамгийн сайхан нь энд ирсэн хүмүүс музейн үзмэрүүдийг сонирхон сонжихын хажуугаар “Манайд эмээ өвөөгийн эдэлж хэрэглэж ирсэн нэг ийм зүйл байдаг. Танд авчирч өгье. Танай музейд хадгалуулъя” гэж хэлээд хот, хөдөөгөөс барьж ирээд үзмэрийн тоог  нэмэх нь бас сайхан санагддаг хэмээн Ш.Янжмаа гуай хуучилж байв.

Түүний амьдралын түүх бас энд буй

Монголын түүхийг цогцлоосон энэ музейд түүний амьдралын түүх бас буй ажээ. Хэнтий аймгийн Дадал сумын “Чингисийн гурван нуур” рашаан сувилал 1949 онд анх найман хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байв. 1953 оноос үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүнээ өргөжүүлж, 1960-1970-аад оны үед 300-500 гаруй хүн хүлээн авч  Хэнтийн Дадал суманд байрлах Чингисийн гурван нуур рашаан гэхэд л олон хүнд танил дотно сонсогддог болжээ. Энэ л цаг үед ахмад ажилчдаа шагнаж урамшуулж байсан бичиг баримтууд, “Сайшаалын үнэмлэх”, “Хүндэт жуух” “Баярын бичиг” нь тэр л цагийнхаа үүх түүхийг өгүүлэн нүдэнд тусах нь бас содон юм. Музейн эзэн бидэнд “Хүндэт дэвтэр” хэмээн алтадсан өнгөөр бичсэн ширээ дүүрэм том зузаан  дэвтэр дэлгэн, тэнд  алдар нэрээ мөнхжүүлсэн сайчуулын тухай бас уншиж өгөв.

-1971 оны долдугаар сарын 10. Ардын хувьсгалын 50 жилийн ойн баярыг угтаж, бүх ард түмний социалист уралдаанд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, удаа дараалан гарамгай амжилт гаргасан, онц сахилга баттай ажилласан тогооч Цэдэнгийн Должинсүрэн таныг Онон гурван нуурын рашаан сувиллын газрын “Хүндэт дэвтэр”-т алдар­шуу­лан бичиж, хүндэтгэлийн гэрчилгээг 200 төгрөгийн хамт шагнаж урам­шуулав…” гэсэн сонирхолтой түүх ун­шиж өгөв. Хүндэт дэвтрийн хуудсыг эргүүлэх бүрт энд дарга нарын нэр тун цөөн гол төлөв мужаан, барилгачин, засварчин, тогооч гээд ажилдаа сэтгэл зүт­гэлтэй, санаачлагатай ажилласан ажил­лах хүчээ илүүтэй урамшуулан шаг­наж, хүндэт дэвтэртээ алдар нэ­рийг нь тэмдэглэн үлдээж байсан байх юм. Түүний өгүүлэх нь “Энд ирсэн гадна, дотны жуулчид дунд музейг минь гайхаж шагшаад сонирхоод үзэх ч хүн ирнэ. Бас “Аан янз бүрийн зүйл цуглуулсан л газар байна” гээд тоомжиргүйхэн гараад явах залуус ч бас байдаг” хэмээн ярьж байв. Мөн өнөөдөр Монголын залуус маань  эх түүхээсээ хөндийрч, бидэнд өвлөгдөж ирсэн энэ газар нутгийн эзэн гэдгээ умартаж, харь улсын  соёл шүтэж, даяарчлал нэрийн дор Монголын түүх, зан заншил ёс суртахуунаа гээж байгаад сэтгэл дундуур байдаг. Тиймээс л эх орны түүх ямар ач холбогдолтой, ямар чухал болохыг таниулах гэж хичээж суудаг юм гээд сэтгэлээ дэлгэв. Хамгийн сонирхолтой нь геологич хосууд 1974 онд анх айл гэр болоход байгууллагаас нь өгч байсан эртний хийцтэй модон сандлаа хүртэл музейд залж, амьдралын түүхээ бас энд хадгалсан гэж байв. Мөн ээжийнхээ, эмээгийнхээ  эдэлж хэрэглэж байсан, тухайн үедээ бэлтэй айлын хэрэглээ гэгдэж явсан эд зүйлс, аав ээжээс өвлөгдөж ирсэн судар ном, бурханы хөргүүд гээд түүний амьдрал, гэр бүлийн түүх тэр чигээрээ энэ музейд хад­га­лаг­даж байдаг аж. Тэрээр ярианыхаа төгсгөлд, “Би энэ түүхийг илүү арвижуулна. Хань ижил, үр хүүхдүүдтэйгээ хамжаад эхлүүлсэн болохоор түүх өгүүлсэн олон сайхан зүйлийг эндээ цуглуулсаар л байх болно” хэмээн инээмсэглэв. Мөн бидний яриа энэ хүрээд өндөрлөв. Да­дал суманд даруухан амьдрах ийм нэгэн түүхэн бүтээлтэй, өөрөө бас түүх болох хүмүүнтэй уулзав. Тэр үнэхээр л “Үнэний эрэлчин”, хайгуулчин бүсгүй юм.






 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Chingis haanii nomiin santaui bol?.... 2019-05-27 10:23:06
    Tyyheen sain medej olon niited yarih ni muzein hynii ariun yyreg sain bna!taniar talarhaj bna!ezen Chingisiin nytag tyl byh l chag yeiin Chingis haantai holboot...
  • иргэн 2019-05-27 05:32:54
    Утас нь хэд вэ