Н.Лүндэндорж дарга гавьяаныхаа амралтад гарлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж,  гавьяаныхаа амралтад гарчээ.

Түүний хувьд өнгөрсөн баасан гараг ажлынх нь сүүлчийн өдөр байсан бөгөөд пүрэв гарагт “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад хамгийн сүүлийн хичээлээ “Шүүхийн хараат бус байдал” гэсэн сэдвээр заасан юм.

Тэрбээр уг хичээлийнхээ талаар ярихдаа “Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаална гэдэг нь их өргөн хүрээтэй ойлголт. Хамгийн гол нь зөв, шударга ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Шүүгчийн хараат бус байдлыг албаны, хувийн гэж хуваадаг.

Албаны хараат бус байдлыг манай улс бараг дэлхийн түвшинд хангаж, хамгаалсан шүү. Түүний хэрэгжилтийг Шүүхийн ерөнхий зөвлөл хангаж ажиллаж байгаа. Харин хувийн хараат бус байдлыг шүүгч өөрөө хангах үүрэгтэй. Тэвчээртэй, зоримог, шударга, хууль дээдлэх, шуналгүй, зөв байх зэрэг хувийн зан чанараа шүүгч өөрөө л бүрдүүлнэ. Ийм зан чанартай, чадвартай хүнийг шилж олох нь манай үүрэг хэдий ч тийм хүнийг баараггүй олдог аргыг хүн төрөлхтөн бас нээгээгүй, эрж, хайсаар л байна” гэв.

Тэгвэл бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон  Н.Лүндэндоржийн багийн оронд томилогдох дарга нарын марафон удахгүй өрнөнө. Тодруулбал, 400 гаруй шүүгчээс сонгон шалгаруулах юм байна. Өөрөөр хэлбэл, дараачийн зөвлөлийг бүрдүүлэх шаардлага үүсч байна гэсэн үг юм.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 13.1.-т “Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно”  гэж заасан байдаг билээ.

Н.Лүндэндоржийн баг нь Шүүхийн захиргааны  тухай хуулийн дагуу томилогдсон хоёр дахь удаагийн томилгоо байсан. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нь гурван жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд нэг удаа  улиран сонгогдож болдог албан тушаал юм. Тиймээс Н.Лүндэндорж даргын хувьд нэг удаа улиран сонгогдсон байсан.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine