Эмийн ургамлыг хамгаалах, тарималжуулах шаардлагатай
Сүүлийн жилүүдэд байгалиас ихээр түүж, ашигласны улмаас вансэмбэрүү, их шүүдэргэнэ, алтан гагнуур, цагаан дэгд зэрэг эмийн ургамал ховордож байна. Тиймээс эмийн ургамал, түүнийг  хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, тарималжуулах хэрэгтэй гэдэгт өнөөдөр болсон "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэв.

Хэлэлцүүлэгт судлаач, салбарын мэргэжилтнүүд эмийн ургамлын ашиглалт, хамгаалалт, хууль бусаар бэлтгэх, тээвэрлэх зэрэг асуудлыг хөндсөн юм.

Монгол орны ургамлын нөөц баялгийн хомсдолд хүний хүчин зүйл, өөрөөр хэлбэл хэт ашиглалт сөргөөр нөлөөлж байна. Ой мод, ургамлын баялаг сүйдэж, тархац нөөц хомсдож, эмийн ховор ургамлыг хууль бус ашиглах, гадагш зөөх бизнес газар авч байна. Иймд эрэлт хэрэгцээ ихтэй, байгальд бэлтгэлийн нөөцгүй, тарималжуулах шаардлагатай ургамлын төрөл, зүйлүүдийг илрүүлэн тогтоож, тэдгээрийг тарих, улмаар тарималжуулах, хамгаалах, цаашид нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.



ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн магистр Н.Нямбаяр: Монгол оронд нийтдээ 2100 гаруй байгалийн гуурст ургамал ургадгаас 1100 нь эмийн ургамал юм. Үүнээс аж ахуй, үйлдвэрлэлд 200 гаруйг нь ашиглаж байна. Байгальд буй эмийн ургамлыг ашиглахын тулд эхлээд нөөцийг нь, дараа нь ашиглалтын ямар нөөцтэй вэ гэдгийг тогтоож, хаанаас хэдэн жилийн завсартай ашиглах вэ гэдэг төлөвлөгөө гаргах ёстой. Гэтэл өнөөдөр нөөцийн судалгаа хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд монгол орны хэмжээнд ашиглаж буй 200 зүйл ургамлын зөвхөн 5 зүйл ургамлын нөөцийг тогтоосон. Үүнээс гадна зөвхөн үндсийг нь ашиглаж буй ургамалд таван жил тутамд мониторинг хийх хэрэгтэй. Монгол орны ховор, ховордсон ургамлын ихэнх нь эмийн ач холбогдолтой 600-700 зүйл ургамал багтаж байна. Сүүлийн жилүүдэд аж ахуйн хэрэглээ өсч, байгалиас ихээр түүж, ашигласны улмаас вансэмбэрүү, их шүүдэргэнэ, алтан гагнуур, цагаан дэгд зэрэг ургамал ховордож байна. Нэн ховор ургамлыг БОАЖЯ-наас түүж ашиглахыг хориглосон. Байгальд ховордож буй нэн ховор ургамлыг цаашид тарималжуулах хэрэгтэй. Үүний тулд судалгааны үндэслэлтэй, хамгийн зохистой усалгааны систем бүхий шинэ, дэвшилтэт, экосистемд ээлтэй технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Тухайн зүйл ургамлын биологи, ургах орчин, ургаж буй бүс бүслүүр, нөхөн сэргээгдэх байдлыг үндэслэн зөв технологийг боловсруулж нэвтрүүлэх нь манай улсад ач холбогдолтой.  Уул уурхай ашиглалт, зам харгуй, малын бэлчээр, газар тариалан зэргээс болж байгалийн ургамал устаж байна. Тиймээс ховор ургамал бүхий газрыг тухайн орон нутаг улсын хамгаалалтад авах хэрэгтэй. 




ЭМЯ-ны уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбарын зөвлөх, анагаах ухааны доктор, профессор З.Мэндсайхан: Бид жилд 400-аад тэрбум төгрөгийн эмийн хэрэглээтэй. Үүний 99 хувийг гаднаас авдаг. Үндэсний эмийн үйлдвэрлэгч хэдэн үйлдвэр бий ч түүхий эдээ авчирч, баглаа боодлыг савладаг болохоос түүхий эдийг үйлдвэрлэдэггүй. Уламжлалт эм хүний биед зохицсон, байгалиас шалгарсан тул эмийн хэрэгцээ өсөх ёстой. Гэтэл уламжлалт эмийн үйлдвэрлэл өнөөдөр 400 тэрбум төгрөгийн 1-2 тэрбум төгрөгийг л эзэлж байна. Учир нь эмийн найрлагад ордог дотоодын ургамлын нөөц устаж алга болж, ховордож байна. Эмийн ургамал ургадаг хөндийд уул уурхайн компаниуд замбараагүй үйл ажиллагаа явуулж, улаан хөрс болгон хаяж байна. Иймээс үүнээс гарах зам бол засгийн түвшинд бодлогоор зохицуулж, тарималжуулах хэрэгтэй. Уламжлалт эм тан үйлдвэрлэхэд дотоодын түүхий эдийн нөөц хүрдэггүй. Уламжлалт эмийн үйлдвэрлэл эрхэлж буй 7-8 аж ахуйн нэгж 100 мянган хүний хэрэгцээг хангаж чадахгүй байна. Гол шалтгаан нь дотоодын түүхий эд болох чихэр өвс, гоньд хүртэл ховордсон. Эдгээрийг тарималжуулж байж дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, улмаар гадагш экспортлох боломж бүрдэнэ.



Цагдаагийн ахмад А.Манлай: Сүүлийн таван жилийн тоон судалгаанаас үзэхэд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг 2015 онд 14, 2016 онд 17, 2017 онд 42, 2018 онд 19, энэ онд одоогийн байдлаар 4 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр их хэмжээгээр гаргах гэж байгаад баригдсан тохиолдол бүртгэгдсэн. Мөн барагшуун бэлтгэдэг түүхий эдийн зүйл болон гоёо ургамал хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг цөөн тоогоор бүртгэгдсэн. Гэмт хэрэг үйлдэж буй шалтгаан нь улсын хилээр нэвтрүүлж ашиг олох зорилготой. Монгол орон байгалийн ургамлыг экспортлогч орон болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоохын тулд улсын хилээр гаргаж байгаа асуудалд хяналт тогтоох хэрэгтэй. Гоёо, хар өвс зэрэг нэн ховор ургамлыг хилээр гаргахыг хориглосон нөхцөлд л ургамлын хууль бус худалдаа, гэмт хэргийг таслан зогсоох боломжтой. Бүртгэгдээгүй нь маш их байгаа. Иргэд мэдээлэхгүй зөвхөн цагдаа болон гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар илэрч байгаа.

Хэлэлцүүлгээс эмийн ургамлыг цаашид зохистой ашиглах, хамгаалах талаар зөвлөмж боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.