“Электорат” хөдөлгөөнийхөн ирэх оны сонгуульд зөв хүнийг дэмжиж гаргаж ирнэ
Хууль тогтоох төрийн дээд байгууллагыг мафижсан бүтэц бүрэлдэхүүнээс нь чөлөөлөх алхмыг хийх зорилготой, “Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн дор нэгдсэн “Электорат” хөдөлгөөний II чуулган өчигдөр амжилттай болж өнгөрлөө.

Уг хөдөлгөөнд Монголын төр, нийгмийн, олны итгэлийг хүлээсэн соёл, урлагийн олон зуун зүтгэлтэн нэгдсэн байв.
Энэхүү хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд, нэр дэвшүүлэх субьект биш. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх, бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой юм.
Улмаар бие даан нэр дэвшигчдийн дундаас олон түмний шалгуурт нийцсэн хэсгийн шалгаруулан дэмжих үүргийг тус хөдөлгөөн хүлээгээд байна.

“Электорат” хөдөлгөөн нь өнгөрсөн гуравдугаар сард албан ёсоор байгуулагдаж, хөдөлгөөний 60 гаруй гишүүд хамтын тунхаг бичигт гарын үсэг зуржээ.

Тус хөдөлгөөнийг Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн сайд асан С.Оюун, хамба лам Д.Чойжамц, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нийтлэлч Б.Баатар нар санаачилжээ.

Тус хөдөлгөөнөөс өнгөрсөн хоёр сарын хугацаанд иргэдийн дунд судалгаа явуулжээ.

Монгол Улсын өнцөг булан бүрийн 1580 хүнээс судалгаа авчээ. Хэнтий аймагт болох гэж байгаа нөхөн сонгууль дээр үндэслэж, ирэх оны сонгуулийн өнгийг тодорхойлсон. Судалгаагаар иргэдийн 83 хувь Монгол Улс төрийн хямралтай байна гэсэн бол 73 хувь нь улс төрд шинэ боловсон хүчин буюу гуравдагч хүчинг дэмжинэ гэжээ.

Мөн Оюутолгойн гэрээг цуцлахыг 45 хувь нь эсэргүүцсэн бол ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг 86 хувь нь дэмжсэн байна. Түүнчлэн улстөрчдийн рейтингээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж, ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнэ удаалсан байна.

Ерөнхийлөгч 42 хувь, Хууль зүйн сайд 33 хувь, УИХ-ын дарга 32 хувь, УИХ-ын гишүүн Лу.Болд 31 хувь, Нийслэлийн Засаг дарга 28 хувь, МАХН-ын дарга 25 хувь, ЕТГ-ын дарга 24 хувь, АН-ын дарга 14 хувийн санал авчээ.

Төрийн хулгайч нарыг цөөлцгөөе



Нийтлэлч Б.Баатар “Энд яриад буй “Электорат” бол АНУ-аас ялгаатай, зөвхөн “Зөв хүмүүсийг зохион байгуулалттайгаар бие даан нэр дэвшүүлэх” хэмжээний электорат юм. Тэднийг нэр дэвшүүлэн дэмжигч, ард нь байгаа баталгаа нь улс төрийн нам биш, харин олон түмний итгэл найдварыг өнөө болтол хадгалж яваа нэр хүндтэй хүмүүсийн сайн дурын эвсэл байна гэсэн санаа. Өөрөөр хэлбэл, төрийн хулгайч нарыг цөөлцгөөе. Төрийн эрх баригчдын доторх эзлэх хууль зөрчигчдийн тоог огт үгүй болгож чаддаггүй юм гэхэд цөөлөх. Нэгэнт улс төрийн намуудын нэр хүнд унасан энэ тохиолдолд тэдний хүртэж чадахгүй суудлыг  эмх замбараагүй байдлаар талын нэг тараачихгүйн тулд бие даан нэр дэвшихээр шийдсэн хүмүүсийг аль болох төвлөрүүлэх. Нэр дэвшигчийг олон түмнээр хэлэлцүүлэн ил тод байдлыг эрхэмлэх төдийгүй, сонгууль болгоноор нэр дэвшигчид сонгогчиддоо хэлдэг улиг болсон үл бүтэх хий хоосон амлалтыг биш, хувь хүнийхээ хувьд ямар зарчим болон ёс суртахуунтай байх андгай тавиулах юм” гэлээ.

Эх орноо гэсэн сэтгэлтэй зөв хүмүүс гарч ирнэ гэдэгт итгэж байна
 
Жавзандамба хутагт төвийн тэргүүн Гавьж Д.Нямсамбуу “Надад өөрийн гэсэн байх суурь бий. Гагцхүү түүнийгээ энд илэрхийлэх эсэхдээ эргэлзэж байна. Эх орны маргаашийн сайн сайхны төлөө санаа зовнидог энгийн иргэний хувьд зүг чиг олох гэж та бүхэнтэй нэгдсэн. Үнэнийг хэлэхэд надтай ижил, зүг чигээ олохгүй, улстөрчид, намуудын гоё, сайхан ярианд автагдахаа больсон хүн олон гэж бодож байна. Энд эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс ирсэн гэдэгт итгэж байна” гэв.
Маш зөв ажил эхлүүлсэн байгаа

ҮХЦ-ийн дарга асан Ж.Амарсанаа “Энэ хөдөлгөөний хийж байгаа ажил буруудахгүй. Маш зөв ажил хийж байна. Маш зөв, шударга хүнийг УИХ-д сонгох ёстой. Одоогийн бүх намд иргэд сонгогчид дургүй байгаа нь судалгааны дүнгээс харж болох нь. Бид энэхүү үйл ажиллагааныхаа төлөө хууль шүүхийн байгууллага тэр туссаа Үндсэн хуулийн цэцэд дуудагдана гэж айх хэрэггүй. Цэц дээр очих асуудал биш ” гэв.
 
Зөв шударга хүнийг сонгоно



УИХ-ын гишүүн асан З.Алтай “2020 оны сонгуульд бидний өмнөөс төр барих, зөв шударга хүнийг сонгоход бид зөв дүгнэлт гаргаж, тэднийхээ өмнөөс дэнчин тавьж, ард иргэддээ тэдгээр хүмүүсийг сонгох саналыг тавина. Бидний ирээдүй хүүхдүүд болон маргаашийн амьдралд хэрэг болох хүмүүсийг сонгох ёстой” гэв.
 
Гайгүй сайн 10 хүнийг гаргахын төлөө ажиллана


 
Гадаад явдлын сайд асан Ц.Гомбосүрэн “Бид нэр дэвшүүлэн УИХ-д 76 хүн гаргаж ирээд бүх зүйл шинэ сайхан болчихгүй. Ямар ч гэсэн гайгүй сайн 10 орчим хүнийг  УИХ-д гаргахын төлөө ажиллана. Зөв хүмүүсийг зохион байгуулалттайгаар нэр дэвшүүлэхээр зорьж буй бидний үйл ажиллагаа эрх биш ээлжилж төр барьсан том гэгддэг намууд ирэх сонгуульд гайгүй сайн нэр хүндтэй, олны итгэл хүлээсэн хүмүүсээ л өрсөлдүүлэх сэдэл болно гэдэгт найдаж байна. Энэ хөдөлгөөний үр дүнг үзэхийн төлөө явна” гэлээ.
 
Увайгүй улстөрчдийн идэж, уусныг харж ханалаа
 
УИХ-ын гишүүн сайд асан С.Оюун “Намууд улс эх орныг авч чадахгүй байна. Увайгүй улстөрчдийн идэж уусныг харж, ханалаа. Өнөөдөр төрийн тэргүүнийг зөв аваад явчих хүмүүсийг судалгаагаар гаргаж ирж дэмжинэ. Санал авсан хүмүүсийг ард түмнээр хэлэлцүүлэх ёстой. Тийм хүмүүсийн гаргасан бодлого ард түмэнд таалагдах бол санал авах байх” гэв.





О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus