Хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэр бүлийн судалгааг гаргана гэв
“Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Тус зөвлөгөөний төгсгөлд дараах зөвлөмжийг гаргасан юм.
Уг зөвлөмжид “Нэг. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар:
1/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж байгаа “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендерт суурилсан хүчирхийллийн асуудал” сэдвийг насны онцлогт тохируулан, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулж боловсруулах, сургалтын арга барилыг боловсронгуй болгох;
2/Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хүүхдийн нас, хөгжлийн үе шатуудад тохируулж “Хүчирхийллийг ялгаж, танин мэдэх тухай боловсрол олгох” нэгдсэн хөтөлбөр боловсруулж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт мэргэжлийн сэтгэл зүйч, охидын эмч ажиллуулах;
3/Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа улсын болон орон нутгийн төсвөөр сургууль, цэцэрлэг, дотуур байрыг камержуулах үйл ажиллагааны явцыг сайжруулж, тухайн нутаг дэвсгэр дэх цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн системд холбуулах;
4/Хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшлийг дэмжих, хүүхэд хамгаалах чиглэлийн зардлыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төсөвт тусгаж, хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүүхдийн зуслан, хүүхдийн урлагын ордон, хүүхдийн спортын ордон зэрэг дэд бүтцийг сэргээх, шинээр бүтээн байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
5/Гэмт хэрэг, зөрчлөөс урдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын зүгээс онцгой анхаарч, шаардлагатай төсвийг баталж, дэмжлэг үзүүлж ажиллах;
6/Хүүхдийн бэлгийн бойжилт, бэлгийн замын халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх үзлэгийг өрхийн эмнэлгээр дамжуулан тогтмол явуулах, өрхийн эмнэлгүүдийг цахимжуулах;
7/Эмзэг бүлгийн болон хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй гэр бүлийн судалгааг нарийвчлан гаргаж, урдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
8/Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийг өмгөөллийн үйл ажиллагаагаар бүрэн хангах;
9/Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй, баталгаатай үзүүлэх байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, шаардлагатай техник тоног төхөөрөмж болон мэргэшсэн хүний нөөцөөр хангах;
10/Хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид сэтгэл санааны нөхөн төлбөр олгох талаарх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавих;
11/Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хүүхдийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, 108 төв, 107 төвийн үйл ажиллагаанд шаардлагатай машин техник болон хүний нөөцөөр хангах;
Хоёр.Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар:
1/Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон хүүхдийн эрх ашиг хөндөгдсөнтэй холбоотой бусад хууль тогтоомжид ялын бодлогыг чангаруулж, хууль зүйн хариуцлагыг нь нэмэгдүүлэх талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт албадан химийн тариа хийх,  бүх насаар нь хорих зэрэг бусад улс орны жишээг судлан, хуулийн төсөл, санал, дүгнэлт боловсруулах;  
 2/Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийн агуулгыг хүүхдийн насны ангилалд тохируулан ялгамжтай, оновчтой тодорхойлох, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө хүүхдийн насны ангилалд тохирох тэмдэг, тэмдэглээ хийх зохицуулалтыг бий болгох, хүүхдийн хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг зориуд түгээхтэй холбоотой хууль бус үйлдлийг шуурхай таслан зогсоох, шалган шийдвэрлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлэх;
3/Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх дугуйлан, секц, клуб, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх, хүүхдэд зориулсан, тэдгээрийн насны ангилал, сэтгэл зүй, оюун санааны хөгжилд нийцсэн, тэдгээрт эерэг төлөвшил бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, мэдээлэл, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих” гэсэн байна.
 

П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-05-23 10:28:21
    нөгөө баян гэр бүлүүд улс орноор нь хүчирхийлж байхад тэднийг цаазанд илгээгээч