
.jpg)
Нийслэлийн зарим дүүргийн хороодыг хуваана
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” танилцуулгыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирлагын хэлтсийн дарга Ү.Ганболд зөвлөлийн гишүүдэд хүргэлээ.
Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан нийслэлийн дүүргүүдээс 27 хороог хувааж, шинээр 27 хороог байгуулах, 9 дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал ирүүлснийг уламжлав.
Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн 11-н хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороодыг хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтож, уг асуудал Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг асуудал дэмжигдэж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлагдахаар болсон юм. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна гэж хотын Захирагч С.Амарсайхан хуралдааны үеэр онцолж хэлэв.
Сайжруулсан түлшний түгээлт, борлуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлаар хэлэлцлээ
Хуралдааны төгсгөлд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хүрээнд хийгдэж буй ажлын товч танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.
Тогтоолын хүрээнд хийгдэж буй ажлын явц болон хөрөнгө оруулалтын асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн юм. Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нүүрсээр галладаг 56 барилгын 33 зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох дөрвөн багц ажил хийгдэж байна. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16-100кВт хүртэлх хүчин чадалтай ус халаах зуух ашигладаг 2397 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нар, салхи, газрын гүний дулааныг ашиглах, стандартын шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж хэрэглэхийг уриалсан албан мэдэгдлийг дүүргүүдийн Засаг даргын тамгын газартай хамтран мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллаж байгаа аж. Захирагчийн ажлын албаны зүгээс бага оврын болон гэр зуух ашиглаж халаалт дулаанаа шийддэг, түүхий нүүрс түлдэг 2397 байгууллагын асуудлыг хариуцан шийдвэрлэх саналыг Захиарагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр зөвлөлд илэрхийлж тэр дагуу шийдвэрлэхээр боллоо.
Түүнчлэн “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс гарсан сайжруулсан түлшийг төвлөрүүлсөн цэг болон жижиглэн худалдааны цэгүүдэд хүргэх шаардлагатай тээвэрлэлтийн зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэв.
Эдгээр асуудлаар Засаг даргын зөвлөлийн гишүүд хугацаа сунган нухацтай хэлэлцэж, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг дахин боловсруулж, танилцуулахыг ажил хариуцсан албан тушаалтан, агентлагт чиглэл болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс