Ой тогтоолтын тэмцээнд монголчууд багаар тэргүүллээ

Энэ амралтын өдрүүдэд үргэлжилсэн Гонконгийн Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд 10 орны 72 тамирчин бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 10 тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд 2, дунд насны ангилалд 8 тамирчин) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож дунд насны ангилалд дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба багийн дүнгээр 16987 оноо авснаар Монголын тамирчид тэргүүллээ.

Тамирчин нэг бүрийн амжилтыг сонирхуулахад:

Насанд хүрэгчдийн ангилал

1) Их Мастер Ө.Сэнгэсамдан (22 нас) 2 алт, 5 мөнгө, 1 хүрэл нийт 8 медаль хүртэж 6337 оноогоор насанд хүрэгчдийн ангилалд болон нийлбэр дүнгээр тэргүүлж 2 цом хүртлээ. Мөн дэлхийн чансаанд энэ оноогоор 9 дүгээр байрт бичигдсэнээр 2000 гаруй тамирчдаас шилдгүүдийн бүс буюу TOP 10-т багтсан юм. Тус тэмцээн дээр гаргасан түүний амжилтаас дурдвал хөзрийн хурдны төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 33,88 секундэд, хоёртын тоолол төрөлд 30 минутад 3015 цифр, 30 минутын олон багц хөзрийн төрөлд 13 багц хөзөр тогтоож алдалгүй нэрлэж аваргаллаа.
2) Их Мастер С.Цогбадрах (22 нас) 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл нийт 5 медаль хүртэж 5682 оноо авснаар нийлбэр дүнгээр 3-р байрт орж дэлхийн чансаанд 13-т бичигдлээ. Мөн насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтооход ердөө тус бүр 10 цифр дутлаа. Түүний хувьд 5 минутын “Тооны марафон” төрөлд 492 цифр, 30 минутын цифр тогтоох төрөлд 1468 цифр тогтоон алдалгүй нэрлэснээр эдгээр төрлүүдэд дэлхийн чансаанд 3 болон 2-р байрт бичигдсэн юм.

Дунд насны ангилал

1) Өнгөрсөн жил буюу 15 насандаа Их Мастерийн болзол хангаж байсан Ц.Бат-Эрдэнэ (16 нас) 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 7 медаль хүртэж 4977 оноогоор дунд насны ангилалд нийлбэр дүнгээр түрүүлж ерөнхийгөөр 5-р байр эзэллээ. Түүний амжилтаас дурдвал Тооны Марафон-Хурд төрөлд 5 минутад 340 цифр мөн 30 минутын цифр цээжлэх төрөлд 1094 цифр цээжлэн алдаагүй санаж дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
2) Энэ жилийн Филиппин болон Энэтхэгт болсон тэмцээний аварга Э.Энхмөнх (16 нас) 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж 4636 оноогоор дунд насны ангилалд нийлбэр дүнгээр дэд байр эзэллээ. Тэмцээний хамгийн сүүлийн төрөл болох Хөзрийн хурдны төрөлд нэг багц буюу 2 ширхэг хөзрийг ердөө 27 секундэд тогтоон алдалгүй эргэн санаснаар дунд насны ангилалд урьд өмнө нь өөрийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр энэ төрөлдөө дэлхийн чансаанд 2000 гаруй тамирчдаас 4 дүгээрт бичигдлээ.
3) Анхны олон улсын тэмцээнд оролцож буй Н.Түвшинтөгс (14 нас) 4 мөнгөн медаль хүртэн бусад төрлүүддээ жигд байж 4130 оноогоор дунд насны ангилалд нийлбэр оноогоор 3 дугаар байр эзэллээ. Мөн Н.Түвшинтөгс Монголын Спорт Өрөлтийн багийн шилдэг тамирчин юм.
4) Анхны олон улсын тэмцээнд оролцож буй Э.Пүрэвжав (15 нас) 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 5 медаль хүртэж 3992 оноогоор дунд насны ангилалд 4 дүгээр байр эзэллээ. Мөн Э.Пүрэвжав Монголын Спорт Өрөлтийн багийн шилдэг тамирчин юм. “Баганан үгс” төрөлд дэлхий дээд амжилтыг эвдэхэд цөөхөн оноо дутлаа.

5) Анхны олон улсын тэмцээнд оролцож буй хоёр эмэгтэй тамирчны нэг А.Анударь (15 нас) 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж бусад төрлүүддээ жигд байж 3666 оноогоор дунд насны ангилалд нийлбэр оноогоор 5 дугаар байр эзэллээ. Түүний хувьд 30 минутын олон багц хөзөр цээжлэх төрөлд 8 багц хөзөр цээжлэн санаснаар энэ төрөлдөө тэргүүлж ерөнхийгөөр 3 дугаар байрт орсон юм.
6) Өнгөрсөн жил Англид зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бага насны ангилалд 5 медаль хүртэж нийлбэр оноогоор 2 дугаар байрт орж байсан Г.Тэмүүлэн (14 нас) энэ жил дунд насны ангилалд өрсөлдлөө. Түүний хувьд “Хоёртын тоолол” төрөлд 30 минутын хугацаанд 2304 цифр тогтоон алдаагүй санаснаар 1 хүрэл, “Хийсвэр зураг” төрөлд 168 зураг алдаагүй санаснаар мөн 1 хүрэл медаль хүртлээ. Бага наснаас дунд нас руу шилжиж орсон анхны тэмцээн нь боллоо.
7) Энэтхэгийн ой тогтоолтын тэмцээний дунд насны ангилалд нийлбэр дүнгээр 3 дугаар байр эзэлж байсан Т.Энхжин (16 нас) энэ удаа “Хийсвэр зураг” төрөлд 1 алтан медаль хүртлээ. Түүний хувьд 5 төрөл тус бүрт 4-р байрт орж медалийн үзүүрээс атгаад алдлаа.
8) Багийн хоёр дахь эмэгтэй тамирчин Б.Халиун (14 нас) “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 1 алтан медаль, “Баганан үгс” төрөлд хүрэл медаль хүртлээ.

Манай дунд насны ангилалд өрсөлдсөн 8 тамирчин 10 төрлийн нийт 30 медалиас 28 медалийг хүртсэн маш өндөр амжилтыг үзүүллээ. Өнөөг хүртэл оролцсон бүх тэмцээний дунд насны ангилалд ихэнх медалийг хүртэж дэлхийн дээд амжилтын 80%-ийг Монголчууд эзэмшиж байна.

Дунд насны ангилалд өрсөлдсөн тамирчдыг уйгагүй бэлтгэж сэтгэл зүрхээ зориулан сайн ажилласан багш, дасгалжуулагч Б.Баасандоржид халуун баяр хүргэе.

Бид бүхнийг ийм сайхан амжилт гаргахад дэмжиж тусалсан академийн хамт олон, тамирчдынхаа гэр бүлийнхэндээ болон онлайн орчинд өдөр бүр дэмжиж урмын үгсийг харамгүй илгээж байсан нийт Монголчууддаа талархлаа.

Энэ оны 12 сард БНХАУ-ын Хайнан аралд болох 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох боломжтой гэдгээ манай тамирчид харуулаа.

Монголын Оюун Ухааны академийн Захирал,
ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа 2014-09-15 05:49:48
    Та бүхэндээ улам их амжилт гаргах ерөөл дэвшүүлэе
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛХҮҮ 2014-09-15 04:31:09
    ХАРИН СЭТГЭН БОДОХ ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ХААНАХ ТҮРҮҮЛСЭН БЭ???
    202.179.14.37
    Мэдэгдсэн Хариулах