Хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд "нээлттэй"

Чингис хааны нэрэмжит төв талбайд өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь энд Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж иргэдэд төрийн үйлчилгээг газар дээрээс нь нээлттэй, шуурхай үзүүлж байгаа юм.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өдөрлөгийг нээж “Хууль зүйн яамны зүгээс хууль зүйн шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах үйл ажиллагааг олон нийтэд түшиглэсэн, иргэний хяналтын дор иргэндээ үйлчилдэг болгох, хил хамгаалах байгууллагыг мэргэшүүлэх гэх мэт олон ажлыг зохион байгуулж байгаа. Хууль зүйн яамны харьяа байгууллага, агентлагууд өнөөдрийн өдөрлөгөөр өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах иргэддээ төвөг багатай хурдан шуурхай, хүнд сурталгүй, хүртээмжтэй үйлчилгээг бий  болгох шинэ төрлийн арга барилуудаасаа танилцуулах гэж байгаа юм. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын зүгээс Олон нийтийн цагдаа, “School police”, жуулчдад зориулсан “Оюутан цагдаа” хөтөлбөрүүдийг иргэддээ түшиглэж, иргэдийнхээ чадавх бололцоон дээр хамтран ажиллаж, Монгол Улсад хуулийн засаглалыг тогтоох хүний эрхийг хамгаалах, иргэдийнхээ аюулгүй амгалан тайван байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлж байна” гэж хэлсэн.

Нээлттэй хаалганы өдөрлөгт Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Архивын Ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөний ерөнхий газар, Улсын бүртгэлийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын нотариатчдын танхим болон энэ онд шинээр байгуулагдсан хоёр агентлаг болох Тахарын Ерөнхий газар, төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх “Хууль зүйн туслалцааны төв” гэсэн байгууллагууд оролцож байна.

Цагдаагийн Ерөнхий газрын Лицензийн төвийн асарт жолооны эрхээ сэргээлгэх, хаясан, гээсэн үнэмлэх захиалах гэсэн иргэд үйлчилгээ аваад зогсохгүй, зарим иргэн жолооны тест бөглөн шалгалт өгч байв. Тус төвөөс иргэдийн жолоодох эрх үнэмлэхийн лавлагаа, хаясан гээсэн үнэмлэхийн лавлагаа өгөх, захиалга өгөөд авч амжаагүй байгаа жолооны үнэмлэхүүдийг тараах. Хуульд заасан хугацаагаар эрхээ хасуулаад уг хугацаа дууссан иргэдээс газар дээр нь шалгалт авч эрхийг нь сэргээж үнэмлэхийг олгож байна. Мөн галт зэвсэг, тусгай дуут дохиотой холбоотой зөвшөөрлийг олгох, иргэдэд мэдээлэл өгөх гээд Линцензийн төвийн үйлчилгээг бүрэн хүргэж байна.

Харин Архивын Ерөнхий газраас иргэдэд зориулан 1933, 1956 оны хүн амын тооллогын цахим мэдээллийн сангаас лавлагаа олгож байгаа юм. Мөн хүмүүсийн нэрийг муутуу цаасан дээр монгол бичгээр бичиж өгөх, тусгай төрлийн кино, гэрэл зургийн дээжээс үзэсгэлэнд дэлгэж олон нийтэд сонирхуулах зэрэг сонирхолтой үйл ажиллагааг ч явуулж байгааг тус газрын Мэдээлэл үйчилгээний удирдлагын газрын дарга Д.Батжаргал ярилаа.

Энэ онд Хууль зүйн яамны бүрэлдэхүүнд шинээр хоёр агентлаг нэмэгдсэний нэг нь УИХ-аар Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдсанаар байгуулагдсан Хууль зүйн туслалцааны төв юм. Тус төвөөс өнөөдөр иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шууд өмгөөлөгч томилж өгөх, бүх салбар чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид иргэдэд  хууль зүйн тусламж зөвлөгөө үзүүлж байгаа аж. Улсын хэмжээнд 33 салбартай Хууль зүйн туслалцааны төв нь хагас жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа 1300 төлбөрийн чадваргүй иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн бол 3500 орчим иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.

Мөн шинэ агентлаг болох Тахарын Ерөнхий газар иргэдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, ажлын байрны зар түгээх буюу тахарын албанд ажиллах сонирхолтой иргэдийн өргөдлийг хүлээн авах ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна. Тус алба нь чиг үүргийнхээ дагуу улсын хэмжээнд бүх шүүхийн байруудыг хамгаалалтад аваад байгаа ба мөрдөн шалгах чиглэлээр ажиллаж 10 гаруй хүнийг шалгаж холбогдох газруудад хүргэжээ. Түүнчлэн гэрч хохирогчийг хамгаалах чиглэлээр 27 хүнд туслалцаа үзүүлсэн байна. Ирэх 10 дугаар сарын 1-ээс Гадаад улсад ялтан шилжүүлэх ажлыг явуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж буй гэнэ.

Улсын бүртгэлийн газрын хоёр асрын үүдэнд хамгийн урт дараалал үүсчээ. Гадаад паспорт захиалах, шинээр захиалсан иргэний үнэмлэхээ авах зэрэг тус газраас үзүүлдэг бүх үйлчилгээг энд өгч байгаа болохоор иргэд олноор үйлчлүүлэх нь аргагүй.  Харин шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн өөрийн үйл ажиллагаагаа сурталчилах болон иргэдийн гарын хээний дардсыг үнэгүй авч өгөн дурсгал болгох, цусны бүлгийг үнэ төлбөргүй тодорхойлж өгч байгааг олон нийт сонирхон үйлчлүүлж байв.

Хил хамгаалах Ерөнхий газар үйл ажиллагаагаа сурталчилаад зогсохгүй архивын лавлагаа өгөх болон эх орныхоо хил дээр очиж үзэх сонирхолтой зөвшөөрөл хүссэн иргэдэд хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг олгож байлаа.  Харин Хууль зүйн үндэсний хүрээлэн иргэдэд шаардлагатай хуулийг нь үнэ төлбөргүй хэвлэж өгөх, хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилго хураамж болон бусад номыг хямдралтай зарах гэх мэт үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Мөн "Өргөдөл, гомдол хүлээн авах" гэсэн хаягтай тусгай асарт Хууль зүйн яамны харьяа бүх агентлагийн төлөөллүүд сууж, иргэд олон нийтээс өөрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч байлаа. Түүнчлэн ШШГЕГ-аас өөрийн үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэхийн сацуу хүмүүжигчдийн хийсэн бүтээлийг дэлгэж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож жолооны тестийн шалгалт өгч шууд дүгнүүлээд үнэмлэхээ авч байгаа болон шинэ үнэмлэхийн захиалга өгч буй жолооч нар, гадаад паспортын захиалга өгч байгаа, захиалаад авч амжаагүй байсан иргэний үнэмлэхээ авсан хүмүүс, ажлаа амжуулахынхаа хажуугаар гарын хээний дардсаа авч буй иргэд гээд нээлттэй өдөрлөгт оролцсон, үйлчилгээ авсан олны сэтгэгдэл өндөр байлаа.

Ийнхүү иргэн танд хаалттай мэт санагддаг байсан байгууллагууд өнөөдөр нээлттэй ажиллаж, өөрсдийн үйл ажиллагаагаа иргэддээ ойрхоноос хүргэж байна. Та өнөөдөр 17.00 цагаас өмнө төв талбайг зорьж, хууль сахиулах, хил хамгаалах байгуулагуудаас авах шаардлагатай, хэрэгтэй байгаа үйлчилгээгээ нээлттэй аваарай.





























Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-15 03:14:22
    Жинхэнэ тэнэг хүн шүү. Өөрсдийнхөө ажилтнуудаа үзүүлэх эмнэлэггүй болгочихоод ямар нүүрээрээ олны өмнө гарч үг хэлж чадаж байна. Цаг наргүй ажилладаг ажилчид нь очер дугааргүй үзүүлчихвэл бас л нэг нийгмийн асуудлыг нь шийдэж байгаа хэрэг шүү дээ. Энэ АН
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах