МАН-ын сөрөгчид Монголыг “муу байх тусмаа” сайн гэнэ
Монгол Улсын гадаад худалдаа нь дэлхийн зах зээл, ялангуяа БНХАУ-ын зах зээлээс үндсэндээ бүрэн хамаа­рал­тай байдаг. Хятадын эдийн засгийн өсөлт 2008-2011 онуудад  хоёр оронтой тоонд байлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөл­төд энэ нь ч нөлөөлсөн биз.  Ялангуяа 2011 онд нүүрс их хэмжээгээр экспортлогдох боломж  бурдэж манай эдийн зас­гийн өсөлт 17 хувьд хүрсэн. Тэгвэл МАН олонхи болсон УИХ, Засгийн газар тухайн үедээ хэрхэн ажилласныг олон түмэн эргэн санах аваас манай улсын эдийн засгийн өвч­лөлийн онош  тогтоогдоно.

Барагцаагаар 2.0 их наяд төгрөг буюу 1.4 тэрбум. ам.долларыг “Эх орны хишиг” нэрээр сар бүр хүн бүрт 21 мянган төгрөг бэлнээр тараачихсан. Энэхүү бэлэн мөнгөнөөс мэдээжийн хэрэг иргэд татгалзаагүй. Гэхдээ энэ мөнгөний ихэнх нь архи, импортын барааны төлбөрт Эрээн рүү урссан. Энэхүү 1.4 тэрбум доллар бол 700-800 км төмөр зам тавих хэмжээний хөрөнгө юм. Ашигт малтмал үнэтэй байх үед нь төмөр замаа тавьж чадаагүйн улмаас өнөөдөр тээврийн зардлын зөрүүгээс жилд 250-350 сая доллар алдсаар байна. Үүнийг хоёр жилээр тооцоход  500-700 сая доллар,  ойролцоогоор 350 км төмөр зам тавих хэмжээний хөрөнгө гэсэн үг.

Шинэчлэлийн  Засгийн газар байгуулагдах үед нүүрсний зах зээлийн үнэ унаж байсан учир дэд бүтцийг хөгжүүлэх шийдвэр  гаргажээ. Мөн Төмөр замын тухай хууль, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Концессийн  тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин байж хамгийн ашигтайд тооцогдох "Тавантолгой-Гашуун сухайт" чиглэлд төмөр зам барих, урт хугацаанд ашиглах эрхийг 2-3 гурван компанид өгчихсөн байсныг залруулсан гэдэг. Ямар ч улсын төмөр зам нэгдсэн бодлоготой байдаг.

Гэтэл төмөр зам байтугай хувийн  хэвшлийн хөрөнгөөр барьсан автозамыг ашиглах тариф дээрээ ч хүртэл тохирч чадахгүйд хүрч дээрх чиглэлд тавигдсан авто замыг төрийн өмчийн компани худалдаж авсан байна. Шинэчлэлийн Засгийн газар 1.5 тэрбум долларын бондын санхүүжилт босгож цахилгаан станц болон төмөр зам барих хөрөнгийн зарим хэсгийг шийдээд байгаа юм. Түүнчлэн Засгийн газар Хятадын аж үйлдвэрийн бүсүүд болон далайн боомтод хүрэх төмөр замын маршрут, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр өмнөд хөрштэй ажиллаж байна.

Өнөөгийн хөгжилтэй гүрнүүд, хөгжиж байгаа орнуудын ихэнхи нь өөрсдийн хөгжлийн тулгуур болох дэд бүтцийн салбартаа хөгжлийн зээл, Засгийн газрын бондын санхүүжилт авч ашигласан байна. Энэ нь хөгжиж буй орнуудад хөгжлийнх нь хурдацаас дутуугүй хэмжээгээр бараа бүтээгдэхүүний үнэ, цалин хөлс байнга өсөн нэмэгдэж, инфляци өндөр төвшинд байдагтай нэг талаар холбоотой. Ийнхүү дэд бүтцийн бүтээн байгуулалтад дээрх хэлбэрийн санхүүжилтыг ашиглах нь бэлэн мөнгө тарааснаас хэд дахин илүү өгөөжтэй, үлдэцтэй, үр ашигтай нь нотлогдсон үйл хэрэг юм. Харин бусад төрлийн зээлийн хувьд эргэн төлөх боломжтой, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр хувийн хэвшилд олгох нь сайн үр дүн өгдөг байна.

Шинэчлэлийн Засгийн газар хууль, тогтоомжид заасны дагуу төмөр замын царигийн асуудлыг шийдэх УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байна. Ингэснээр Эрдэнэс Тавантолгой компанийн унэлэмж дээшилж, хувьцааны үнэ өсөх нь дамжиггүй. Төмөр замд хөрөнгө оруулъя гэсэн сонирхогчдын тоо ч нэмэгдлээ. 2012 оны УИХ  болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар АН-ын нэр дэвшигчид сонгогчдын зүгээс итгэл хүлээн сонгогдож олонхи болсон. Энэ бол дийлэнх олон иргэдийн сонголт байлаа. Гэтэл үүнд ундууцсан сөрөг хүчний уур хилэн, бухимдал өнөө хэр арилахгүй УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг байнга сөрж, зогсоосоор  байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, Сангийн болон ЭЗХ-ийн сайд нарыг огцруулах тухай асуудлыг удаа дараа тавив. МАН-ынхны  1996-2000 оны хооронд УИХ-ын үйл ажиллагааг гурван сараар гацааж улс орны хөгжил дэвшилд саад тотгор учруулж байсан муу араншин нь хэвээр байгаа төдийгүй улам ч харалган, муйхар болсон байх юм.

Тэд эрх барихгүйгээр амьдарч чадахгүй болсноо харуулсаар байна. Тэд төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын индэр дээрээс “Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал улам муудна”  хэмээн муу ёрлон  хашгирсаар. Монголбанк улсын гадаад валютын нөөц ойролцоогоор 2.0 тэрбум доллар байгаа гэж хэлээд байхад  түүнийг "тэг" болсон хэмээн улс даяар, улмаар дэлхий дахинд тунхаглан зарлав. Түүгээр үл барам тэд Засгийн газраас бэлтгэсэн албан ёсны мэдээллийг улайран үгүйсгэж байгааг олон нийт харлаа, үзлээ. АН болон бусад улс төрийн хүчний эрх барьж байгаа энэ цаг үед тэд цөөнх болсон хорслоо тайлж, өшөө хонзон авч л байвал хэрэг нь бүтэж буй мэтээр увайгүй аашилж, "Монгол улс муу байх тусмаа бидэнд сайн” гэсэн байр сууринаас аливаад хандаж байна.Тэд улс төрийн тогтворгүй байдал улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд  хамгийн муу нөлөөтэйг мэдэхийн дээдээр мэднэ. Товчхон хэлэхэд, улс төрийн ашиг хонжоо олж л байвал улс орны хөгжил дэвшил тэдэнд огтхон ч хамаагүй гэж үзэж байгаагаа олон түмэнд харуулсаар байна.

Парламентаас нь бодит үнэнд нийцэхгүй, үндэслэл муутай, сөрөг мэдээлэл цацаад байх нь бидний өрсөлдөгч орнууд болон үндэстэн дамнасан компаниудад аятайхан өгөөш болно гэдгийг тэд ойлгохгүй байна гэж үү. Гэхдээ  сөрөг хүчний иймэрхүү бусармаг үйлдлийг ард түмэн мартаагүй байгаа гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Монголын ард түмэн МАН-ынханд улс төрийн соёлыг ойлговол ойлгохоор боломжоор хангаж, эрхийг нь эдлүүлж ч үзсэн. Тэгвэл одоо нэгэнт  сөрөг хүчнээр сонгосон  иргэдээ хохироочихоод, дараагийн сонгуульд оролцоно гэж үү. Сөрөг хүчин гэдэг чинь сөрөхийн нэр биш олонхийн үйл ажиллагаанд хяналт тавих, хамтарч ажиллах үүргээ хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. АН-ын эсвэл МАН-ын эдийн засаг, нийгэм гэж хаана ч байхгүй, Монголын эдийн засаг, Монголын нийгэм гэж л мөнхөд байдаг.

Бэлэн мөнгө амлалтын “автор”-ууд даварч байна

Өнгөрсөн хоёр жилд манай ашигт малтмалын экспортын голлох дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ 4-40 гаруй хувиар унажээ. Мөн энэ хугацаанд манай гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буурч ердөө 7-8 хувь болсон. Гэсэн хэдий ч Монгол улсын төсвийн орлогын бүрдүүлэлт, экспорт, хөрөнгө оруулалтад уул уурхайн салбар голлох нөлөөтэй хэвээр байна. Ер нь ашигт малтмалын зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ ханшаас хамаарч тухайн салбарт орох хөрөнгө оруулалт өсч буурах нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд тохиолдож байдаг хэвийн л үзэгдэл юм.

Экспортын тоо хэмжээ, орлого буурах нь тесвийн орлого бүрдүүлэлтэд муугаар нөлөөлөх нь ойлгомжтой. Өмнөх эрх баригчдын үед 2012-2013 онуудад орох орлогоос 800 орчим сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1.4 их наяд төгрөгийг урьдчилж аваад тараачихсан нь төсөвт илүүтэй дарамт болж байна. Тухайлбал, Оюутолгой ХХК, Эрдэнэс тавантолгой ХК-иас урьдчилж авсан зээл одоо хэр нь төлөгдөөгүй, баялгаа ачаад л, орлого нь суутгагдсаар л байна. Бэлэн мөнгө амлалтын “автор”-ууд үүнийгээ ойлгодог болов уу гэж асуумаар санагдана. Нийслэлийн төсвийн орлого бас л сайнгүй байна.

Улсын төсвийн хөрөнгөөр дэд бүтцийг нь бүрдүүлсэн, хамгийн өнгөтэй, өөдтэй газруудыг МАН эрх барьж байхдаа ар, өврийн хаалгаар өгөөд дуусгачихсан. Одоо эдгээр газруудыг дуудлагаар худалдвал хэдэн арван тэрбум доллар болохоор байна. МАН-ынхан энэ газрыг өөр хоорондоо болон гадныханд зарсан гэдэг. Уг нь энэ газруудыг дуудлага худалдаагаар худалдаалах хуулийн заалттай боловч, өнөөг хүртэлх хугацаанд дуудлагын худалдаанаас сайндаа л 50 сая доллар олсон эсэх нь тодорхойгүй байдаг.

Оюутолгойн гэрээг байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулахыг Монголын ард түмэн дэмжиж, ихийг хүсэн хүлээж байсан. Иймээс ч УИХ-ын шийдвэрийн дагуу гэрээ байгуулахыг МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд ахалсан хамтарсан Засгийн газарт даалгасан. Гэтэл тэрхүү Засгийн газар гэрээг үзэглэснээс хойш хүчинтэй болох зургаан сарын хугацаанд юу хийсэн бэ. Салбарын сайд нь мөнгө төлөн байж хөрөнгө оруулагчтай сонирхлын зөрчил бүхий зөвлөх компани сонгон авсан. Мөн гэрээний нөхцөл нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгаа гэж УИХ-ыг хуурсан нотолгоог айлын талд өгч, улмаар Сү.Батболдын  Засгийн газар гэрээг энэ тогтоолд бүрэн нийцэж байгааг нотолж мэдэгдэл хийсэн зэрэг шалтгаануудаа яагаад тайлбарлахгүй байна вэ.  Нөхцөл байдал ийм байхад өнөөгийн эрх баригчдад бурууг өгч, гэрээнд өөрчлөлт оруул гэж байнга шахаж, шаардах нь шудрага ёсонд нийцэх үү. Гэрээ бол амлалт, үүрэг, хариуцлага, тохироо. Нэгэнт тохирсон бол улс төрийн аргаар шахалт үзүүлэх нь зохисгүй зүйл гэдгийг хэн гуай ч гэсэн ойлгоно. 

Ялангуяа гадаадын субъекттэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийг гадаад ертөнц анхааралтай ажиглаж байдаг. Хэн гэгч Ерөнхий сайдын Засгийн газар байх нь хамаагүй, Монголын төр, засаг л гэж тохирогч тал, түүнийг ажиглагчид үзэх нь тодорхой. Улмаар “Монгол бол найдваргүй харилцагч” гэсэн тодотголыг гадаад ертөнцөд түгээчих эрсдэлтэй. УИХ- ын 57 дугаар тогтоол болон бусад тогтоол шийдвэр хангалттай хэрэгжсэн үү. Хөрөнгө оруулагчийн ирүүлсэн ТЭЗҮ-ээс харахад зэсийн үнэ 4400 дол/т байхад анхны хөрөнгө оруулалтыг 4.7 жилд нөхөх тооцоо байна.

Гэтэл 30 жилийн дараа  буюу зургаа дахин урт хугацаагаар тохирдог чинь ямар учиртай юм бэ. Тухайн үеийн УИХ-ын дарга Д. Дэмбэрэл 68 хувийн татварыг тэглэх үед, энэ татварыг тодорхой төвшинд орлох нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх хуулийн төслийг гэрээ хүчинтэй болохоос өмнө өргөн барьж, гэрээнд энэ төлбөрийг оруулаарай гэж байхад ямар шалтгаанаар хийгээгүй вэ.  Өнөөдөр Оюутолгой таван хувийн НӨАТ төлж байхад Эрдэнэт 14 хувийг төлж байна. Таван хувийн НӨАТ төлбөр төлдөг хэр нь хөрөнгө оруулагч тал эд, хөрөнгө үйл ажиллагааны зардлаас зургаан хувийн менежментийн төлбөр авч байгааг яаж ойлгох вэ. Энэ шударга зүйл үү. Ийм гэрээ хаана байна. МАН-ынхан засгийн эрхийг барьж байх үедээ зарим нэгэн хөрөнгө оруулагчдыг хэт өөгшүүлж Монголын хуулийг уландаа гишгүүлснээ ойлгох хэрэгтэй юм. Хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум доллар гэж үзсэн. МАН-ын дарга нар энэ зардлыг 20 хувь орчим илүү байсныг мэдсээр атлаа баталж өгсөн шүү  дээ.

Гэтэл үүн дээр нэмэгдээд   зардал  дахиад 30  орчим хувиар өссөн байхад өмнөх Засгийн газар, тухайн үеийн  ТУЗ-ын гишүүд нь яагаад амаа үдүүлчихсэн мэт дуугүй суугаад байв.  Одоогийн эрх баригчид энэ зардлыг баримтад тулгуурлан тогтоох ажлын хэсэг гаргаж, шалтгааныг нь тогтоосон боловч цаадуул нь хүлээж авахгүй гүрийсээр байгаа гэсэн мэдээлэл байна. Түүгээр ч үл барам энэ зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрөхгүйн тулд  хууль, гэрээнд заасан үүрэгт ажил болох санхүүжилт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй зогсоолоо гэж олон улс даяар зарласан гэж үзэх хүмүүс ч байна. Үүнийг валютын ханш огцом хэлбэлзэх бас нэг шалтгаан болсон гэх  судлаачид ч бий. Ийм бодит нөхцөл байсаар байхад хэт нэг талыг барьсан зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл олон түмний тархийг дахин дахин угааж, нийгмийг хоёр хуваан талцуулахыг зорьсоор байна. Энэ мэт зориуд санаатай хийж буй элдэв явуулгад  олон нийт ухаалаг, болгоомжтой, няхуур хандаж  байхыг анхааруулах ажлыг төр, засаг хиймээр байгаа юм.

Таван толгойн ордын тухайд төмөр зам барих, төмөр замын болон дамжин өнгөрөх тээврийн тариф, төмөр замын цариг зэрэг асуудал шийдэгдэж одоо л нэг уурхайн үнэ, цэнэ нь нэмэгдэх гэж байх шиг байна. МАН эрх барьж байхдаа юу хийсэн билээ, ингэхэд.  УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Оюутолгой, Тавантолгойн ордыг зэрэг эргэлтэд оруулах үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Гэтэл коксжих нүүрсний 20 гаруй хувийн нөөцтэй нэг ордыг нь өөрсдөө тасдаж аваад эргэлтэнд оруулсан. Энэ нь засах боломжгүй болсон луйврын үйлдэл.

Таван толгойн ордыг эргэлтэд оруулах УИХ-ын  шийдвэрт нь ордыг хуваахгүй ашиглах гэж орсон байгаа. Гэтэл тэр үеийн стандарт бус МАНАН-гийн Засгийн газар бүлэг ордын томоохон хэсгийг гол түнш орнуудад хувааж эзэмшүүлэхээр шийд гаргаж, олон улсын хэмжээнд зарласан нь бас л ойлгомжгүй байдалд хүргэсэн гэж ярих  хүн ч байна.

Иргэдээ л дэмж, бүү садаа бол

УИХ дахь МАН-ын гишүүд Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэж УИХ-ын  чуулган дээр байнга ярьдаг. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь үнэн. Гэхдээ байнга ингэж ярих  нь тэдний хувьд улс төрийн ашиг хонжоо олоход  ашигтай санагдаж байж магадгүй ч мөн чанартаа Монгол Улсад ашиггүй нь тодорхой юм. Энэ  чинь тэгээд чухамдаа эрхэм түшээдийн төрийн сүлдэнд өргөсөн тангарагт нийцэж байна уу. 2012  онд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хийгдэж дууссан. 

Манай улсын татварын байгууллага 2011 онд 2.86 тэрбум ам.доллар, 2012онд 2.42 тэрбум ам.доллар, 2013 оны гуйцэтгэлээр барагцаалбал 130 сая ам.долларын санхүүжилтыг Оюутолгой компани тус тус хийсэн гэж үзэж байна. Бодит байдалд Монгол Улсад 2008-2012 оны хооронд гаднаас оруулсан хөрөнгө оруулалтын 90 шахам хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлдэг ажээ. Харин далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хувьд үүнийг хийх үүрэгтэй хөрөнгө оруулагч нь өөрөө зогсоосон. Үүнд нөлөөлсөн голлох хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтворгүй байдал байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтворгүй байдал мөн л МАН-ыг эрх барьж  байх үед бий болсон. Үгүй гэж хашгирсан ч үнэнд гүйцэгдэнэ. Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулах хууль МАН-ыг УИХ-д олонх байх үед  2012 оны тавдугаар сард батлагдан гарсан байна. Энэ хуулиар гадаадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг хамруулан төрөөс цензур тогтоохоор болсон.

Энэ хуулийг одоогийн УИХ 2013 оны аравдугаар сард хүчингүй болгож, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулж тогтсон хугацаанд бизнес, татварын орчныг тогтворжуулах зорилго бүхий Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан юм. 2012 оны зургадугаар сард  "Урт нэрт” гэгч хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарч Ашигт малтмалын 1300 гаруй  тусгай зөвшөөрөл эзэмшигч  827 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Мөн төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас 106  тусгай зөвшөөрлийг шүүхээс хүчингүй болгож, хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар шийдэх шүүхийн шийдвэр 2013 оны зургадугаар сард гарчээ.

2012 оны сонгуулийн  үеэр дээрх хэт улстөржиж, эх оронч царай гаргасан шийдвэрүүдийн уршгаар  910 аж ахуйн нэгжийн 1450 орчим тусгай зөвшөөрөл  төр, засгийн зүгээс цуцлагдсан байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн  665  нь дотоодын, 245 нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байв. 910 аж ахуйн нэгжийн гаргасан бодит зардал нь хамгийн багадаа 700 орчим тэрбум төгрөг болохоор байгаа юм. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газар өмнөх  Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны есдүгээр сард уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ- д өргөн барьсан байна. Төслийн зорилго нь “урт нэрт” хууль гарахаас өмнө олгосон  тусгай зөвшөөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гол нь нөхөн төлбөрийн асуудлыг УИХ- аар шийдүүлэх шаардлага үүссэнтэй холбоотой гэх. 

Мөн Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн тухайд Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглох тухай хуулийг өөрчилснөөр Ашигт малтмалын тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын журмын хүрээнд шийдвэрлэх боломж гарах бололтой юм. Ийм л байдлаар хөрөнгө оруулалтын орчныг тогтворгүй болгож байждээ. Тогтворгүйгээр барахгүй тусгай зөвшөөрөл өгч хайгуулын ажилд хөрөнгө мөнгийг нь хийлгэчихээд тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргаж, хохироочихоод нөхөн төлбөрийг нь ч шийдээгүй байна. Хохирсон хүмүүс яадаг бол, хохирлыг нь барагдуулахгуй бол нэмж хөрөнгө оруулалт хийх үү. Манай төр засгийн энэхүү  болчимгүй үйлдэлд хохирсон хөрөнгө оруулагчид хохирлоо нөхөн төлөхийг байнга шаардсаар байх нь тов тодорхой. Гэтэл УИХ- дээр зарим гишүүд "мод ус..." гээд ам нь цангасан бололтой хашгирсаар байна.

Өнөөдөр  МАН-ын эрх барьж байх үеийн ийм алдаа завхралуудыг  Ардчилсан гэгдэх өнөөгийн эрх баригчид засч байна. Өөрсдийнх нь хийсэн алдааг засах гэхээр бид “сөрөг хүчин учир” засуулахгуй гэж сөрөн зогсч байна. Бүр цагаандаа гарч "Өөрсдийн хийсэн жонхуугаа", та нар хийсэн, хариуцлага тооцно хэмээн гүтгэн дайрч давшилж байна. Цаад санаа нь 2016 онд иргэд сонгогчид руу гүйж очоод "Бидний хийсэн алдааг засах гэхээр нь сөрсөөр байгаад зогсоож чадсан, үр дүнд нь Монголын эдийн засгийг улам муутгачихаад ирлээ. Энд АН л буруутай, одоо биднийг сонгох ээлж" гэж ярихаар төлөвлөж байгаа бололтой.

Тэгвэл өнөөгийн нийгэм тэдний энэ хорон санааг ойлгохтойгоо  болсныг МАН-ынхан өөрсдөө мэдрэхгүй байгаа бол харин ч иргэдэд ашигтай биз. Өдгөө нийгмийн дунд  "МАН яаг мөлхөх төвшинд нь хүргээд АН-д өгдөг, АН нь яаг өндийлгөөд ирэхэд МАН буцаагаад  авчихдаг. Ийм байдал ээлжлэн хөвөрсөөр,  иргэд бид хэлмэгдсээр..." гэсэн онигоо шиг яриа гараад удаж байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглох тухай хуулийг 2010 оны зургадугаар сард УИХ-аар батлан гаргасан. Энэ хууль эмх замбараагүй олгогдсон тусгай зөвшөөрлийг цэгцлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.  Хууль батлагдсанаас хойш өнөөг хуртэл бараг дөрвөн жил өнгөрч байна.

Энэ хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй учир зөвхөн хуучин олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдэж ирлээ. Хайгуулын ажилд 2010-2011 оны хооронд барагцаалбал 230  сая долларын хөрөнгө оруулалт орж байсан бол энэ хэмжээ 2012- 2013 оны хооронд 50 гаруй хувиар буурчээ.  Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглох тухай хуулийг  өөрчлөх зорилгоор  Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын теслийг боловсруулах нэгж байгуулагдан, төслийг  боловсруулж олон нийтээр хэлэлцүүлсэн.

Гэвч уг хуулийн төсөл нь  хөрөнгө оруулагчдын хувьд  төдийлөн таатай бус, сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй байсны улмаас хэлэлцүүлгийг зогсоож, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг юун  түрүүнд боловсруулан гаргах чиглэл өгөгджээ. Энэ бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын өнгөрсөн чуулганаар баталсан нь овоодоо гэж хэлмээр байгаа юм.Эрдэс баялгийн салбарт баримтлах энэхүү бодлогод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж  УИХ- д өргөн барьсан юм билээ. Энэ төсөлд  хайгуулын тусгай зөвшөөрлийг төр зөвшөөрсөн газар нутагт олгох заалт маягийн юм орсон юм аа даа, янз нь.

Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг элдэв шалтгаанаар хардан, сэрдэж зарим тохиолдолд албадан саатуулж байгаа нь манай улсын нэр хүнд болоод  эдийн засагт сөрөг үр дагавар авчирч байна. Энэ байдал нь даамжирсаар энгийн иргэд, төрийн албан хаагчдыг ч ялих ялихгүй шалтгаанаар сэрдэн мөшгих болсон нь тэдний урам зориг, хүсэл эрмэлзлэлийг нь мохоож улмаар нийгэм тэр чигээрээ болгоомжилсон айдас хүйтэстэй болж болзошгүй байдалтай байна. Иймд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүчний байгуулагын үйл ажиллагаанд эрх баригчид, сөрөг хүчин үнэлэлт дүгнэлт өгч удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааг нь өөрчлөх цаг болсныг анхаарах хэрэгтэй байна. Ер нь МАН-ынханд хэлэхэд "үр дүн муутай, хий дэмий  цаг үрсэн улс төрийн шоугаа багасгаж, өөрсдөө олонх байхдаа сөрөг хүчинтэйгээ хамтарч хийсэн алдаа завхарлаа өнөөгийн эрх баригчидтай хамтран нэн яаралтай засч сайжруулахаас өөр гарц байхгүй гэдгийг ойлгож ажиллах хэрэгтэй.

Долларын ханш өссөн оношийг товчхон томъёолоход "зах зээл дээр Монголын экспортын орлогыг бүрдүүлдэг  гол төрлийн ашигт малтмалын үнэ уналттай хэвээр, зарим орлогоо түрүүлээд хэрэглэчихсэн учир экспортын орлогын дутагдалд оров.  2014 оноос өмнөх жилүүдэд гадаад худалдааны тэнцэл тааруу явж ирсэн л дээ. Зах зээл сайн үед бэлэн мөнгө тараагаад төмөр замаа тавьж чадаагуй учраас хэтэрхий  зардал ихтэй тээвэрлэлт нь экспортын орлогыг бууруулсан хэвээр бөгөөд хөрөнгө оруулалтын орчныг тогтворгүй болгосноор хөрөнгө оруулалт орох сувгууд хаачихсан" зэргээс болжээ. Худлаа гэж үү. Өөр бас нэгэн сонин үзэгдэл гарч байна. Монгол Улс олсныгоо бүгдийг нь төсвөөр дамжуулаад зарлагадчихдаг.

Эдийн засгийн баталгаа нь " хуримтлал, хуримтлал, бас дахин хуримтлал, хуримтлалыг арвижуулах бодлогогүй" цөөхөн  орны нэг болов. Төсөв батлахад сургууль, цэцэрлэг, соёлын булан барих мөнгө бага тусна. Засгийн газар үүнд буруутай гэнэ. Мөнгө олоод ирэхээр нь хэн олж ир гэсэн юм гээд загнана. Яамаар ч юм бэ дээ. Хөгжилд бүтээн байгуулалт хэрэгтэй. Бүтээн байгуулалтын зардал нь зээлийн хүүгээс хурдацтай өсдөг. Бүтээн байгуулахад мөнгө хэрэгтэй. Ажил хийж амьдарч байгаа иргэдээ л дэмж, бүү садаа бол... Энэ бол зах зээлийн зарчим. Зарчим алдагдсан горыг иргэд л амсдаг. 

Ардчилсан гэгдэх бүх шатны  эрх баригчид та бүхнээс эцэст нь гуйх ганц зүйл байна. Юу вэ гэвэл, элдэв шалтгаан, эрх ашгийн төлөөх дотоод тэмцлээ үтэр түргэн зогсоо.  Монгол Улсад улс төрийн тогтворгүй байдал үүсгэхгүй байх нь ард түмний эрх ашиг юм. Улс төрийн тогтворгүй байдлын улмаар улс орны эдийн засаг, ард түмний аж амьдрал улам доройтох эрсдэлтэй.  Иймээс ухаалгаар тунгаах цаг нэгэнт болжээ. Сайн цаг ирж, сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монголын мэдээ
Б.Отгонбаяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyu 2014-05-16 15:24:29
    Namaar ni bish chadvaraar ni shudarga unelye.
    2.206.2.77
    Мэдэгдсэн Хариулах
  • баялаг 2014-05-16 14:03:58
    Монголчуудаа шударга үнэнийг эрхэмлэж намаар талцаж олигархиудын идэш болохоо больцгооё. Ард бидэнд аль нэг намыг дэмжсэнээр юу наалдсан юм бэ? Зөвхөн монголын төлөө гэсэн хүнийг л аль ч нам байсан хамаагүй дэмжиж эв нэгдэлтэй байцгаая.
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • fgsg g 2014-05-16 04:02:31
    МАН-ын сөрөгчид Монголыг “муу байх тусмаа” сайн гэнэ tegbel ed nart ashigtai
    202.21.113.202
    Мэдэгдсэн Хариулах
  • hu huhuhuhuhuh 2014-05-16 04:02:00
    МАН-ын сөрөгчид Монголыг “муу байх тусмаа” сайн гэнэ
    202.21.113.202
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2014-05-16 04:00:07
    Энэ дүүрэн гэж дурак МАН-ынх юм байна л даа. Монголын ард түмэн эдгээрийг харж байгаа цэгнэж байгаа. МАН-ыг улс төрийн тавцангаас арчих хэрэгтэй. Энэ намын лидер гээч нөхдүүдийг хар л даа. М.Энхболд(газрын наймаатай холбоотой), Сү.Батболд (Чингис ЗБ-ын
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • дүүрэн 2014-05-16 03:18:50
    АН бусдад буруугаа чихэж янз бүрийн сайхан үгээр ард түмний тархи угаахаа болимоор юм. Ухаалаг төр, шударга ёс,шинэчлэл, ардчилал гэдэг үгнүүд их сайхан сонсогддог шүү.Бас нөгөө намуудаа муулад байх юм. Та нарч гэсэн төр барилцаж байсан шүү дээ. МАН хар
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-16 02:10:24
    man-yg ustgaji ,albadan taraakh kheregtei
    103.26.194.6
    Мэдэгдсэн Хариулах