Эмнэлгийн хог хаягдал ил задгай байх ёстой юу
Б.Пүрэвсүрэн: Ил задгай хаясан зүйл байхгүй
 
-Эрсдэлтэй, аюултай хог хаягдлыг бид юу гэж ил задгай газар хаях билээ. Тусгай хог хаягдлыг устгаж, халдваргүйжүүлж байгаа гол арга барил маань хамгийн өндөр даралттай автоклавт ариутгадаг. Тэгээд дараа нь бутлаад ландфиллын аргаар устгадаг. Ландфиллын аргаар устгахдаа Хот тохижилтын газартай гэрээтэй. Бид дөрөв дэх жилдээ гэрээгээ сунгаад төлбөрөө төлөөд явж байгаа. Нэгдүгээрт, эмнэлгүүд өөр дээрээ ангилан ялгалтаа хийдэг. Хоёрдугаарт, түүнийг нь манай компани тусгай шар савандаа хийгээд зориулалтын тээврийн хэрэгсэлдээ ачаад үйлдвэр дээрээ авчирдаг. Үйлдвэр дээр ирэхэд нь биологийн гаралтай хог хаягдлыг нь ландфилл руугаа устгадаг.
 
Энэ нь хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгальд сөрөг нөлөөгүйгээр устгагдаж байгаа гэсэн үг. Харин зүү тариур болон хуруу шил эмнэлгийн зориулалттай хог хаягдлаа өндөр даралттай уурын автоклавт хийж ариутгаад байгальд ямар ч хор нөлөөгуй болгоод устгалд оруулдаг. Манайх үйлдвэр дээрээ халдвар судлаач эмчтэй. Тэр маань газар дээр нь очиж арга хэмжээ авна, албан бичиг явуулна гэх мэтчилэн 1000 гаруй эмнэлгийн үйл ажиллагааг жигдлэхийн тулд бид дөрвөн жил гаруй их л ажил зохион байгуулж байна. Энэ байдал одоо харьцангуй гайгүй болсон. Бид шатаах зуухаа ашиглахгүй байгаа.
 
Шатаах зуух маань эрүүл мэнд, байгаль орчин, аюулгуй ажиллагааны стандартыг хангахгүй байна гэдэг үүднээс шатаах зуухаа ашиглахгүй байгаа. Тиймээс шатаах зуухаа Налайх руу нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Манайх шатаахаа болиод ландфилддаг болсон. Давс болон хлораминаа дэвсээд булдаг. Харин зүү тариураа жижиглэдэг. Бид эмнэлгийн хог хаягдлыг ил задгай огт хаядаггүй. Бид Хот тохижилттой тодорхой хэмжээний гэрээтэй ажилладаг. Гэрээнийхээ дагуу тэд эксковатороор том нүх ухаж өгөөд булалтаа хийнэ. Ингэхдээ давс, хлорын шорой, хлорамин зэрэг ариутгалын бодис хийгээд ландфиллдаад үечлээд явчихдаг юм.
 
Өдөр бүр булалт хийгдэнэ. Ил задгай ямар ч хог хаягдал байхгүй. Улаанчулуутын хогийн цэг дээр хаяад байгаа бол магадгүй иргэд гэртээ зүү тариур, дусал хэрэглээд түүнийгээ ахуйн хогтойгоо нийлүүлээд хаяад байж магадгүй. Түүнээс биш манай хогийн цэг Улаанчулуутын хогийн цэгийн цаана, хамгийн хойд талд нь байрладаг. Манайд тогтмол хяналт тавьж, шалгалт оруулдаг. Янз бүрийн ноцтой зөрчил дутагдал илэрч байгаагүй. Манай үйлдвэр гурван том тасгаас бүрддэг, нийтдээ 57 ажилтантай.
 
Хордож үхэхгүй гэх баталгаа алга
 
Өнгөрсөн долоо хоногт “Улаан чулуут”-ын хогийн цэгт эмнэлгийн хог хаягдал ил задгай хаясан хэрэг олны анхаарлын төвд байлаа. Хэвлэлийнхэн хог хаясан газар дээр нь очиж үзээд, зураг хөргийг нь аваад, баталгаажуулчихсан. Ийн эмнэлгийн  хог хаягдлыг хогийн цэг дээр ямар ч ариутталгүйгээр ил задгай хаясан явдал энэхүү ажлыг хариуцсан “Элемент” ХХК-тай салшгүй холбоотой гэдэг нь ч хангалттай батлагдчихаж байгаа бололтой.
 
Эсвэл тус компанийн ажилчңд хариуцлага алдсаныг дарга нар нь мэдээгүй ч байж болох юм. Ямартай ч “Элемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэвсүрэн эмнэлгийн хаягдал ил задгай хаясан гэдгийг эрс үгүйсгэж байгаа юм. Тэрбээр “Эрсдэлтэй, аюултай хог хаягдлыг бид юу гэж ил задгай газар хаях билээ. Тусгай хог хаягдлыг устгаж, халдваргүйжүүлж байгаа гол арга барил маань хамгийн өндөр даралттай автоклавт ариутгадаг. Тэгээд дараа нь бутлаад ландфиллын аргаар устгадаг” хэмээн ярьсан байгаа юм.
 
Мөн ариутгалд оруулбал хог хаягдал ямархуу болох талаар ч ярьсан байсан. Мөн том нүх ухаж, ариутгасан эмнэлгийн хог хаягдааа булдаг тухай ч ярьсан. Хэзээ ч ариутгаагүй хог хаягдлыг ил задгай хаядаггүй тухайгаа дурьдсан байна билээ. Харамсалтай нь бодит байдал дээр асуудал арай л өөр байна. Нийслэлийн хэмжээнд “Элемент” компани л энэхүү ажлыг хариуцаж, бүхий л шатны эмнэлгээс хог хаягдлыг нь татаж авдаг гээд байгаа. Гэтэл “Улаан чулуут”-ын хог дээр эмнэлгийн хог хаягдал ил задгай байгаад байдаг. Ариутгаагүй щүү дээ. Тэгэхээр “Элемент” компаннас гадуур, өөр байгуулагатай холбож ярьж болмоор байгаа биз. Уг нь Эрүүл мэндийн дэд сайд ЖАмарсанаа энэ асуудлыг нягталж үзэх талаар ярьсан байна билээ. Гэхдээ асуудал нэгэнт босч ирсэний дараа тэгж яриад ч яах билээ дээ. Эхнээсээ л хянах ёстой байсан. Ер нь Монгол Улсын иргэдэд энэ мэт хог хаягдлаас үүдэлтэйгээр өвчилж, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй гэх баталгаа байхгүй байна. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “2005 онд батлагдсан Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиар Монгол Улсын хилээр орж ирэх үеэс нь эхлэн хэрэглэж дуусаад устгах, хоргүйжүүлэх бүх үйл явцыг нэгдсэн системд оруулж төвлөрсөн нэг цэгт авч устгахаар хуульчилсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл төвлөрсөн цэг, аюултай хог хаягдлын үйлдвэр байхгүй тул бүх байгууллагууд эдгээр бодисоо хаашаа хийхээ мэдэхгүй өөрсөд дээрээ хадгалаад л байж байна. Жишээ нь, аль 20-30 жилийн өмнө дунд сургуулиудын химийн кабинетад олгогдсон нөгөө хортой гээд байгаа цианит натри хүнцэл, мөнгөн ус одоо болтол цоожгүй шүүгээнд сургууль дээрээ хадгалагдсаар л байна. Эмнэлгийн, анатомийн хог хаягдал буюу хорт хавдар авч хаяхад гарсан эд эрхтнийг хаана аваачиж хаядгийг хэлэхэд ч хэцүү” хэмээн ярьж байсан удаатай.
 
Түүний яриад байсан зүйлүүд үнэн гэдэг нь энэ удаагийн тохиолдлоор батлагдаж байгаа юм. Зөвхөн тариур, элдэв цаас биш цусны шинжилгээ авахдаа хэрэглэсэн цус ч савтайгаа хаягдсан байсан. Цаашлаад хорт хавдар авч хаяхад гарсан эд эрхтэнийг яаж устгаж байгаа, ил задгай хаясан эсэхэд ч итгэхэд бэрх болж байна шүү дээ. Б.Пүрэвсүрэн дарга хэвлэлд өгсөң ярилцлагадаа “Ариутгаагүй бодисыг хэзээ ч ил задгай хаяж болохгүй шүү дээ. Яагаад болохгүй вэ гэхээр тэр чинь халдвар тараахаас гадна, байгаль орчинд хор хөнөөлтэй” гэж ярьсан байна билээ. Ердөө л энэ хоёр өгүүлбэр иргэдийн эрүүл мэнд, амь нас ямар ч баталгаагүй байгааг харуулчихлаа. Өнөөдөр нэгэнт эмнэлгийн хог хаягдал “Улаан чулуут"-ын хог дээр хаягдчихсан. Тэндээ бүр ил байж байгаад бараг хоёр хоногийн дараа булсан гэж байгаа. Тэр хооронд ямар бодис агаар салхиар дамжиж, Улаанбаатар хотод орж ирсэнийг мэдэх юм алга. Нөгөө талаар нийслэлийн агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ тулсан гэдгийг амтай болгон ярьж байгаа. Утаа, үнсжилт, тоосжилт, хөрсний бохирдол гээд л. Одоо дээрээс нь эмнэлгийн хог хаягдлыг ариутгалгүйгээр ил задгай хаядаг боллоо. Хордож үхэхгүй гэх баталгаа тэг хувьтай болчихож байгаа юм биш үү. Асуудлаа хаа хаанаа бодолцож, дорвитой арга хэмжээ авмаар юм даа.
 
Ж.Амарсанаа: Энэ байгууллага байх эсэхийг нягталж үзнэ
 
-Би эхлээд энэ машины / Улаанчулуутын хогийн цэг дээр Элемент ХХК-ийн автомашин хогоо хаях гэж буй дүрс бичлэгийг түүнд үзүүлсэн/ асуудлыг мэдмээр байна. Үнэхээр “Элемент” компани өөрийнхөө хог хаягдлыг ариутгалгүйгээр ингээд хаяж байгаа бол энэ нь хууль зөрчсөн маш том асуудал. Энэ компани байх уу, үгүй юу гэдэг асуудал ч яригдана. Тийм учраас танай дүрсийг баталгаажуулаад ийм зүйл болсон бол энэ компанийг татан буулгах асуудлыг би ярина.  /Эх сурвалж: “Бадарчийн Жаргалмаа”нэвтрүүлэг/
 
Ш.Уранцэцэг: Хог хаягдлаа халдваргүй болгох тал дээр учир дутагдалтай байсан
 
/ЭМЯ-ны Орчны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/
 
-2010 оноос эрүүл мэндийн байгууллага бүр тусгай хог хаягдлаа өөр дээрээ цуглуулаад ангилан ялгалт хийгээд түр хадгалаад гэрээтэй нэг аж ахуйн нэгждээ хүлээлгэн өгдөг механизмд шилжсэн. Өөрөөр хэлбэл, “Элемент” ХХК энэхүү ажлыг хариуцан ажиллахаар болж, эмнэлгүүд дээр өдөр тутам очиж хог хаягдлыг нь цуглуулж аваад өөрийнхөө үйвдвэр дээр очоод халдаргүйжүүлэн устгалд оруулж байгаа. Эрүүл мэндийн байгууллага бүр дээр хог хаягдал хариуцсан мэргэжилтэн гэж бий. Тэр хариуцсан хүн нь тасаг, нэгжээс гарч байгаа бүхий л хог хаягдлаа ангилж, янзлж тус компанид хүлээлгэж өгдөг. Хоёр тал хэчнээн кг хог хаягдал хүлээлгэж өгсөн, хүлээлцэж авсан гээд ажил үүргийн хуваарийнхаа дагуу гарын үсэг зурж тэмдэглэл хөтөлдөг. Яамнаас өнгөрсөн жил тус компанийн үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн. Ингээд удирдлагын зөвлөлийн хурлаар ороод тус компанид үүрэг даалгавар өгсөн. Гол нь аюулгүй байдлыг хангах, ажилчид нь хүртэл халдваргүй байх ёстой, халдвар хамгаалал талаасаа сайн байх ёстой. Энэ талдаа бол тус компанийнхан их сайн ажиллаж байгаа. Харин шатаах зуухны температур горимын дагуу ажиллах болоод тусгай хог хаягдлаа яг халдваргүй болгож чадаж байна уу гэдэг дээр дутагдалтай зүйл илэрсэн. /Эх сурвалж: eagle.mn/
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.