Тойм:Улс төрийн хүрээнд томилгоо хийсэн долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлож байна. Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын даргыг томилов. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томиллоо. Мөн аугаа эх орны ялалтын дайны 74 жилийн ой тохиож өнгөрөв. ТЕГ-ын газрын дарга асан Б.Хурцыг цагдан хорих хугацааг сунгав. Авлигын хэргээр шалгагдаж байсан МХЕГ-ын дарга асангууд шүүх хурал боллоо.
 
УИХ-ын Тамгын газрын даргаар Л.Өлзийсайханыг томилов

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилов.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон Удирдлагын зөвлөлийн гишүүдийн хамт шинээр томилогдсон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүлээн авч баяр хүргээд Улсын Их Хурлын Тамгын газрын тамгыг гардуулан өгөв.

Тэрбээр шинээр томилогдсон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад ажлын амжилт хүсээд төрийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн Тамгын газрын хамт олноо хайрлаж, түшиж тулж ажиллахыг захив. Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаа юм.
 
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Пүрэв гарагт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав.

ЗАРЛИГТ: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн
ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордуулав. Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулжээ.
 
Авлига авсан МХЕГ-ын газрын дарга нарын хэргийг шүүв

Бусдаас их хэмжээний авлига авсан гэх МХЕГ-ын байцаагч нар холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэв. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал болсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Э.Аззаяагаас гадна Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын хэргийг мөн дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.

Мөн хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгожээ.

Сануулбал, 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдсан юм.

Тухайлбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нь нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Мөн албан өрөөнд нь нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө хураагдсан.
 
Гэр бүлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдана

“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, ХНХЯ, ХЗДХЯ, БСШУСЯ, ЭМЯ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, ЦЕГ, НЦГ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах асуудлыг энэ удаагийн хэлэлцүүлгээр хөндөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр үйлдэгдэж байгаа тул эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

Мөн УИХ-ын даргын захирамжаар Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахаар болжээ.
 
Аугаа их эх орны ялалтын 74 жилийн ой тохиолоо

Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож өнгөрлөө. Москвагийн цагаар 10.00 цагаас эхэлсэн Ялалтын баярын цэргийн парадын жагсаалд нийт 13600 цэргийн албан хаагч, 130 гаруй орчин үеийн дугуйт болон гинжит техник, зэр зэвсэг, 74 нисдэг тэрэг оролцох талаар ОХУ-ын БХЯ-ны мэдээлэлд дурджээ.

Тодруулбал, "Искандер-М" пуужингийн систем, стратегийн пуужингийн "Яарс" болон "Армата" систем, БМП "Курганец", БТР "Бумеранг" танк, стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95МС, Ту-22М3, сөнөөгч Су-35С болон Су-30СМ зэрэг агаарын 74 хөлөг онгоц оролцсон байна.

Одоогоос 74 жилийн өмнөх энэ өдөр хүн төрөлхтний түүхэнд хамгийн их баяртай, аз жаргалтай өдөр байлаа. Учир нь 1945 оны тавдугаар 9-нд шилжих шөнө урт удаан үргэлжилсэн дэлхийн 2-р дайныг бүр мөсөн дуусгаж, Гитлерийн Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм.
 
Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргалаа

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурц өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ЭЦГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр 15 хоног цагдан хорих захирамж гарсан байдаг. Түүнийг цагдан хоригдох хуулийн хугацаа дууссан тул үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргажээ.

Түүнийг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа билээ.
Суут хүмүүн Ц.Дамдинсүрэн дахин “мэндлэв”
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ.

Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Д.Чулуунбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбат зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.

Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиож байсан гээд өнө хожид дуурсах алдартай, нэрт соён гэгээрүүлэгч нэгэн билээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.