Уран бүтээлч Ж.Анунаран ХААН Галерейд “Хайр” үзэсгэлэнгээ нээлээ
“...Цагаанаар илэрхийлсэн энэ үзэсгэлэн миний хэзээ нэгэн цагт хийхийг хүсэж байсан үзэсгэлэн мөн. Тэгэхдээ хайрын тухай илүү өргөн ойлголтоор хандахыг хүсэхийн зэрэгцээ тийм нэг үйл явдлаар түрэгдэн орж ирсэн үзэсгэлэн гэвэл ононо. “Хайр” нь хамаг ойр дотны чухал хэн нэгнээс эхлэн огт танихгүй нэгнийг ч энэрэн хайрлаж, сэтгэлдээ багтаадаг гэдэгт би итгэж байна” хэмээн таны тольдон буй энэхүү эрхэмсэг үзэсгэлэнгийн эзэн, уран бүтээлч Ж.Анунаран өгүүллээ.

Монгол гэрийн тооныг санагдуулам дугариг цагирагнаас эсгий үнэг, гурвалжин дүрс бүхий чимэглэлүүд, амьтдын бяцхан чихмэл, тоглоом, хонх сэлт унжуулсан өрөг урлагийн бүтээл энэхүү үзэсгэлэнгийн хоймрыг эзэлжээ. Нялх хүүхдийг айж цочих, элдэв гай барцадаас хамгаалах зорилгоор эртнээс монголчууд дом шүтлэгийн хэлбэрээр ийнхүү үнэг,  тоглоом хайчилж унжуулдаг байсан билээ. Энэ дом шүтлэгээс ч болсон уу, харахад л хайр хүрэм, нялх үр хаа нэгтээ үнэгчлэн нойрсож буй мэт энхрий санагдуулна. Өрөг урлагийн бүтээлээс гадна хатгамал, наамал, уран зураг хоршсон холимог техникийн 10 орчим зургаа үзэсгэлэнд дэлгэсэн нь мөн л өвөрмөц сэтгэгдэл төрүүлэхээр юм. Ж.Анунаран өмнө нь “Чөлөөлөлт”, “Өөрчлөлт”, “Өрнөлт”, “Орчил” зэрэг бие даасан өвөрмөц үзэсгэлэнгүүдээрээ олон нийтэд хэдийнэ танигдсан авьяаслаг залуу уран бүтээлчдийн нэг билээ.

Тэрбээр үзэсгэлэнгийнхээ тухай “...Эдгээр ажлууд нь уран бүтээлчийн хувь шинжийг илтгэсэн атлаа тэр шинжийг бүтээлцэх эрхэм нандин хүмүүсийн тусгал дүрийн тухай, дэргэд үргэлж тулж түших хайраа цацруулагч, бие биесгүйгээр өөрсдийгөө төсөөлөхгүй байгаа гэр бүлүүдийн тухай, энхрий бяцхан үрсийн тухай,  аливаа амьтдын дүрсийн цаана байх хүмүүс,  эрхэм нөхдийн тухай юм. Хэн нэгний болоод бусад бүх хүмүүсийн хувьд чухалд тооцогдох эдгээр ”хайр”-ууд бүтээлд тусгагдан дүрслэгдэхдээ ХАЙР гэх мөн чанарынхаа хувьд үргэлжид зүгээр л хайрласаар байх үнэмлэхүй дээд хайр байх, эсвэл өгөх хийгээд авахын, хайрлах агаад үл хайрлах, уучлах хийгээд үзэн ядах, шинжээрээ сүлэлдэн оршихын тухай ч юм уу...  Гэвч хүн бүрийн хайрыг хүлээн авах болон ойлгон, мэдэрч хүртэх нь ондоо... Хүний амьдралын турш тэтгэж байдаг мөн хамгийн их хүсэн хүлээдэг, бас дутдаг зүйл бие биенээ л хайрлах болой” хэмээсэн.
 
Монголын дүрслэх урлагт хожуу төрөн гарсан ч өдгөө томоохон байр суурийг эзлэх болсон нэн шинэ орчин үеийн төрөлд багтах бүтээлүүдтэй танилцъя гэвэл “Хайр” үзэсгэлэнд саатан морилно уу. Үзэсгэлэн 2019 оны 5-р сарын 23-ныг хүртэл ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.
 










Бусдад түгээх
  • gplus