Д.Рэгдэл: Оюуны чадамжаа зөв ашиглавал Монгол Улс хөгжинө

 Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булан нээж байна. Энэ булангийн маань эхний зочин нь Монголын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, ноён Д.Рэгдэл боллоо. Түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.

 

-Шинжлэх ухааныг нэгдүгээрт тавьж, эрдэмтэн судлаачдын тооцоо судалгаанд үндэслэсэн бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа улс орон хөгждөг. Энэ үүднээс яривал манай улсад нөхцөл байдал ямар байна вэ?

-Аливаа улс урт хугацаанд  тогтвортой хөгжье гэвэл шинжлэх ухаанаа хөгжүүлж урагшлах ёстой юм. Манай улсын хувьд шинжлэх ухаанаа хөгжүүлэх бодлого, эрхзүйн орчны хувьд тун гайгүй. Анх 1997 онд ШУА-ийн эрхзүйн байдлын тухай, 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиа  батлуулж, төрөөс баримтлах бодлогоо гаргаж,  2020 он хүртэлх  мастер төлөвлөгөөг батлуулсан. Энэ мэтээр бодлогын баримт  бичгүүд  үндсэндээ  гарсан.Мастер төлөвлөгөөг гаргахад  ЮНЕСКО-гийн экспертүүдийг хоёр ч удаа урьж  зөвлөмж авсан. 2016 онд Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг УИХ баталсан. Энд шинжлэх ухаа, технологийн талаар ямар бодлого барих талаар маш тодорхой тусгасан. Харин бодлогын энэ баримт бичгүүд хөрсөн дээр хэрхэн бууж,  амьдралд яаж хэрэгжиж байна гэдэг талаар бол ярих асуудал их бий.

-Монгол Улс эрдэмтэн, судлаачдаа сонсдоггүй гэсэн шүүмжлэл байдаг. Энэ хэвээрээ юү, өөрчлөгдсөн үү?

-Энд болж байгаа, бас болохгүй байгаа  зүйл бий. Ерөнхийд нь авч үзвэл, төрөөс шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар явуулж байгаа бодлогын хэрэгжилт 1998 оноос хойшхи  сүүлийн 21 жил  хангалтгүй байгаа. Манай төр, засаг эрдэмтдийнхээ үгийг сонсохдоо муу. Ер нь л  чих хатуутай шүү.Чих хатуутай хүнд аппарат зүүж байгаад, эсвэл чанга яриад сонсгож болдог атал сонсъё гэсэн хүсэл байхгүй бол яагаад ч нэмэргүй гэдэг нь амьдралын үнэн юм. Дээр нь  сонсъё гэх  цаг гаргахгүй бол бүр ч түвэгтэй. Манай төр, засаг өдөр тутмын тулгамдсан асуудал, үүссэн галыг унтраах гэж явсаар сүүлийн 20 гаруй жил шинжлэх ухаан техологийн  талаарх бодлогын хэрэгжилт маш муу явж ирлээ гэж би хувьдаа дүгнэж байгаа.

-Дэлхийн улс орнууд  шинжлэх ухаандаа  яаж ханддаг юм бол?

-Гадаад орнуудыг  харж байхад санал шийдвэр, бодлогын баримт бичиг гараад ирэхээр санал авахаас эхлээд боловсруулах, батлах хүртэл эрдэмтэн, судлаачдынхаа байр суурийг сонсч саналыг нь авдаг. Түүндээ үндэслэж шийдвэрээ баталдаг.
 

Нэгдүгээрт, дулаалга, хоёрдугаарт түлш, гуравдугаарт эрчим хүчний хангамжийн асуудал байгааг дурдаж, тооцоо, судалгаа гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ утааны суурь асуудал нь гэр, орон сууц, байшин барилгын дулаалга юм байна гэдгийг маш тодорхой, тооцоотой гаргаж ирсэн л дээ.

 

-Манайд нэг даргын, эсвэл хоёр   улстөрчийн сонирхолд  үндэслэж асуудлыг шийддэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Манайд хэдэн ч  тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр байсан  түүнд сайндаа  л гадны экспертийн саналыг авдаг. Тэр санал нь хэдэн арван сая доллараар үнэлэгддэг. Тэд ямар санал, дүгнэлт боловсруулж өгдөг вэ гэвэл, гадаад оронд иймэрхүү ажил яаж хийгддэг талаарх гэсэн загварт үндэслэсэн байдаг. Бас захиалагчийн, эсвэл захиалагчийг төлөөлөх этгээдийн элдэв сонирхолд нийцүүлэхэд багагүй анхаардаг юм шиг байгаа юм. Жишээ нь, Сайн-Шандын аж үйлдвэрийн цогцолбор  байна.Гадаадын экспертүүдийн саналыг нэлээн олон сая америк доллараар авсан. Гэтэл монгол эрдэмтэд  маш тодорхой усны асуудлаа тэгж зохицуулж байж шийднэ гээд бүх гаргалгаа, дүгнэлтийг хийчихсэн байхад манай төр, засаг огт сонсолгүй  л цогцолборыг барина гэсэн. Гадаадын экспертүүдийн гаргасан  дүгнэлт үнэхээр сайн байсан юм бол одоо тэнд ядаж ганц байшин барьчихсан байх ёстой шүү дээ. Гэтэл ганц ч тоосго тавиагүй. Тэгсэн атал хэдэн арван сая ам.доллар зарчихаад сууж байна. 10 сая ам.доллар гэдэг нь  манайдаа бол  улсын төсвөөс шинжлэх ухааны салбартаа өгдөг  нэг жилийн зардалтай бараг тэнцэнэ. Манайд бодлого, шийдвэрүүд ийм маягаар  явж ирлээ.

-Ямар тохиолдолд бодлого шийдвэрүүд гацах, эсвэл талцал маргаанаар ажил зогсоход хүрдэг вэ?

Нэг жишээ хэлье.  Монголын төмөр зам гэхэд төр, засгийн зүгээс бодлогоо 2012 онд маш тодорхой тогтоосон. Гагцхүү тэр бодлогоо хэрэгжүүлэлгүй нэг төр солигдоход А-аас Б хүртэл төмөр зам тавина гэдэг. Дараагийн төр “Үгүй. Б.-ээс Д рүү төмөр зам тавина” гэсээр  өнөөдөр нэг км зам ч тавьсангүй. Төрийн бодлогын залгамж чанар байхгүйн гамшгаар ийм байдалтай 10-аад жил өнгөрлөө. Тиймээс энэ асуудалд эрдэмтдийнхээ саналыг  дахин авах ёстой. Эдийн засгийн ач холбогдлын хувьд аль чиглэлийн төмөр замыг тавих вэ гэдэгт манай эрдэмтэд тооцоо, сцудалгаатай маш зөв дүгнэлтийг хийж өгнө. Яагаад гэвэл эрдэмтдэд ашиг сонирхлын зөрчил байдаггүй. Ашиг сонирхлын зөрчил ороод ирэхээр л  энэ  үйлдвэрийг байгуулбал надад ашигтай, ингэж шийдвэл чамд ашигтай гэхчлэнгийн асуудлыг тойрон эргэлдсээр  хамаг цагаа алдаад зогсохгүй үндэсний хэмжээний экспертийн дүгнэлт гаргаж чадахгүй болчихоод байгаа юм. Ийм зүйлүүдээс улбаалж, өнөөдөр нэг ч км төмөр зам тавиагүй атлаа 280 сая америк доллар зарчихаад юу ч болоогүй мэт байцгааж л байна. Энэ бол  манай улсын эдийн засагт асар том мөнгө. Харамсалтай нь манайхан экспертийн түвшний эрдэмтэн судлаачдынхаа  үгийг сонсохгүй хэвээрээ л байна.  Хаана очиж хамраараа шургаж унах юм бол гэмээр.

 

Ийм байдлаар явахаар эрдэмтэд сүүлдээ цөхөрч байгаа юм. Юм хэлээд нэмэргүй юм байна. Тэгэхээр дуугай байж байя. Нийгэмд хэрэгтэй юм хийгээд хэрэг алга, хүлээж авахгүй юм. Түүний оронд зүгээр онолынхоо судалгааг хийгээд, жилд нэг, хоёр өгүүлэл биччихээд сууж байя гэсэн байдалд орж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гээч зүйлд эрдэмтдийн хүч алга болоход хүрч байна.

 

 -ШУА өнгөрсөн жил   “Утааг бууруулах төсөл”-ийг Засгийн газарт танилцуулсан. Улаанбаатар хэзээ утаанаас салах вэ?  

– Ерөнхий сайд  байсан Ж.Эрдэнэбат тухайн үед  “Утааны асуудлаар эрдэмтэд санал, шийдлээ гаргаж өгөхийг даалгасан. Ажлын хэсгийг БСШУ-ны сайд асан Ж.Батсуурь ахалж, би орлогчоор нь ажиллаж, гурван сарын дараа, заасан хугацаанд нь саналаа  боловсруулж Ерөнхий сайдад биечлэн танилцуулсан. Нэгдүгээрт, дулаалга, хоёрдугаарт  түлш, гуравдугаарт  эрчим хүчний хангамжийн асуудал байгааг дурдаж,  тооцоо, судалгаа гаргаж  өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ утааны суурь асуудал нь гэр, орон сууц, байшин барилгын дулаалга юм байна гэдгийг маш тодорхой, тооцоотой гаргаж ирсэн л дээ. Тухайн үедээ төлөвлөгөө гаргаад, салбар бүрт хэрэгжүүлээд явж болох юм байна гэсэн. Ажил эхэлж байтал Засгийн газар огцорсон. Засаг огцорсны дараа тэр асуудал мартагдсан. Төрийн бодлогын залгамж чанар байхгүйн зовлон энэ. Дараа нь харин УИХ дээр ажлын хэсэг гарахад бид очиж, хэлэлцүүлэг дээр илтгэл тавьсан. Хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг  “Зөв саналууд байна. Хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргана” гэсэн. Яг хэрэгжүүлэх болоод иртэл өөр юм яриад эхэлсэн харамсалтай нь.

-Улстөрчдийн зүгээс сонирхлын зөрчил нөлөөлсөн  гэсэн үг үү?

-Нуулгүй хэлэхэд тэгсэн. Бид болохоор гэр, байшин байраа  дулаалъя. Дараа нь нийтийн орон сууцнууд, үйлдвэр аж ахуйн нэгж, албан газруудаа дулаалъя. Дулааны алдагдлаас хэмнэсэн эрчим хүчээр гэр хорооллоо цахилгаанаар халаая гэсэн. Гэтэл дулаалгын тухай огт ярихгүй  байгаа юм. Дулаалга ярьсан хүнийг хоцрогдсон  этгээд гэж үздэг юм шиг байгаа юм. Тийм биш, Монголын онцлог өөр. Манай нөхцөлд таван ханатай гэрээс хэчнээн хэмжээний дулаан, хаагуураа  алддаг гэх зэргээр манай судлаачид бүгдийг хэмжиж, тооцоолж, зааж зураад гаргаж ирсэн. Гэтэл үүнийг сонирхож, хөөцөлдөж хийе гэсэн яам, тамгын газар байхгүй. Нийслэлд дорвитой хийсэн зүйл мэдрэгдэхгүй л байна. Ийм байдлаар явахаар эрдэмтэд сүүлдээ цөхөрч байгаа юм. Юм хэлээд нэмэргүй юм байна. Тэгэхээр дуугай байж байя. Нийгэмд хэрэгтэй юм хийгээд хэрэг алга, хүлээж авахгүй юм. Түүний оронд зүгээр онолынхоо судалгааг хийгээд, жилд нэг, хоёр  өгүүлэл биччихээд сууж байя гэсэн байдалд орж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гээч зүйлд эрдэмтдийн хүч алга болоход хүрч байна. Ийм байдлаар удвал эрдэмтэд нийгэмд шууд хэрэгтэй зүйл хийдэггүй, зөвхөн онол гаргадаг болж хувирахад ойрхон байна.

-Эрдэмтдийг цалин багатай, төсөв нь ч  хомс, тэгээд хөгцөрсөн байшинд ном шагайж суудаг  гэж эртнээс хэлж, ярьж ирсэн. Байдал хэвээрээ байгаа юм шиг байна. Яг одоо ШУА, эрдэмтэн судлаачид юу хийж байна вэ?

– Энэ оны эхнээс цалин нэмсэн ч манай салбарын дундаж цалин улсын дунджаас  доогуур хэвээрээ. Иймээс сайн судлаач, эрдэмтэд ирэхгүй байна. Дээр нь манай  санхүүжилт маш бага. 2001 онд НҮБ-аас дэлхийн шинжлэх ухаан хөгжсөн, хөгжиж байгаа орнуудын томоохон эрдэмтэд орсон ажлын хэсэг байгуулж, тухайн улсын ДНБ-ний хэдэн хувийг шинжлэх ухаандаа зарцуулж байвал зохимжтой талаар санал боловсруулах ажлын хэсгийг АНУ-ын үндэсний шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр  ахлуулан байгуулж ажиллуулсан л даа. Ажлын хэсэг бүтэн жил ажиллаж саналаа өгсөн. Түүндээ хөгжиж байгаа орнууд ДНБ-нийхээ нэг хувиас багагүйг шинжлэх ухааны салбартаа хуваарилж  байвал улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өндөр хөгжилтэй орнууд дээд тал нь ДНБ-нийхээ 4.3 хувийг зарцуулдаг, тухайлбал Израйльд ийм. Ер нь улс орнууд  дунджаар ДНБ-нийхээ гурван хувийг шинжлэх ухаандаа зарцуулдаг. АНУ жилд  500 гаруй тэрбум, БНХАУ 400 гаруй тэрбум америк доллар гаргадаг. Монгол Улс хаахна  явааг бид мэдэхгүй. Яагаад гэвэл манай улс  тэр жагсаалтад орж чадаагүй. Учир нь 1990 оноос эхлэн манай  улсын   шинжлэх ухаанд өгдөг  ДНБ-ний хувь  байнга доошилж ирсэн.Тухайн  үед ДНБ-ний нэг хувийг хуваарилдаг  байсан бол одоо 0.1  хувийг өгч байна.  Судлаачдын тоо ч тэр хэмжээгээр буурсан. Өнөөдөр манайх шинжлэх ухааны салбартаа жилд 13 сая орчим америк доллар төсөвлөдөг нь АНУ-д нэг том эрдэмтэндээ өгдөг  ганц төслийн зардал юм. 13 сая ам.долларын 70 гаруй хувийг цалин, бусад үйл ажиллагаанд зарцуулдаг. Эрдэм шинжилгээний зардал  нь 20 орчим хувь байдаг. Бага мөнгө авдаг ч  гэсэн манай эрдэмтэд зүгээр суухгүй байгаа. Олон улсын түвшинд гэвэл бид сүүлийн гурван жил дараалан дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн  өгүүлөл, түүнээс авсан эшлэлийн тооны өсөлтөөр Азийн 46 улсаас 19 дүгээрт яваа. Гуравхан сая хүнтэй, дотроо хоёр мянга хүрэхгүй эрдэм шинжилгээний ажилтантай улсын хувьд энэ бол өндөр үзүүлэлт. Ийм учраас онолын судалгаанд монгол эрдэмтдийн үзүүлж буй түвшин хангалттай сайн байгаа гэж ямарч эргэлзээгүйгээр хэлж болно. Гэхдээ судалгааны гарсан үр дүнгээс хүний гар дээр юу тавьж, амьдрал дээр ямар ажил, үйлчилгээ нэвтрүүлж байна  гэвэл би хангалтгүй гэж хариулахаар байна даа, харамсалтай нь.
 

Гадаадын сэтгүүлд гаргаж байгаа өгүүллүүд бол харин өндөр үзүүлэлттэй байгаа талаар сая дурдлаа. Бодит жишээ гэвэл, байгалийн ухааны салбарт манай палеонтологчид байна. Судалгааны цар хүрээ, нийтлүүлж буй бүтээлийн хувьд тэд нар маань дэлхийд эхний гуравт явдаг. АНУ, Хятад, Монгол гурвын хэн нь нэгдүгээрт явааг шууд хэлэх боломжгүй гэдэг. Ямартай ч палентологийн судалгааны гурван том гүрний нэг бол Монгол.

 

-Шалтаг, шалтгаан гэвэл зөндөө байдаг байх. Хамгийн гол шалтгааныг нь онцлохгүй юу?

-Манайд технологийн  мэдрэмжтэй үйлдвэрлэлийн бааз суурь алга. Томруулсан туршилт хийх боломж алга. Тиймээс эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд гарааны компани байгуулж, тэнд жижиг үйлдвэрлэл явуулах гэж хичээцгээж байна. Иймэрхүү жижиг үйлдвэрлэлүүдийн технологийн түвшин харьцангуй өндөр боловч маш бага хэмжээний бас цөөн бүтээгдэхүүн гаргадаг. Тэдгээрийн зах зээлд хувь хэмжээ бараг байхгүйтэй адил, амиа борлуулах төдий. Иймээс томорч чаддаггүй. Гадаадын сэтгүүлд гаргаж байгаа өгүүллүүд бол харин өндөр үзүүлэлттэй байгаа талаар сая дурдлаа. Бодит жишээ гэвэл,  байгалийн ухааны салбарт манай палеонтологчид байна. Судалгааны цар хүрээ, нийтлүүлж буй бүтээлийн хувьд тэд нар маань дэлхийд эхний гуравт явдаг. АНУ, Хятад, Монгол гурвын хэн нь нэгдүгээрт явааг шууд хэлэх боломжгүй гэдэг. Ямартай ч палентологийн судалгааны гурван том гүрний нэг бол Монгол.

Нийгэм, хүмүүнлэгийн салбарт манай түүх, археологийнхон бас л дэлхийн энтэй ажиллаж, олны сонирхлыг татсаар байдаг. Жилд дэлхийн 10 гаруй орноос 40-өөд экспедиц ирж ажиллаж байна. Түүнээс ч олон экспедиц ирж ажиллая гэдэг ч манайх  хүн хүчний нөөц багатай  учраас авч чадахгүй байгаа юм. Гэвч гаргаж байгаа үр дүнгээрээ манайхан аль хэдий дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Манай Түүх-Археологийн хүрээлэн бол одоо Дэлхийн монгол судлалын нэг том төв  болж байна. Гадаадын тэр бүр шинжлэх ухаандаа мөнгө өгч чаддаггүй орнууд, жишээ нь Оросын монгол судлачдын номыг манайх хэвлүүлж өгдөг. Гадаадаас эрдэмтэд ирж манай хүрээлэн дээр урт хугацаагаар сууж  ажиллаж байна. Энэ бол дэлхийн жишгийн хаитын ажиллагаа. Олон улсын том төвүүдэд залуу судлаачдаа илгээж, эрдмийн зэрэг хамгаалуулж байна.

Нөгөө талаас баялаг бүтээгч шинжлэх ухаан буюу хими, физик, биологийн салбарт үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон, тухайлбал,  бордоо, тэжээл, нүүрс гүн боловсруулах технологиуд бэлэн бий. Үйлдвэрлэлд нэвтрүүлье гэхээр түрүүнд миний хэлсэн бэрхшээл тулгардаг. Саяхнаас ШУА “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажиллахаар болж, Хими, химийн технологийн хүрээлэнгийнхэн Эрдэнэтийн “алдарт” цагаан тоосыг дарахаар ажиллаж байна.  Биологийн салбарынхан Улаанбаатарын үнэрийн бохирдол /цэвэрлэх байгууламжаас гардаг, дээр нь 200 гаруй айлын нүхэн жорлонгийн үнэр/ -ыг дардаг бодисыг хийж, нийслэлийн зарим хороонд туршиж  байна. Ямартай ч зун, намрын улиралд энэ үнэрийг дарж, ялгадсыг бордоо болгох хэмжээнд тушилт хийгээд байна. Жишиг болгож  Багануурт хийхээр Нийслэлийн Засаг даргатай ярьж байна. АСЕМ-ийн үеэр энэ ажлыг манай ахмад эрдэмтэн Ж. Дугаржав хийсэн. Тэгэхээр  монголчуудад боломж  байна. Гагцхүү эрдэмтдийн саналыг дэмжихгүй байгаа явдал нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүст ашиггүй байдгаас болдог байх. Эрдэмтэд тооцоогоо нарийн гаргаж, үр дүнг тооцоолдог, нөгөө нөхдүүд “цавчаа” гарахгүй нь гээд дэмждэггүй байж ч мэднэ. Манай улсад бүх шатандаа “цавчаа” сонирхдог гэж бүгд л ярьж, бичдэг. Олны үг ортой л гэдэг.  Мэргэжилтнээс эхлээд дээд дарга нар хүртэл олон шат дамжлага дараалаад цавчаад байвал юу бидэнд үлдэх нь ойлгомжтой шүү дээ. Эрдэмтэн хүн хэзээ ч ийм зүйлтэй эвлэрэхгүй. Иймээс ажил урагшаа явахад амаргүй байдаг болов уу даа.

 

Нийгэм, хүмүүнлэгийн салбарт манай түүх, археологийнхон бас л дэлхийн энтэй ажиллаж, олны сонирхлыг татсаар байдаг. Жилд дэлхийн 10 гаруй орноос 40-өөд экспедиц ирж ажиллаж байна.

 

-Экосистемийн тэнцвэрийн асуудал монголчуудын толгойны өвчин боллоо. Эрдэмтэд энэ талаар судалж байгаа биз?

– Энэ зөвхөн монголчуудын толгойны өвчин биш л дээ. Монгол бол харин экологийн тэнцвэрээ алдахдаа маш амархан бүс нутагт байдаг. Дэлхийн дундаж температур сүүлийн 60 гаруй жилийн судалгаагаар  0.7оС өссөн байгаа бол Монголд 2.0оС градус байна. Энэ туйлын үнэн эсэхийг хэлэхэд хэцүү. Гэхдээ манайд халалт илүү байгаа. Эко системийн тогтвортой байдал алдагдвал манайд  тогтвортой хөгжил гээч ойлголт бараг  утгагүй зүйл болно. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн 17 зорилтыг 15 жилд хэрэгжүүлэхээр дэвшүүлэн гаргасаны дотор экосистемийн тэнвцэрийг хадгалах асуудал байгаа. Энэ чиглэлийн судалгаа хийхэд асар их мөнгө ордог. Харин ийм асуудлыг судалдаг манай Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэмтэд мөнгө багатай. Гэсэн ч гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудын сонирхлыг татаж, Монголын экосистемүүдийн төлөв байдлын судалгааг үндсэндээ гадны мөнгөөр тэд нар маань хийж байна. Энэ бол төрийн бодлогод, улс орны бодлогод алсдаа асар их нөлөө үзүүлэх ажлууд. Ийм маягаар манай эрдэмтэд мөнгөгүй гэж зүгээр суухгүй үр дүн гаргасаар байна.

Хаана ч очсон манай залуу судлаачид тухайн улс орны хүрээлэн, лабораторийн эрхлэгч нарын сонирхлыг татаж, ажил олж чадаж байна. Тиймээс монгол хүнийхээ оюуны чадавхи, чадамжийг ашиглан шинжлэх ухаанаа дэмжих юм бол Монгол Улс богино хугацаанд хөгжлөөрөө дээшээ гарч ирнэ. Огт эргэлзэхгүй хэлж болох зүйл  энэ юм даа.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗАЛУУ 2019-05-09 13:20:28
    Маш мундаг сэтгэлгээтэй ярьсан байна Шинжлэх ухааны хүмүүсээ маш өндөр хангамж эдлүүлээд тийм зүйл бүтээ гээд засгаас шийдвэр гаргамаар юм
  • Эрэгдэл 2019-05-08 07:16:10
    Оюуны чадамжаа буруу ашиглавал монгол улс хөгжихгүй. Д.Эрэгдэл
  • Зочин 2019-05-08 02:32:27
    Худлаа тунхаглалын чанартай юм ярихиймаа бүгд л... Яаж гэдгийг яриач дээ хөгшөөн