Д.Ганзоригоос татгалзаж, Х.Батсүрэнг гаргаж ирлээ

Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдаан өчигдөр болж, олонхийн саналаар Х.Батсүрэнг Ерөнхий шүүгчид дэмжжээ. Энэ удаа Х.Батсүрэнтэй өрсөлдөх нэр дэвшигч гараагүй байна. Хуралдааны дараа түүнийг томилуулах саналаа Дээд шүүхээс Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Улмаар Ерөнхийлөгч энэ долоо хоногт багтан зарлиг гаргаж, Х.Батсүрэнг Ерөнхий шүүгчээр батламжлах товтой байна.

Уг нь энэ асуудлаар Дээд шүүхийн шүүгчид өнгөрсөн сарын 3-нд хуралдаж шийдвэрээ гаргаад байсан. Ерөнхий шүүгчид дөрвөн хүн нэр дэвшиж, хоёр нь нэрээ татсанаас Х.Батсүрэн, Д.Ганзориг нар үлдэж, Д.Ганзориг олонхийн санал авч байв. Түүнийг Ерөнхий шүүгчээр томилуулах саналаа ч  Ерөнхийлөгчид хүргүүлсэн.  Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс Д.Ганзоригийг батламжлахаас татгалзсан. Тиймээс шүүгчдийн  зөвлөгөөнийг дахин зохион байгуулж, Ерөнхий шүүгчээ сонгох нөхцөл байдал үүссэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас Д.Ганзоригийг томилохоос татгалзсан үндэслэлээ ингэж тайлбарлажээ. “…Шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулиар төрийн албан тушаалд хувь хүний мэдлэг боловсрол, ур чадвар, туршлага ажлын үр дүнг харгалздаг байх чадахуйн зарчим меритыг хуульчилсан.  Ерөнхий шүүгчээр томилогдох хүн энэ зарчмыг бүрэн хангасан, шүүхийг дотоод гадаад харилцаанд төлөөлөх бүрэн боломжтой, шүүх засаглалд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх боломж бүхий хүн байвал зохино…” гэжээ.  Түүнчлэн Д.Ганзоригтой холбоотой томилгоог эсэргүүцсэн иргэдийн өргөдөл гомдол ЕТГ-т ирсэн талаар дурдсан байна. Ерөнхийлөгчийн зүгээс Д.Ганзоригоос татгалзсан шалгаан нь ердөө л энэ юм.

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгын харьцуулан харахад Х.Батсүрэн нь  1965 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 54 настай. 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль, 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи, 1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч, 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн, 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр, 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус  ажиллаж байна. Шүүгчээр 15 жил ажилласан гэжээ.

Д.Ганзориг нь Өвөрхангай аймагт төрсөн. 1984-1994 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр сургууль, 1994-1998 онд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. 1999-2004 онд СХД-ийн Шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар СХД-ийн шүүхийн шүүгчээр томилогджээ. Улмаар  2013 оноос Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Шүүгч нарын дунд харьцангуй залуу үеийн  төлөөлөлд тооцогддог.  Шүүгчээр 14 дэх жилдээ ажиллаж байна. Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулга иймэрхүү байв.

Хуулийн хүрээнд бол Ерөнхийлөгч Ерөнхий шүүгчийг дараах байдлаар томилдог.  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2-д Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана. 15.3-д Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно гэжээ.  Харин Үндсэн хуулийн 51.2-т зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно гэжээ.

Тэгэхээр хуулийн хүрээнд Ерөнхий шүүгчийн томилгоонд асуудал үүсэх магадлалтай байна.  Ерөнхийлөгч  шүүгчээр томилох ШЕЗ-ийн шийдвэрийг буцааж болно.  Харин Улсын дээд шүүхийн шүүгч нарын сонгон шалгаруулсан  Ерөнхий шүүгчийн асуудлыг буцаах эрх зүйн боломж Ерөнхийлөгчид байхгүй л болж таарсан.

Гэсэн ч Д.Ганзоригоос татгалзаж, Х.Батсүрэнг гаргаж ирлээ. Х.Батсүрэн энэ удаа ямар ч өрсөлдөгчгүйгээр  шүүгчдийн олонхийн саналыг авав.   Ерөнхийлөгч удахгүй батламжлах нь тодорхой байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-05-08 03:30:59
    ШЕЗөвлөл Лүндэндорж мэддэг гэж юу байхав
  • иргэн 2019-05-08 02:14:05
    улаан луйварчин хулгайчийг еренхийлегч болгочихоод одоо гоншигнох хэрэггуй хэн та нарыг сонго гэсэн юм хохь нь гэдэг юм монгол ялж байгаа нь энэ