Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногийн онцлох содон үйл явдлуудыг хүргэе.

Нөхөн сонгуульд 11 нам оролцоно

Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх сарын 30-нд болохоор тов гарсан энэ дагуу нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлсэн улс төрийн 13 намын баримт бичгийг СЕХ-нд хүргүүлсэн байна. Үүнээс Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу нягтлан шалгасан дүнг авч хэлэлцээд хуульд заасан шаардлагыг хангасан 11 намыг УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тухай тогтоолыг баталсан бөгөөд өнөөдөр бүртгэгдсэн намуудад батламж олгох юм. Үүнд:  
 1.      Хөдөлмөрийн Үндэсний Нам
2.      Ард Түмний Олонхийн Засаглал Нам
3.      Монголын Ногоон Нам
4.      Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
5.      Ардчилсан Нам
6.      Монгол Ардын Хувьсгалт Нам
7.      Монгол Ардын Нам
8.      Дэлхийн Монголчууд Нам
9.      Монгол Консерватив Нам
10.  Зон Олны Нам
11.    Үнэн Ба Зөв Нам
Харин Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Хүний Төлөө намуудыг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа. 
 
Н.Алтанхуяг АН-ын жирийн гишүүдээ уриаллаа

АН-ын Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос шийдвэр гаргаж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хассан билээ. Түүнийг намын дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн шалтгаанаар намаас хассан юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийж, гүтгэлэг хэмээн мэдэгдэж, цагдаагийн байгууллагад хандсан гэдгээ мэдэгдлээ.
Үүнээс гадна тэрбээр АН-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ. Н.Алтанхуяг “Ардчилсан нам улс орны хөгжил, бодлого, ард түмний амьдрал ахуй ярихаа больсон. Энэ тухай ярихаараа 60 тэрбум, 49 хувийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. Гэхдээ үүнийг АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан нөхөд. Тэд АН-ын нэр хүнд, олон мянган гишүүний итгэл сэтгэлээр тоглож байна. 30 жилийн өмнө АН-д нэгдсэн олон мянган гишүүд ийм зүйлийг дэмжихгүй” гэдгийг хэллээ. Мөн АН-ын удирдлага АН-ыг нам биш болгож буйгийн хоёр жишээг дурдав.
Энэ үеэр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг АН-ын жирийн гишүүдэд хандаж,  өөртөө нь нэгдэж нийлэх хүн байвал хүрээд ир гэж уриаллаа. 
АТГ-ын шинэ удирдлагуудыг томиллоо

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы  хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 
Улмаар АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн    87.5 хувь нь тус тус дэмжсэн юм. 

Мөн АТГ-ын дарга, дэд даргыг томилох санал дэмжигдсэн тул АТГ-ын дарга Х.Энхжаргалыг, дэд дарга Ц.Нямдоржийг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн. 
 
Тарваган тахал өвчнөөр хоёр хүн нас барлаа

Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд Тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн 2 хүн нас барлаа. Одоогоор мэдэгдэж байгаагаар амь хохирсон иргэд тарваганы түүхий хүн мах, бөөр идсэн болох нь тогтоогджээ.
 
Иргэн Т 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд тус сумын Талын толгойд гэдэг газар нас барсан бол өвчтөн Р нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 03.00 цагт нас баржээ. Тус аймгийн төвд хөл хорио тогтоож, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа хийж байна.
П.АНИР 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.