Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороогоор дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс улс хоорондын шуудангийн илгээмжийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох, шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах, үйлчлэгчийн үүрэгт салбарын өрсөлдөөнийг дэмжих зорилгоор үйлчлэгч өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх гэсэн зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8, найруулгын шинжтэй 3 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалт буюу 25.3 дахь хэсгийг “Үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркийг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар батална” гэж, 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу 25.2 дахь хэсгийг “Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтов.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу 21.1 дэх хэсгийг “Улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө” гэж, 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу 21.2 дахь хэсгийг “21.2.Улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарна” гэж тус тус өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзлээ. Харин төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 7.1.8 дахь заалтыг “Олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнгүй. Иймээс эцсийн хэлэлцүүлгийн шатанд энэ саналыг анхаарч нягтлах чиглэлийг хуралдаан даргалагч ажлын хэсэгт өгөв. Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.