“Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл”-тэй холбогдуулан гаргасан санал, зөвлөмж

Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах арга замыг эрэлхийлэн санхүүгийн зохицуулагч байгууллагууд, банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэд болон судлаачдыг оролцуулан дараах цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүнд:  

  • 2018/03/20: “Зээлийн хүүг бууруулах стратеги” сэдэвт хэлэлцүүлэг,
  • 2018/09/24: “Зээлийн хүүг бууруулах эрхзүйн орчин, олон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг,
  • 2018/11/16: “Зээлийн хүүг бууруулах арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг.

Эдгээр хэлэлцүүлэгийн үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн танилцуулж байна:

Нэг. Манай оронд зээлийн хүүг бууруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө хүүлэлтийг зогсоох, иргэд хоорондын богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн харилцааг зохицуулах шаардлага байна.

Хоёр. Гэхдээ банкны салбарт захиргаадалтын аргаар хүүг хязгаарлах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох тул тогтвортой хэрэгжих боломжгүй. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлийн тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн зуучлалыг зогсоож,  хөрөнгийн зугаталтыг бий болгож, санхүүгийн хүртээмжийг хумиж, эдийн засгийг хүндрэл рүү хөтлөх эрсдэл өндөр байна.

Гурав. Банкны салбарын зээлийн хүү нь эх үүсвэрийн хүү, зээлдэгчийн эрсдэлийн түвшинтэй уялдан тогтдог тогтолцоонд захиргаадалтын аргаар шууд нөлөөлөх нь жижиг, дунд бизнес эрхлэгч, бага орлоготой иргэд болон орон нутгийн зээлдэгчдэд хүрэх зээлийн үйлчилгээг хумиж, хүртээмжийг бууруулна. Энэ нь эргээд албан бус зээлийн үйлчилгээ хөгжих нөхцөлийг бий болгож, санхүүгийн байгууллагуудын шимтгэл өсөх зэрэг сөрөг үр дагавартай. Бусад орны жишээ, сургамжаас харахад зээлийн хүүний дээд хязгаарыг хуулиар тогтоох анхны санаа нь зээлийн хүү хэт өндөр, зээлийн үйл ажиллагаанд мөнгө хүүлэлтийн хэв шинж байна гэсэн олон нийтийн хүсэл, сонирхолд нийцүүлж буюу зээлийн төлбөрийн дарамтыг бууруулах, санхүүгийн хүртээмжийг сайжруулах гэсэн зорилготой байжээ. Гэвч бодит байдал дээр эсрэг нөлөө үзүүлдэг сургамжууд байна. Тухайлбал:

  • Баруун Африкийн орнууд (Бенин, Буркина Фасо, Мали, Нигер, Синегаль, Того, Каот-Дивуар, Гвиней-Бисау) 2014 онд зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон хэдий ч үүний нөлөөгөөр алслагдсан бүс нутгуудад үйл ажиллагаа эрхлэх санхүүгийн байгууллагууд эрс цөөрч, ядуу болон алслагдсан бүс нутгийн иргэд зээл авч чадахгүйд хүрчээ.
  • Герман, Франц улсад зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон нь бага орлоготой иргэд болон өрхүүдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүний төрлийг бууруулж, бага орлоготой, харьцангуй өндөр эрсдэлтэй зээлдэгчид зээлийн үйлчилгээнээс хасагдахад хүргэжээ.
  • Латин Америкийн орнууд (Эквадор, Перу, Мексик, Бүгд найрамдах Доминикан) зээлийн хүүний дээд хязгаар тогтоосон нь бичил санхүүгийн байгууллагуудын зээл олголтыг бууруулж, хөдөө орон нутгаас санхүүгийн байгууллагууд дүрвэж, хүүгийн бус шимтгэл, хураамжийг нэмэгдүүлсэн зэрэг сөрөг нөлөө үзүүлжээ. Үүний нөлөөгөөр тус улсуудын жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ), бизнес эрхлэгчид илүү хохирол амсжээ.
  • Кени улс 2016 онд зээлийн хүүний дээд хязгаар, хадгаламжийн хүүний доод түвшинг хуулиар тогтоожээ. Үр дагаварт нь банкууд эрсдэлээ бууруулах зорилгоор том аж ахуйн нэгж, байгууллагуудад зээлийн үйлчилгээг түлхүү үзүүлж, ЖДҮ эрхлэгчид болон хэрэглээний зээл хүсэгчдэд өндөр шаардлага тавьж, тэдгээрт олгох зээл эрс буурчээ. Үүний зэрэгцээ хууль хэрэгжиж санхүүгийн байгууллагуудын хураамж, шимтгэл нэмэгдэж, зээлийн хугацаа богиносч, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлжээ.
  • Хүүний дээд хязгаар тогтоох тохиолдолд санхүүгийн байгууллагууд нь эх үүсвэрийн зардал, эрсдэл, зээл олгохтой үйл ажиллагааны зардлаа нөхөх, өөрсдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хүүний бус орлого болох зээлийн хураамж, шимтгэлийг нэмэгдүүлдэг. Мөн зээлдэгчдээс зээлийн даатгал зэрэг нэмэлт үйлчилгээ авахыг шаардаж эхэлдэг олон улсын жишээ байна. Эдгээр нь зээлдэгчид, ялангуяа санхүүгийн боловсрол багатай зээлдэгчид зээлийн нийт зардлыг тооцоход илүү төвөгтэй болгох бөгөөд зээлийн зардлын ил тод байдлыг бууруулдаг байна.
  • Зээлийн хүүний дээд хязгаар тогтоосны дараа жижиг болон дунд хэмжээний санхүүгийн байгууллагуудын хувьд эх үүсвэр татан төвлөрүүлэхэд хүндрэл учрах, зах зээлээс шахагдах, ашигт ажиллагаа нь огцом буурч, цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж чадахгүйд хүрэх эрсдэл өндөр юм. Санхүүгийн байгууллагуудын зээл олголтын хэмжээ, ашигт ажиллагаа, активын өгөөж нь буурахын зэрэгцээ чанаргүй зээлийн хэмжээ нэмэгддэг байна. Энэхүү нөхцөл байдал цаашид удаан үргэлжилбэл зах зээлд эрсдэл хуримтлагдах, санхүүгийн зах зээл тогтворгүй байдалд орох сөрөг нөлөөтэй.
  • Мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр нөлөө, төв банкны зорилтоо хангах боломжийг хязгаарлах, төв банкны бие даасан, хараат бус байдал байдалд сөргөөр нөлөөлнө. Тодруулбал, бодлогын хүүг ашиглан зах зээл дээрх хадгаламж, зээлийн эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах боломж хязгаарлагдана. Санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү, хэмжээний шийдвэрт бодлогын хүүнээс гадна бусад хязгаарлалт, эрсдэлүүд илүү хүчтэй нөлөөлнө.

Дөрөв. Хууль тогтоох байгууллагаас зах зээлд хүү тогтох тогтолцоонд шууд оролцож, чөлөөт эдийн засгийн зарчмаас ухрах нь олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө Монгол улсын хүлээсэн үүрэг амлалттай харшлахын зэрэгцээ гадаад зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зорилтод ч сөргөөр нөлөөлөх болгоомжлол байна. 

Тав. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай эрх зүйн орчныг олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох ёстой. Монголбанкнаас “Cанхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай хууль”-ийн төслийг боловсруулж, өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна. Харин одоо өргөн баригдсан хуулийн мөнгө хүүлэлттэй тэмцэх зохицуулалт дээр илүүтэй анхаарах шаардлагатай байна.

Зургаа. Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх, мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах, банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах замаар зээлийн хүүг бууруулах боломжтой. Эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар зээлийн хүүг зах зээлийн зарчимд тулгуурлан бууруулах зорилготой боловсруулсан “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023”, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр батлуулаад байна. Энэ стратегийг амжилттай хэрэгжүүлэх нь санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, хүү буурах макро орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ зэрэгцээ зээлийн хүү дорвитой буурч, тогтвортой байхад нөлөөлнө. Ялангуяа, энэхүү дунд хугацааны стратеги нь улс төрийн орчноос үл хамааран манай орны эдийн засгийн бодлогод тогтвортой хадгалагдан хэрэгжиж үр дүнд хүрэх учиртай.

Долоо. СТБЗ-өөс баталсан “Чанаргүй активын бууруулах стратеги”, түүний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь санхүүгийн зуучлал өргөжих, зээлийн хүү буурах болон санхүүгийн тогтвортой байдал хангагдахад чухал байна. Чанаргүй зээл нэмэгдэхийн хэрээр банкнаас олгох зээлийн хэмжээ, санхүүгийн зуучлал хумигдаж, зээлийн хүү өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засгийн идэвхжил сулрахад нөлөөлнө. Иймд тус стратегид туссан чанаргүй зээлийг үр ашигтай шийдвэрлэх эрх зүйн орчинг бий болгох нь олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэн санхүүгийн зуучлалыг өргөжүүлж, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлнэ.  

Найм. Зээлийн хүү өндөр байхад санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлаас гадна эх үүсвэрийн хүү, зардал өндөр байгаа нь гол хүчин зүйл болж байна. Ялангуяа, хадгаламжийн зах зээл дээрх хэт төвлөрөл, түүнээс үүдэлтэй эх үүсвэрийн зардал өндөр байгаа асуудлыг шийдвэрлэх асуудал чухал байна. Иймд эх үүсвэрийн зардлыг зах зээл, эдийн засагт гажуудал үүсгэхгүйгээр бууруулах шийдэл олох шаардлагатай байна. Энэ чиглэлд бодлогын хэрэгслүүдийг оновчтой ашиглахаар Монголбанк эрэл хайгуул хийж ажиллаж байна.

Бусдад түгээх
  • gplus