А.Болормаа:Үзэгчтэйгээ аз жаргалаа хуваалцахаар догдлон хүлээж байна
 
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа энэ тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр анхны бие даасан “Аз жаргал” нэртэй тайлан тоглолтоо хийхээр тун завгүй явна.

Түүнийг “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч гэдгээр нь үзэгчид андахгүй сайн танина. Ингээд түүнтэй уран бүтээл болон тоглолтынх нь талаар ярилцлаа.

А.Болормаагийн хувьд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хүрч дуулахад, эх оронч дайчин цэрэг эрс дуунд минь ээжийгээ бодон уясч, эх орноо хайрлан омогшихыг хараад сэтгэлдээ би ч бас элгэн халуун эх орноо өөрийнхөөрөө хамгаалж яваа гэж баярлан тэмүүлж явдаг. 

Монгол хүн бүр гэр бүл, эх орноо гэсэн чин сэтгэлтэй байдгийн адилаар эх орны цэрэг, ээж аавын хайртай охин, энхрий охины ээжийн үүргээ гүйцэтгэн амьдардаг жирийн нэгэн цэргийн дуучин бүсгүй юм.



-Сайн байна уу. Анхны бие даасан тоглолтоо хийх гээд зав тун бага байх шиг байна. Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Энэ тавдугаар сарын 09-нд UB паласын концертын их танхимд анхны бие даасан “Азжаргал” нэртэй тоглолтоо хийх гээд цаг наргүй ажиллаж байна. Бэлтгэл ажил маань ерөнхийдөө 70 хувь хангагдсан.

-Тоглолтын онцлог юу байна. Зарим дуучид хэтэрхий урт нуршсан тоглолт хийж, үзэгчдийг залхаадаг гэх шүүмжлэл бий?

-Миний тоглолт гурван хэсгээс бүрдэнэ. Мэдээж цэрэг эх орны сэдэвтэй дуунууд дуулагдана. Хоёрдугаар хэсэгт орос дуунууд байгаа бол гуравт Vocie шоунд оролцож байхдаа дуулж байсан шилдэг үзүүлбэрүүдээс толилуулах болно. Цэргийн эмэгтэй дуучны хувьд арай өөр өвөрмөц болох болов уу. Нийт 23 үзүүлбэртэй байна. Эхний 15 нь яг миний өөрийн уран бүтээлүүд байгаа. Тоглолт маш сайхан болно, эх орноороо та бүхэн бахархана гэдэгт итгэж байгаа. Үзэгчдээ уйдаахгүй, залхаагүй ээ.

-Таныг ЦДБЭЧ-ийн гоцлол дуучин гэдгээр нь мэднэ. Энэ байгууллагатай хэзээнээс эхэлж хувь заяагаа холбов?

-Энэ чуулгад ажиллаад долоон жил болж байна. Есдүгээр ангид байхдаа манай дуу хөгжмийн багш цэргийн хувцас олж өгөөд цэргийн дууны тэмцээнд “Хаврын шөнийн бодол” дууг дуулуулж нэг тэмцээнд оруулаад түрүүлж байсан.
Анх СУИС-д сурч байхдаа цэргийн урлагийн байгууллага байдаг гэж мэддэггүй байсан. Тэгээд сургуулиа төгссөний дараа цэргийн урлагийн байгууллагыг олж мэдээд цэргийн байгууллагатай амь амьдралаа холбосон доо.

-Яагаад ч юм бэ цэргийн дуучин гэж бодохоор нэг тийм цог золбоотой, гал цогтой жавхалзсан дайчин эмэгтэй байх гэж санагдаад байна?

-Дайчиндаа дайчин, даруухандаа даруухан даа, би /инээв/.

-Цэргийн хүн эх орноо нар зөв тойроод дуулж явсан үеүүд олон байх?

-Сайхан шүү. Анх ажилд ороод эхний жил бол их шантарсан. Цэргийн байгууллага чинь бүх зүйл нь цаг нартай, дэгтэй байдаг ч бүхнийг даваад гарсан өөрөөрөө бахархдаг. Ажилд орсон анхны жилээ Монгол орноо нар зөв бүтэн тойрсон байдаг юм. Их сайхан дурсамж шүү.

-Таны удамд урлагийн хүн бий юу?

-Байхгүй. Гэхдээ манай аав, ээж хоёр залуудаа орцонд гитар тоглож их гоё дуулдаг байсан.

-Урлагийн хүн байхын сайхан муухай, зовлон жаргал юу юм бэ?

-Сайхан уран бүтээлээ урлагийн алтан тайзан дээр дуулаад ард түмнээсээ алга ташилтаар урам авна гэдэг хамгийн сайхан. Гоё сайхан харагдах, биеэ зөв авч явах гээд асуудлууд бий.
Гэтэл зарим найз нөхөд, урлаг ойлгодоггүй хүмүүс “Та нар ёстой амар хялбар аргаар мөнгө олдог. Нэг дуу дуулаад тэдэн төгрөг авдаг биздээ” гэж хэлж ярих нь үнэхээр онцгүй санагддаг. Нэг дуу дуулахад ямар их цаг хугацаа, хүч энерги өөр бусад зүйлс шаардлагатай байдгийг мэдэхгүй, өнгөц дүгнэлт хийгээд байдаг нь муухай санагддаг. Миний хувьд одоогоор нээх тийм нэр алдартай дуучин болчихоогүй байна. Уран бүтээл дөнгөж эхэлж байна. Зовлон жаргалыг хараахан мэдрээгүй явна даа.

-Та өөрийгөө Vocie шоунд оролцсноор илүү өөрийгөө нээсэн байх гэж боддог уу?

-Өмнө нь тэмцээнд оролцох их дургүй байсан. Манай ах энэ тэмцээнд ороочээ гэж их гуйсан. Хэрвээ энэ тэмцээнд орвол их зүйл өөрчлөгдөх гээд байна гэж хүсэлт тавьсны эцэст энэ шоунд орсон. Ахынхаа ятгалагаар орсноор энэ шоунд финалын шат хүртэл явж, бараг түрүүлэхээ шахсан. Би өөрийгөө үнэлдэггүй байсан юм болов уу. Эхэндээ бол их айж эмээсэн. Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин байж нэгдүгээр шатнаасаа хасагдчихвал яанаа гэж их айсан. Энэ шоунаас их зүйлийг олж харсан. Мэдээж тодорхой хэмжээгээр олны танил болсон. Их зүйл суралцсан.



-Тоглолтын нэр “Аз жаргал” live concert  гэжээ. Их сонин содон санагдаж байна. Нэрнийхээ талаар яривал?

-Нэгдүгээрт анхны бие даасан тоглолт, хоёрдугаарт Ялалтын баярын өдөр хийж байгаа. Өөрөө эмэгтэй хүн гэдэг утгаараа энэ нэрийг өгсөн. Мэдээж МУГЖ Д.Отгонбаяр ахын гайхамшигтай аялгуут дуунуудын нэг Ш.Урьхан хэмээх яруухан бүсгүйн шүлгээр  “Аз жаргал” гэдэг  энэхүү дуу минь бүтэж үзэгч, сонсогчдын хүртээл болсон. Ер нь амьтан бүхэн л азжаргалтай байгаасай гэж хүсэж ерөөж ийм гоё уран бүтээл хийсэн. Бид бүгдээрээ ярилцаж тохиролцож энэ нэрийг өгсөн.

-Тэгвэл аз жаргал гэж юу юм бэ?

-Аз жаргал гэдэг зүйлийг бид энд тэндээс хайх шаардлага байхгүй. Бидэнд үргэлж байдаг, гагцхүү бид түүнийг дотроосоо мэдэрч нээнэ гэдэг л хамгийн чухал. Азжаргалыг алсаас хайх хэрэггүй, хүн бүхний дэргэд азжаргал байгаа учраас тэр бүхнээ мэдрэх нь маш чухал юм. Тийм ч учраас бусдадаа аз жаргалтай эерэг хандлага түгээх зорилгоор “Аз жаргал” хэмээн тоглолтоо нэрийдсэн.

-Уран бүтээлийнх нь том зөвлөгч, дэмжигч хэн байгаа вэ?

-Цэргийн дуучин болохоор цэрэг эх орны тухай дуу их дуулна. Ажлын хамт олон том зөвлөгч дэмжигчид. Сая Voice шоунд оролцоход продюсер МУГЖ Д.Отгонбаяр ахын багт орсон. Өөрийнх нь шилдэг шонхор болж үлдсэн учраас уран бүтээл тал дээр намайг илүү их дэмжиж тусалдаг. Ахынхаа зохиосон “Эх орны төлөө” дуугаа бид хоёр хамтран дуулж дүрсжүүлсэн байгаа. Энэ дуугаа бид хоёр шоуны финал дээрээ хамтарч дуулж байсан. Энэ дуу маань олон түмэнд их хүрчээ. Мөн бид хоёрын “Миллион алых роз” буюу “Сая сая сарнай” дуу дуулагдана.

-Тоглолтод урилгаар ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Хүний амьдрал гэдэг баяр гуниг, жаргал зовлон ээлжлэн байдаг он цагийн энэ хэлхээст  нэг үдшийг хамтдаа сайхан өнгөрүүлнэ. Тоглолтонд урилгаар “Хурд”, “Хар сарнай” хамтлаг, Хар тасын МАРКА, “А-капелла”, “Маршил” хамтлаг, “Voice of Mongolia” шоуны OtgooTeam-ийн шилдэг оролцогчид болон ЦДБЭЧ бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох болно. Амьдралын азжаргалтай нэгэн үдшийг хамтдаа дуу хууранд жаргаж өнгөрүүлцгээе.  Та бүхнийгээ Болороо нь аз жаргалтайгаар хүлээж авах болно.  Үзэгч, сонсогчигтойгоо азжаргалтайгаар уулзах өдрийг тэсэн ядан догдон хүлээж байна шүү.

-Тоглолтын тасалбараа хаанаас худалдаж авах билээ?

-Билетийг ticket.mn https://www.ticket.mn/event/711 эсвэл 1900-1950 аар үнэгүй хүргүүлж аваарай. Мөн та 8802-2410 9991-0808 гэсэн утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

-Залуу уран бүтээлч хүний алс хэтийн зорилгыг сонирхвол?

-ЦДБЭЧ-тайгаа хувь заяагаа холбосон хүн. Эхний ээлжинд бие даасан тоглолтоо хийчихээд дараа нь цомог гаргана. Өө тэгээд өчнөөн зүйл бодож төлөвлөсөн байгаа. Биелүүлэхийн төлөө зүтгэнэ дээ.







О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-02 12:54:35
    Chamaig demjij bn.sxn busgui mini chamd amjilt xusie.xairlamaar sxn busgui.
  • зочин 2019-05-01 03:59:06
    ЧАМХЙГ ДЭМЖДЭГ ШҮҮ САЙХАН ДУУЛДАГ БҮСГҮЙ ТОГЛОЛТОНД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ
  • 1 2019-04-30 10:50:20
    СУИС -д сурч байж цэргийн урлагийн байгууллага байдаг гэдгийг мэдээгүй гэдэг чинь ямар нэг юм хэлээд л байна даа Дажгүй дуулдаг юм билээ хэт их чарлаж дуулбал ....
  • Zochin 2019-04-30 09:53:49
    Амжилт
  • Zochin 2019-04-30 09:42:20
    Amjilt
  • Zochin 2019-04-30 09:35:27
    Sain bna.
  • Zochin 2019-04-30 09:31:13
    Mundag
  • Amjillt  2019-04-30 08:57:03
    AMJILT
  • иргэн 2019-04-30 06:23:52
    цэргийн чуулга байдаг гэж мэддэггуй байсан гэнэ уу
  • зочин 2019-04-30 05:00:09
    Түрүүлэх байсан дуучин байгаа юм даа. Отгонбаяр шүүгч хэтэрхий чарлуулсаар байгаад үзэгчдийг бүүр залхаациймаа. Тоглолтонл нь амжилт хүсье
  • Үзэгч 2019-04-30 01:37:02
    Сайхан дуулдаг цэргийн бүсгүй шүү. Уран бүтээлд нь өндөр амжилт, амьдралд нь АЗ ЖАРГАЛ хүсье! Тоглолтыг нь үзнэ ээ.
  • ЗАХНА 2019-04-30 01:23:15
    Даруухан сайхан