90 жил хамт амьдарсан ихрүүд

Британийн Вест Мидландс гүнлэгийн Пелсалл хотын уугуул, ихэр эгч дүү Жоан болон Жесси Бейкер 90 жилийн турш өдөр бүр хамтдаа хооллож, ижилхэн хувцаслаж, цуг ажиллаж хамтдаа амьдарчээ. Тэд зургаан жилийн өмнө тусдаа гарсан юм. Хэдийгээр тавхан минут алхаад орчих өөр өөрсдийн гэрт тусдаа амьдрах болсон ч аль болох хамтдаа цагийг өнгөрүүлсэн хэвээр байна. Эгчээсээ 20 минутаар дүү Жесси “Бид үргэлж л хамтдаа байхдаа дуртай байсан. 90 жил хамт амьдарсан болохоор юм бүхнийг өөрчилж чадахгүй л байна. Бид зүгээр л тусдаа байхыг хүссэн юм. Гэвч хийдэг зүйлүүд маань хэвээрээ. Жоан бид хоёр тусдаа амьдарч байгаа ч үнэндээ бол салаагүй. Бид одоо ч хамтдаа өдөр, оройн зоог барьж байна” хэмээн өгүүлэв.

1918 онд дэлхийн I дайн төгсөхөөс хэдхэн сарын өмнө Пелсалл хотод мэндэлсэн ихэр охид 90 жилийн турш нэг ч өдөр бие биенээсээ салаагүй юм. Ээж Элайс нь тэднийг усны дусал мэт ижилхэн хувцаслаж, бүх зүйлд хамт байлгадаг байжээ. Нас биед хүртлээ хорвоог хамт туулсан ихэр тусдаа амьдрахад хэцүү гэдгийг ойлгоод 21 насандаа эцэг эхийнхээ амьдарч байсан гудамжинд байр хөлслөн хамтдаа амьдрах болов. Жоан, Жесси хоёр сургуульд нэг ангид сурч, дараа нь ажил хөдөлмөрийн талбарт гарахдаа ч нэг үйлдвэрт цугтаа ажиллажээ. Эхлээд арьс ширний үйлдвэрт цүнх, бүс хийж байгаад дараа нь сумны үйлдвэрт орж дэлхийн II дайнд зориулсан сумны хонгиог зүлгэх ажил хийж байв. Нэгэн өдөр Жесси оффисийн ажилд орсон тул арга буюу тусдаа ажиллах болжээ. Гэвч хэдхэн долоо хоногийн дараа хамтдаа нэгэн химчийн дэлгүүрт худалдагчаар орж 15 жил хамт ажиллажээ.


Жоан, Жесси хоёр гэрлэж бараалсангүй, хүүхэдтэй ч болсонгүй. Гагнагдсан мэт хамтдаа хөтлөлцөн амьдарсаар, ажлын бус цагаар ч ижилхэн хоббитой болж, цэцэрлэгээ арчлан, янз бүрийн юм нэхэн суух болсон байна. 100 насны босгонд дөхөж яваа ихрүүд эдүгээ Марк Холовчак хэмээх асрагчтай болжээ. Тэрээр ихрүүдэд яг ижилхэн хоол хийж, тус бүрт нь ижилхэн хоол хүнс худалдан авч өгдөг. Жоан шинэ цамц авбал Жесси бас адилханыг авах гэдэг. Тэд мөн үсний хэлбэр загвараа ижилхэн байлгахын тулд нэг үсчин дээр сардаа нэг удаа очдог байна.

“Бид аль болох адилхан харагдах дуртай. Бид хамтдаа байхыг хүссэн тул гэрлээгүй. Бид ихэр учраас завгүй байсаар өдий насаллаа. Хэн нэг нь надаас “Дэлгүүрээс юу худалдаж авах дуртай вэ” гэж асуувал би бодоод байх юмгүй “Жоан юу авсан байна, тэрийг л надад аваад өг” гэдэг” хэмээн Жесси ярилаа. “Тэр надаас их ярьдаг, миний босс л гэсэн үг. Бид үргэлж л “Ихрүүд” гэж дуудуулдаг усны дусал мэт адилхан байлаа. Бүгд л биднийг хооронд нь андуурдаг байсан. Манай Жесси их жавхаатай, хөгжилтэй. Би сэтгэлээр унахад тэр үргэлж хажууд минь байж тусалж дэмждэг” хэмээн Жоан өгүүлэв.


Зууны мэдээ
Н.Мөнхжин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ариун 2014-09-14 06:20:49
    http://Cash4Visits.com/ref.php?refId=326326
    112.72.13.61
    Мэдэгдсэн Хариулах