Хөгжлийн банк хоёр жилийн хугацаанд 5,4 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлжээ
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урд хөршид хийсэн айлчлалын үеэр тус улсын Экспортын болон зээлийн даатгалын байгууллага /SINO SURE/-тай 400 сая ам.доллар хүртэл "Урт хугацаат хамтын ажиллагааны гэрээ" байгуулжаад иржээ.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны өнгөрсөн оны санхүүгийн тайланд КРМG олон улсын хөндлөнгийн аудит санхүүгийн иж бүрэн аудит хийж баталгаажуулсан байна. Энэ мэт тус банкны үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг хүргэе.


 
Монгол Улсын Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум болов
 
2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны хөрөнгө 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрээд байна. Ингэснээр өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум болов. Татварын өмнөх ашиг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 18 тэрбум төгрөгт хүрсэн талаар Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр танилцууллаа. Тэрбээр "Манай банк өнгөрсөн онд 60 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч Капитал банкны дампууралтай холбоотойгоор 40 гаруй тэрбум төгрөгөөр эрсдлийн сангаа зузаатгасан" гэв.
 
Шилдэг хэлцэл, шилдэг бонд
 
Хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, тэргүүлэгч салбарыг дэмжигч бодлогын банк юм. Тус банк өнгөрсөн онд Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын бонд босгосон нь Монголдоо төдийгүй Азидаа санхүүгийн шилдэг хэлцэл, төрийн өмчит байгууллагын шилдэг бондоор шалгарав. Засгийн газрын баталгаагуй олон улсын зах зээлээс бонд босгох явц үргэлжилж Тайван, Америк, Польш, ОХУ-аас нийт 300 тэрбум төгрөгийн санхүүжилт босгох бэлтгэл ажлыг хангаад байна.
 
Муу зээлдэгчийг Эрэл, Хөтөл, QSC, ТОСК, Капитал банк тэргүүлэв
 
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн багцыг салбараар нь ангилбал үйлдвэрлэлд 1 их наяд 139 тэрбум төгрөг, барилгын салбарт 688 тэрбум төгрөг, дамжуулан зээл буюу арилжааны банкуудаар дамжуулан нийт 483 тэрбум төгрөг, уул уурхайн салбарт 232 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 138 тэрбум төгрөг, агаарын тээвэрт 42 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйд 41 тэрбум төгрөг, бусад салбарт 39 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байгаа талаар банкны удирдлагууд мэдэгдлээ.

Хуулийн дагуу зээл олголтын дараах хяналт шалгалтыг хэрэгжүүлж 10 дэд хөтөлбөрийн хүрээнд 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт шалгалтыг хийж хэрэгжүүлж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүлсэн гэдгийг Хяналт шалгалтын газрын захирал Я.Сод-Эрдэнэ хэллээ.

Хугацаа хэтэрсэн чанаргүй 12 зээлийг тусгай активт шүлжүүлж 6,2 тэрбум төгрөг бүхий 3 зээл дээр шүүхийн шийдвэр Хөгжлийн банкны талд гарчээ. Монгол Улсын Хөгжлийн банкны хариуцагчаар оролцсон 4 хэрэг дээр Хөгжлийн банкны талд шийдвэр гарч учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдлийг хаасан байна.

2016 оноос өмнө зээл олгосон Эрэл, Хөтөл, QSC, ТОСК, Капитал банк зэрэг 5-6 төслийн эргэн төлөлтөд хүндрэл учирч МУХБ-ны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаад онцгой анхаарч олгосон санхүүжилтийг эргэн төлүүлэхээр ажиллаж байна.
 
ЗГ-ын дунд хугацааны бодлогод нийцсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ
 
Хөгжлийн банк нь “МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, МУЗГ-ын дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байна. Өнгөрсөн онд Засгийн газраас баталсан ноолуур хөтөлбөр, эрчим хүч, газар тариалан, газрын тос, түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллажээ.

Тухайлбал, мал аж ахуйн салбарыг дэмжих, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх ноолуур хөтөлбөрийн хүрээнд МУХБ-наас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Мөн “Ди Би Эм лизинг” ХХК нь аж ахуй нэгжийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын компаниудаас 769 техник, тоног төхөөрөмжийг оруулж ирэн 250 гаруй аж ахуйн нэгжидолгоод байна.

Түүнчлэн Дорноговь аймгийн Алтан ширээ суманд шав тавьсан газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын санхүүжилтад 250 хүртэл тэрбум төгрөг олгох юм. Одоогийн байдлаар 61.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Дэд бүтцийн ажлыг энэ оны 10 дугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор ТОСК ТӨҮГ-ын захиалгаар баригдаж байсан Буянт-Ухаа 2 хорооллын 18 барилга болон Хөвсгөл, Орхон, Говь-Алтай, Дундговь аймаг дахь орон сууцны дуусаагүй барилгуудыг МУХБ-ны санхүүжилтээр барьж, дуусгахаар шийдвэрлэжээ. ТОСК ТӨҮГ-ын өмчлөлийн дуусаагүй 29 барилгын 1562 айлын орон сууцыг МУХБ-ны өмчлөлд 35.4 тэрбум төгрөгөөр тооцон шилжүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлж байна. Ирэх сард 972 айлын орон сууц ашиглалтад орно. Тус барилгуудыг ашиглалтанд ормогц 100 хувь түрээсийн орон сууцны санд шилжүүлнэ.

Мөн ТЭЦ 4-ийн турбоагрегат шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, 8 жил хүртэлх хугацаагаар олгох юм.
 
ISO  олон улсын стандартуудыг нэвтрүүлнэ

Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа КРМG олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар иж бүрэн шинжлүүлж аудит хийлгэнбаталгаажуулсан тухай мэдээллийн эхэнд онцолсон.

Мөн Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд шалгалтаар орсон байна. Тус банкинд шинэчилсэн хуулиар жилд дундажаар 3-4 байгууллага шалгалт хийдэг болсон байна. Түүнчлэн сар бүр тайлан мэдээгээ Монголбанк, ЗГХЭГ, Сангийн яаманд хүргүүлж байна.

Цаашид Монгол Улсын Хөгжлийн банк үйл ажиллагаандаа 150 гаруй олон улсын стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
 
 П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus