Ерөнхийлөгч урд хөршид анхны айлчлалаа хийж, Б.Хурцыг баривчилсан долоо хоног
Монгол Улсын тэргүүн Х.Баттулга БНХАУ-д анхны албаны айлчлал хийж байна. Мөн онцлох үйл явдлын нэг бол ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурцыг баривчлав. Алтан мөрдэст генералуудын өдөр болж өнгөрөв.  

Ингээд онцлох үйл явдлуудыг тоймлож байна.

 
Ерөнхийлөгч БНХАУ-д албан ёсны анхны айлчлалаа хийв

Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д анхныхаа албан ёсны айлчлалыг хийв. Ерөнхийлөгч энэ сарын 24-ний өдөр Бээжин хотыг зорьсон бөгөөд  хоёр өдрийн албан ёсны айлчлалын дараа үргэлжлүүлэн  “Бүс ба зам” олон улсын хөтөлбөрийн  дээд хэмжээний хоёрдугаар чуулга уулзалтад оролцож байна.

Хоёр орны төрийн тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж энэ үеэр 20 гаруй бичиг баримтад талууд гарын үсэг зурлаа. Тухайлбал, “Хөгжлийн зам” болон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай,  Монгол, Хятадын үзэсгэлэн зохион байгуулах,  мөн хоёр орны  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг олон санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ айлчлалын үеэр Монголд жилд 10 сая ган хайлуулах үйлдвэр байгуулахаар хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тохиролцжээ.
 
Чуулганаар Захиргааны ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ

Пүрэв гарагийн  үдээс өмнөх  чуулганы нэгдсэн  хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн. Иймд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж хуралд оролцсон гишүүдийн 88.6 хувь нь  дэмжив.

Баасан гарагийн  УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 63.2 хувийн саналаар дэмжлээ. Тиймээс  хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
 
Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжив

Чуулганы хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн заалтыг зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон учир Элчин сайдын үүрэгт ажлаас эргүүлэн татах  асуудлыг хэлэлцэж дэмжээд байна.
 
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт  хийв

Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт гурван өдөр үргэлжиллээ.  Пүрэв гарагийн өглөө 8.00 цагт дуугарсан гамшгийн дохиогоор  иргэд  гарч, орон сууцныхаа ойролцоох “Цугларах цэгт” очиж бүртгүүлэв. Энэ үеэр гамшгийн үед авах арга хэмжээний талаарх заавар зөвлөгөөг Улаан загалмай нийгэмлэг, өрхийн эмнэлэг, онцгой байдлын албаны мэргэжилтнүүд өгч байв.

Энэ  сургалтын үеэр  аюулгүй газар цугларах,  нүүлгэн шилжүүлэх, аврах  ажиллагааг иж бүрнээр  нь хийснээрээ онцлог байв.  Хэдийгээр зарим нэг шүүмжлэл байгаа ч ийм сургалт зохион байгуулсан нь сайн хэрэг бөгөөд наад зах нь иргэд гамшгийн дохиогоор цугларах газраа мэдэж авлаа.
 
ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилж хорив

Өнгөрсөн долоо хоногийн  шуугиантай үйл явдлын нэг нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хойшлуулшгүй ажиллагаа явуулж  цагдан хорьсон тухай байлаа.

Түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг Нийслэлийн Прокурорын газраас  шүүхэд хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн шүүх  пүрэв гарагт  хэлэлцэж  ёсоор болгов.  Шүүхээс  Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргажээ.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбогдуулан баривчилжээ.  Ингэснээр энэ хэрэгтэй холбогдуулан таван албан тушаалтан цагдан хоригдов.
Алтан мөрдэст генералуудын өдөр тохиов

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 75 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө.

Одоогоос 75 жилийн өмнө буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгож байсан түүхтэй.

Жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ээлжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Генерал цолтонд хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг энэ жил Батлан хамгаалах яам амжилттай зохион байгуулав.

Монгол Улсын хэмжээнд нийт 180 гаруй генерал цолтон төрөн гарсан. Алтан мөрдөстнүүд маань ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэл, хууль сахиулах салбарт өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа зориулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж явна.


О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.