Сургалтын төлбөр, багш нарт өгөх авлигын мөнгөний төлөө амиа өгөв үү?
Мөнгө нь багтахгүй түрийвч нь банк, заримынх нь оффошор данс болсон эрхмүүд хүүхдүүддээ Төрийн ордноос дутахааргүй сургуулийг Зайсангийн аманд бариулж, жилд 56 сая төгрөгийг сургалтын төлбөрт нь төлдөг юм байна. Хэний мөнгөөр хэн тэгж тансаглаж байгаа нь сонин. Тэгвэл жирийн иргэд төрийн багахан албан хаагч, цалингаараа арай гэж амьдралаа залгуулагчид, хоосон хоногчид ямар байгаа билээ.
 
Дунд сургуульд 56 сая төгрөг төлөх бүү хэл, их, дээд сургуулийн оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй энэлж яваа эцэг, эх олон байна. Эдийн засаг саарч, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, бүх газарт орон тоо цомхтгох, зардлаа танах ажил өрнөж, зарим нь цалингаа тавьж чадахгүй дампуурч, ажилгүйдэл, ядуурал газар авч байна. Гэтэл их, дээд сургууль гэх “Алтан загасны эмгэн” жил болгон сургалтын тэлбөрөө нэмж, “Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт 100 хувь төл. Чадахгүй бол жилийн чөлөөгөө аваад яв” гэж  шаарддаг. Жирийн иргэдэд сайд дарга нар шиг бэл бэнчин хаа байхав. Ийм шалтгаанаар энэ жил олон оюутан жилийн чөлөө авч, наанадаж залуу хүний амьдрал, цаанадаж Монголын маань ирээдүй нэг жилээр ухарлаа.
 
Оюутан залуусын зарим нь сургалтын төлбөрөө олох гэж барилга дээр нойр, хоолгүй ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй хариуцлагагүй компанийн уршгаар амь насаа алдсан харамсалтай явдал нэг бус гарав. Энэ жил сургалтын төлбөрөө хоёр сая давуулсан үзүүлэлт, олон улсад нэр хүндтэй сургууль гэх сурталчилгааныхаа тоогоор “Их засаг” их сургууль магнайлж, оюутнуудынхаа гачигдал зовлонг ойлгодоггүй, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цалингаасаа төлөөд явъя гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтийг ойшоодоогүй сургуулиар мөн бусдыгаа хошуучлав. Тэгвэл сургалтын төлбөрөө олох гэж “Riv­er stone” орон сууцны барилга дээр ажиллаж байгаад осолд орж нас барсан гурван залуугийн нэг болох 23 настай Б “Их засаг” их сургуулийн төгсөх курсын оюутан байв. Бас нэг зовлон бол зарим их, дээд сургууль сургалтын төлбөрөө 100 хувь биш гэхэд тодорхой хэсгийг төлөх шаардлага тавьсан ч тэр нь долоо хоногийн дотор гэсэн хязгаартай байгаа юм.
 
 Долоо хоног бүү хэл ганцхан цагт хүний амьдрал орвонгоороо эргэж байгаа Монголын нөхцөлд, хүний амьдралын эрээн бараан, төрийн байгууллагуудын хүнд суртлаас үүдэн сургалтын төлбөрөө төлж амжаагүй нь мөн л олон. Арай гэж олоод очтол нь долоо хоногт амжсангүй, хэнэггүй, залхуу хойрго, хариуцлагагүй гээд хаалгаа бүтэн жил барихаар бас л айлгаж.
 
Улсаасаа баян болчихсон сайд, дарга, улстөрч биш шүү дээ, Монголын эгэл жирийн ард түмэн. Жилд 56 сая төгрөг төлж хүүхдээ дунд сургуульд сургадаг том гарын тоглогчид бүр ч биш.Тэгэхээр сард олдог орлого, цалингаасаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж яагаад болохгүй гэж гэсэн асуулт гарна. Иргэнээ баян болгож чадахгүй өөрсдөө улсаасаа баян болсон сайд, дарга нар үүнийг шийдэх л учиртай.
 
Дурдахгүй өнгөрч боломгүй бас нэг асуудал байна. Тэр бол зарим сургууль хичээлийн шинэ жил эхлэнгүүт оюутнуудаас шалгалт авч, ангиар нь өвдөг шороодуулсан байх юм. Тэгээд мөн л “Жилийн чөлөө өгнө” хэмээн чангалж. Оюутан сурагчид ч, эцэг эхчүүд ч өгдөгийг нь өгье, дүн энэ тэрээ засуулъя, төгсөх курсынх байж яаж жилийн чөлөө авах вэ гээд гүйж явах жишээтэй.
 
Өнгөрсөн жил л гэхэд багш, оюутан 60 орчим хүн холбогдсон дүнгээ засуулахаар авлига өгсөн, авсан, зуучилсан гэх хэргийн мөрөөр АТГ шалгалт хийж бөөн шуугиан дэгдсэн. Энэ бүхнээс үзэхэд ер нь дээрх бүх асуудал авлига нэхсэн үйлдлүүд биш үү. Оюутнууд сургалтын төлбөр, дээр нь шалгалтад унагаж шантаажлаад байгаа багш нартаа авлигын мөнгө олохын тулд барилга дээр амь насаараа дэнчин тавин байж ажилласан байж ч мэдэх юм. Тэгэхээр АТГ энэ асуудал руу анхаарлаа хандуулвал яасан юм бэ.

Зууны мэдээ
Л.Хэрлэн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine