Номын шүншигчид нэгэн дор чуулав
НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны энэ өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

“Дэлхийн номын өдөр”-ийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг бөгөөд нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном, эрдмийг сурталчлах чиглэлээр төрийн бодлого, хэрэгжилтийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны аравдугаар сарын 31-ний өдрийн А/683 дугаар тушаалаар номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчлах үйл ажиллагааг дэлгэрүүлэх зорилгоор “Уншлагыг дэмжих жил” журмыг баталсан.
 
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл“, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Төв номын сангууд, хэвлэн нийтлэгчид, зохиолчид,  уншигчид хамтран  нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Дэлхийн номын өдөр”-ийг өчигдрөөс энэ сарын 25 хүртэл орон даяар тэмдэглэнэ.



 Энэ жилийн “Дэлхийн номын өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд:

Үндэсний номын сан болон Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн  гадна талбайд 4 дүгээр сарын 23-ны өдөр хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг ном бүтээлээ олон нийтэд сурталчлах, борлуулах боломжийг бүрдүүлж өгнө.

ЗГХА Соёл, урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төв,  Номын соёлт ертөнц ТББ хамтран “Монголын хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөг”, Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.

Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчдыг оролцуулсан яруу найргийн уншлагыг зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу  ном хэвлэлийг сурталчилсан төрөлжсөн уралдаан, зохиолч-уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдэхүйн тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилтот бүлгүүдэд зориулсан уралдаан, уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үдэшлэг зэрэг олон талт арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

Ингээд өнөөдөр “Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэж байгаа их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатарын төв номын санд болж байгаа арга хэмжээн дээрээс сурвалжлага хийв.

Бичгийн мэргэд буюу зохиолч, яруу найрагчид, номонд дуртай шимтэн уншдаг хүүхэд залуусаар номын сангийн танхим дүүрсэн байв.

Номын сан дотор 10:00 цагаас номын үзэсгэлэн, худалдаа нээгдэсэн байв. Үзэсгэлэн худалдаанд хүүхдийн танин мэдэхүйн ном, хуучны номнууд болон адал явдалт роман, алдартай яруу найрагчдын шүлгийн түүвэр, үргэлжилсэн үгийн зохиол гээд өчнөөн ном дэлгэгдсэн байх бөгөөд үзэсгэлэн орой 20.00 цаг хүртэл үргэлжилнэ. Өдөр 13.00 цагаас эхлэх "Их хотын уншлага" орой 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мөн уншигчид гэрт байдаг урагдаж, гэмтсэн номоо авчирч манай номын санчидтай хамтран сэргээн засварлах боломжтой.

Найз, нөхдийн хамт ховор ном судрын үзэсгэлэн үзэж, хайртай зохиолчдынхоо гараас номыг нь худалдан авах боломжтой. Хамгийн гоё нь хотын төвд бүтэн өдөржин шүлэг, яруу найраг, ном соёлын ертөнцөөр аялах гээд зөндөө боломж нээлттэй байлаа.
 
Нийгмийг соён гэгээрүүлэхийн тулд номтой нөхөрлүүлэх, дурлуулах ёстой

Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат “Зохиолч, яруу найрагчдад баярын мэнд хүргэе. Энэ өдөр Зохиогчийн өдөр гэж бас болдог. Тэгэхээр энэ хүмүүсийн оюуны өмчийн бүтээлийг хамгаалах асуудал яах аргагүй хөндөгдөнө. Эхлээд хууль журам ярихаас илүүтэй хүмүүсийн оюун санаанд ухамсарыг нь суулгаж өгөх ёстой. Хамгийн гол нь нийгмийг соён гэгээрүүлэхийн тулд номонд ойрхон байлгах, хүүхдүүдийг багаас нь номонд дурлуулах, нөхөрлүүлэх зэрэг ажлыг хийх ёстой” гэв.
 
Хүүхэд ном уншихаас гадна бүтээлч байдлаа ашиглах боломжийг бий болгосон
 

Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн захирал Д.Индра “Дэлхийн номын өдөр болон зохиогчийн өдрийг 1995 оноос хойш хийж ирсэн. Энэ жил манай номын сан анх удаа “Улаанбаатарчууд уншиж байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, баяраа хийж байна. Үзэсгэлэн худалдаа гэхээсээ илүүтэй уншигчдадаа зохиолчтой нь уулзуулах, хямдралтай ном авах, уншигчид дундаа ороод өөрсөдтэйгээ номоо солилцох, яруу найраг сонсох, яруу найраг унших зэрэг олон арга хэмжээ явагдаж байна. Энэ жил уншлагыг дэмжих жил болгон зарласан. 0-18 насны хооронд нь нас насанд нь тааруулж унших номын жагсаалтыг гаргасан. Хүн байхад эхийн хэвлийд байхаас ном уншдаг гэдэг.

Номын сангийнхаа орчныг бүрдүүлэх, бүтээлч орон зай байх ёстой. Нас насанд зориулж лого угсрах, загвар зохион бүтээх, хөгжим сонсох тоглох, уран зураг зурах гэх мэт маш олон төрлийн сургалтыг номын санд бий болгосон. Хүүхэд зөвхөн ном уншихаас гадна бүтээлч орон зай болчихсон” гэв.

Нийслэлийн 12 дугаар сургуулийн долдугаар ангийн сурагчид хүрэлцэн ирсэн байв.

Долдугаар ангийн сурагч О.Цацрал “Адал явдалтай тууж өгүүллэгүүд их уншдаг. Уран зохиолын ном гоё. Ном уншихын ач тус нь үгийн баялаг нэмэгдэх, мөн чөлөөт цагаа гар утаснаас хамааралгүй өнгөрөөхөд их хэрэгтэй гэж боддог. Өнөөдөр манай ангийн багш бидний дагуулж ирж номын баярт оруулцсанд баярлаж байна. Хүүхэд бүр ном уншдаг байгаасай гэж хүсье” гэлээ.

Сурагч Т.Тэнгис “Танин мэдэхгүй ном уншиж “яагаад ийм юм болдоо” гэсэн асуултадаа хариулт олж авдаг. Хамгийн сүүлд “Цаг агаар” гэсэн ном уншсан”.

Сурагч А.Оргил “Адал явдалтай бас аймшигтай ном унших дуртай. 100 гаруй хуудастай номыг хоёр хоногийн дотор уншаад дуусгадаг” гэлээ.






О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol Jangariig bichsen hyn Galsan gyai 2019-04-23 14:19:30
    Tangadiin Galsan gyaigaa Toriin sagnald debsyylehsen,ene hyn yostoi toriin sagnal abahaar yum hiisen hyn yagaad daragdaad bnaa!derben mert sylegyydees gadna,Mon...