50:50

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр эрх баригч нам төлөвлөөд байна. Тэгвэл нөгөө талаас эцэг хуулиа өөрчлөх цаг үе мөн үү, 2016 онд бүрэлдсэн парламент хуулийн өөрчлөлтийг хийх чадамжтай эсэх асуудлаар хуульч, судлаачид байр сууриа илэрхийлж эхэллээ. Энэ талаар бид МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайхан, ХЗДХ дэд сайд асан Б.Энхбаяр нарыг “50:50” буландаа урьж, үзэл бодлыг нь сонссон. “Одоогийн парламентад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамж бий юу?” энэ асуултад тэд ингэж хариулж байна.

  Ч.Өлзийсайхан: МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юу гэвэл заавал оруулах ёстой гэж хэлэх байна. Харин ийм шаардлага байгаа дээр нь тоглолт хийж эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар, хяналтаас гарах, өөрсдийгөө аврах, гэмт үйлдлээ нуух гэсэн оролдлого байгаа мэт сэтгэгдэл төрөөд байгаагаа нуухгүй хэлье.

Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдгийн нотолгоо нь Үндсэн хууль батлагдсанаас хойшх 27  жилийн хугацаанд засгийн эрх мэдэл ард түмний гарт огт очсонгүй. Ард түмний баялаг ард түмнийх биш болж гадна дотнын хэсэг бүлгийн гарт орчихлоо. Төр нь түүнийг хянаж чаддаггүй, арга хэмжээ авч чаддаггүй, хэн ч засгийн эрхэнд гарсан хувь хүнийхээ сайн шинжийг ард түмний төлөө зориулахаасаа урьдаар төрийн эрх мэдэлд байгаа байдлаа ашиглан өөрсдийн сайн сайхан байдлыг хангадаг болсон зэргээр харагддаг.

Үүнд эрх мэдэлд очсон бүхэн гаршиж байна. Энэ нь муу хүмүүс сонгоод байгаад биш тогтолцоо нь өөрөө ямар ч хариуцлага, хяналт тавих боломжгүй байдлаар бүтсэн учраас сайн хүмүүс ч байсан эвдэрч байна. Шударга бус хүмүүст бол бүр их хяналтгүй баялгийг ашиглах боломж бий болгож байна. Тогтолцоо нь ийм сул учраас эрх мэдэл бүхий албан тушаалд шударга хүмүүсийг ажиллуулах биш харин хань хамсаатан, садан төрлөөрөө орж нийтийн баялгийг төвөг багатайгаар шамшигдуулах боломжийг олгож байна. Иймд байдлыг өөрчилье гэвэл Үндсэн хуулийг шинэчлэхээс өөр аргагүй.

Үндсэн хуульд хуйвалдаж өөрчлөлт оруулах, оруулахыг завдах нь хориотой. МАН үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэхдээ судлаачдаас ялангуяа, энэ өөрчлөх гээд байгаагийн учир шалтгааныг тодорхой хэлж буй судлаачдаас зугтаж байгаа.

Б.Энхбаяр: Парламентын чадамжид эргэлзэж байна

-Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт хийх вэ гэдэг дээр хуулийн төслийг харахад зөв зүйлүүд байна. Хийдэлтэй заалтууд ч бий.  Гэхдээ бид одоо цагт хоёр төрлийн хүмүүсээс их болгоомжлох хэрэгтэй. Нэгдүгээрт, юу ч мэдэхгүй хүмүүс, дараагийнх нь юу ч хийж магадгүй хүмүүс. Хоёр дахь хүмүүс нь нэгдэхээсээ илүү аюултай. Одоогийн парламентын бүтцийг харахад хоёр дахь төрлийн хүмүүс дийлэнх нь байна. Ер нь парламентын чадамж гэдэг маань чадавхи, хүлээн зөвшөөрөгдөх байдал гэсэн хоёр ойлголтын нийлбэр байдаг. Гишүүдийн тооны хувьд энэ парламентад  чадавхи байгаа. 57 гишүүн батлах ёстой байдаг. МАН дангаараа 64 суудалтай, дийлэнх олонх байна. Энэ тоогоороо бол Үндсэн хуулийг өөрчилж болж байна. Харин чадамж буюу хүлээн зөвшөөрөгдөх байдалд эргэлзэж байна. Миний дээр хэлсэн дээрх хоёр төрлийн хүмүүс олонхи байгаа учраас энэ парламентыг чадамжгүй болгож байна. Би уг нь энэ парламентыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэдэгт итгэлтэй байсан. Харин сая болж өрнөсөн үйл явдлуудын дараа энэ үзэл санаа минь өөрчлөгдсөн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг УИХ маань өөрийнхөө толгойн дээр гаргаад залчихлаа. Ард түмнээс сонгогддог тэдний сонголтын талбар байх ёстой УИХ-ынхаа дээр гурван хүнийг тахичихлаа. Тэр гурван хүний үгийг өөрсдийнхөө баталж байгаа хуулиас дээгүүрт үзэж байна. Ийм дүр зургийг харахаар юу ч хэлж мэдэх буюу хоёр дахь төрлийн хүн парламентад нэгдэхээсээ ч олон байгаа юм байна. Тэдэнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд ч байгаа л байх. Ялангуяа, хулгай хийж байгаад баригдсан.  Тэрэндээ барьцаалагдчихсан бос гэвэл босч хэвт гэвэл хэвтэж мэдэх ийм хүмүүс байгаа учраас парламентын чадамжид эргэлзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан, Ч.Зотол

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХУУЛЬ 2019-04-18 08:32:07
    ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ УЛС ТӨРИЙН ШИЙДЛЭЭР Л ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ ??? ,,,,
    202.9.43.236
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-04-18 05:02:12
    Одоо монгол улс хөгжих эсэх нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо Гэхдээ одоо боломжтой...
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах