А.Бямбадорж: Газын тоног төхөөрөмжийг ажиллах үед хараа хяналтгүй орхино гэж хэзээ ч байж болохгүй

Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ, аюулгүй байдлын талаар МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбадоржтой ярилцлаа.

-Саяхан нийслэлд олныг хамарсан томоохон осол аваар гарч болзошгүй байдал үүссэн. Тодруулбал Синчи Ойл компанийн Шингэрүүлсэн шатдаг хийгээр цэнэглэдэг станцаас их хэмжээний хий алдсан тохиолдол гарсан. Тэгвэл шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ өнөөдөр манай улсад хэр их байна вэ?

-Шингэрүүлсэн шатдаг хий гэж юу гэдгийг эхлээд ярих нь зөв байх. Олон улсын нэршлээрээ LPG буюу liquepied petroleum gas, орчуулбал шингэрүүлсэн нефтийн хий. Нефть боловсруулах явцад гарсан хий. Энэ хийг олон улсад маш өргөн ашигладаг. Учир нь хэрэглээний ашигт үйлийн коэфицент, бүтээмж өндөртэйгөөс гадна шаталтаас гарах утаа нь байгаль орчинг хамгийн бага, бараг бохирдуулахгүй ийм бүтээгдэхүүн.

Манай улсад 1998 онд анх НИК компани шингэрүүлсэн шатдаг хийг маш бага хэмжээгээр оруулж ирж байсныг тухайн үед шилний үйлдвэрүүд авч байсан. Мөн ахуйн хэрэглээнд тун цөөн тооны айл өрх хэрэглэж байсан. Улмаар 2000 он гарсаар хувийн аж ахуйн нэгж, хувийн хэвшлүүд энэ шингэрүүлсэн шатдаг хийг ахуйн хэрэглээнд маш хурдацтай нэвтрүүлэх бизнесийг бий болгож орж ирсэн. Тухайлбал, Дашваанжил, Горгаз гэх мэт. 2005 оноос автомашиныг хийгээр цэнэглэх анхны станцийг Юнигаз компани барьж хэрэглэгчдийн автомашиныг хийгээр хангах ажил үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд автомашиныг хийгээр цэнэглэх 58 станц, улсын хэмжээнд нийтдээ 100 орчим ийм автомашиныг хийгээр цэнэглэх станц байна. Үүнээс гадна хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, цайны газар, бусад хэрэглэгчдийн хийн баллоныг цэнэглэх, хийг цэнэглэх станц улсын хэмжээнд 20 орчим байна.

-Автомашиныг хийгээр цэнэглэх станц зөвхөн автомашиныг цэнэглэж байна уу, нэмээд хэрэглэгчдийн баллоныг цэнэглэх үү? Гадуур харж байхад ийм ШТС-иудын гадна авто, ахуй гээд хоёр ялгаатай үнэ биччихсэн харагддаг?

-Технологийн хөгжлөөс хамаараад автомашиныг хийгээр цэнэглэх станц дээр ахуйн хийн баллоныг давхар цэнэглэх үйлчилгээ орж ирж байна. Гэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй “Хийн аж ахуйн техник ашиглалтын дүрэм”, “Хийн аж ахуйн аюулгүйн ажиллагааны дүрэм”, “Хийн хангамж, барилгын норм дүрэм”, “Даралтат сав төхөөрөмжийг аюулгүй ашиглах дүрэм” гэсэн аюулгүй ашиглалт, техник ашиглалттай холбоотой гол дүрмүүдэд хэрэглэгчдэд хийн баллоныг хоёроос доошгүй хүн хүргэж өгнө, энэ хүмүүс нь сургалтад хамрагдсан, мэргэжлийн байна. Тэгээд тухайн хүргэж өгөөд үйлчилгээ үзүүлэх явцдаа угсралт холболт, баллон солих үйлчилгээг тэр мэргэжлийн хүн нь хийнэ. Үүнээс гадна үйлчилгээ үзүүлэх үедээ тухайн хэрэглэгчийн хийн баллонт төхөөрөмж, бусад төхөөрөмжийн аюулгүй байдалд үзлэг шалгалт хийнэ гэж байгаа юм, дүрмээрээ. Ингээд хэрэв хийн төхөөрөмжийн шланг нь хатаж хатуурсан, цоорсон, хий тохируулагч нь ажиллагаагүй болсон зэрэг тохиолдолд мэргэжлийн хүн маань тухайн хэрэглэгчид эдийн засгийн хувьд мөнгө төгрөг орохооргүй тохиргоо, засвар үйлчилгээ байвал үнэгүй хийж өгөх, зайлшгүй солих шаардлагатай эд анги, редуктор, шланг байвал үнэ хөлсийг нь аваад мэргэжлийн түвшинд сольж угсралт хийж өгөх зохицуулалттай. Сүүлийн үед иргэд өөрсдөө очоод хийгээ авдаг, автомашинд үйлчлэх станциудад очиж баллоноо цэнэглүүлдэг, хий борлуулах цэг дээр очиж цэнэгтэй баллоноор солиулж авдаг зэрэг ийм үйлчилгээ нэвтрээд байна. Энэ нь нэг талаасаа хэрэглэгчдэд түргэн шуурхай болж байгаа мэт харагдаж байгаа боловч аюулгүй байдал талаасаа мэргэжлийн хүн хүргэж өгөх үйлчилгээг гүйцэхгүй байна.

-Энэ яг хориглосон ч юмуу, заавал мэргэжлийн хүн аваачиж өгч холболт хийх ёстой гэсэн эрх зүйн зохицуулалт байдаг уу?

 -Энэ дүрмүүдээр бол хоёроос доошгүй мэргэжлийн хүний бүрэлдэхүүнтэй хүргэх үйлчилгээг хангагч байгууллага үзүүлнэ гэсэн заалт байгаа.

 -Тэгвэл хувь хүн зуслан дээрээ ч юмуу нэг баллонтой газ авлаа гэхэд мөн л хоёр мэргэжлийн хүн ирж холбож өгөх нь байна?

-Зарчмын хувьд хангагч байгууллага нь мэргэжлийн хүргэх, угсрах үйлчилгээг үзүүлнэ гэж байгаа. Гэхдээ энэ дүрэм бол 2001 онд батлагдсан, анх шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ эхэлж байх үед зэрэгцээд гарсан дүрэм. Одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Гэтэл гадны улсад энэ хийн хэрэглээ нийтлэг, энгийн хэрэглээ болчихсон. Тэр хүмүүс нь аюулгүй байдал, техник ашиглалтаа мэддэг, хэрэглээд сурчихсан байна. Тэр утгаараа гадныхан хийн баллоноо өөрсдөө очоод авдаг, аваачаад холбочихдог мэдлэгтэй, дадалтай байна. Манайд энэ хэрэглээ нэвтрээд бараг 20 жилийн нүүр үзэж байгаа болохоор анхны үетэй харьцуулахад бас хэрэглээд сурж байгаа гэж харж болно. Түрүүний хоёр хүн гэдгийг заавал гэхэд хэцүү. Аж ахуйн нэгжүүд хүртэл хэдэн оны дүрмийг өнөөдөр шаардаж байна вэ гээд үгүйсгэдэг. Гэхдээ нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмийг мөрдөх л ёстой.

-Шингэрүүлсэн шатдаг хийгээр явдаг автомашин өнөөдөр манай улсад хэр их байгаа вэ?

-Шингэрүүлсэн шатдаг хийн хөдөлгүүртэй, өөрөөр хэлбэл газаар явдаг машин улсын хэмжээнд 21 мянга орчим байна. Үүнээс 13 мянга орчим нь нийслэлд бүртгэлтэй, нийслэл хотын хөдөлгөөнд автозамын оролцдог гэсэн тоо байна. Энэ нь иргэнд ч, такси үйлчилгээнд ч, бусад байдлаар ч байна.

-Манайхан ихэвчлэн Солонгос улсаас газан хөдөлгүүртэй хуучин автомашин оруулж ирдэг. Тэгэхээр нөгөө баллоных нь баталгаа, аюулгүй байдал гэдэг зүйл яригдана. Энэ машинууд нь тухайн улсдаа ашиглалтын хугацаа нь дуусчихсан, он удаан жил ашиглагдсан машинууд байдаг шүү дээ?

-Газан хөдөлгүүртэй автомашины тухайд бараг 98 хувь нь БНСУ-аас импортлогдож байна. Гэтэл өөрийн чинь хэлснээр тухайн орондоо ашиглагдаад дууссан, хуучин, актлагдсан гэж хэлж болохуйц автомашинуудыг хямд үнээр аваад, гаалийн Онцгой албан татварыг тэглэсэн болохоор хямдаар, маш олноор оруулж ирж байна. Машины хойд талд шатахууны бак байдаг шиг тэр автомашинуудын ард мөн адилхан шингэрүүлсэн шатдаг хийн бак буюу өндөр даралттай хийн баллон байдаг. Технологи нь өөрөө шингэрүүлсэн шатдаг хийг өндөр даралтаар саванд шахдаг. Гэтэл тухайн орондоо ашиглалтаас хассан автомашинуудын хувьд өндөр даралтын хийн баллоны баталгаажилтийн хугацаа дууссан ийм машинуудыг оруулж ирээд байгаа юм. Эрсдэл бүхий хэрэглээг хямд үнээр худалдаж авч байна гэж хэлж болохоор. Иймээс хэрэглэгч өөрсдөө би юу хэрэглэх гэж байгаа билээ, онцлог нь юу вэ, ашигтай болон сул тал зэргийг нь судлаж авах хэрэгтэй. Мэдлэг мэдээллийг бас эзэмших хэрэгтэй. Энгийн машинаас онцлогтой талыг нь судалдаггүй, мэддэггүйгээс эрсдэл нэмэгдэх магадлал байгаа.

Хийн баллон маань өөрөө металаар хийгдсэн, өндөр даралтыг даахуйц, бах бөх байх ёстой. Хамгийн гол нь бин битүү байх ёстой. Яагаад энэ баталгаажилтийн хугацааг ярьдаг вэ гэхээр олон жил тодорхой хугацаанд ашигласны дараа тухайн баллоны металл ханын зузаан нимгэрдэг. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн хувьд байнгын хөдөлгөөнд оршдог, элдэв зүйлд үрэгддэг, элэгддэг, цохигддог. Гагнуурын оёдол нь мууддаг, хүчний нөлөөгөөр хонхойдог, цүлхийдэг. Мөн бин битүү байдал нь алдагддаг, хаалт нь ажиллагаагүй болдог. Энэ бүхэн нь өөрөө маш баталгаатай байх ёстой гэдгийг нь л харуулаад байна. Баталгааг хэн бий болгох вэ гэхээр нэгдүгээрт үйлдвэрлэгч, хоёрдугаарт баталгааг нь туршиж сорьдог мэргэжлийн лаборатори туршилтийг нь хийж баталгааг олгодог. Гэтэл баталгаагүй, туршилт сорилтод ороогүй, дээр нь ашиглалтаас хасагдсан ийм эрсдэлтэй бүтээгдэхүүнийг оруулж ирж хэрэглэж байгаа нь хэрэглэгч өөрөө мэдлэггүй, судлаагүй байгаагын дээр өөрийн болон өрөөлийн эд хөрөнгө, амь нас, аюулгүй байдалд шууд заналхийлж байна гэсэн л үг.

Аюултай, аюултай гээд байвал бүх л юм аюултай болно. Гол нь хэрхэн аюулгүй ашиглах вэ гэдгээ л мэддэг байх хэрэгтэй. Аливаа тээврийн хэрэгслийг байнгын арчилгаа, үйлчилгээг хийж байж ашигладаг шүү дээ. Тухайн газын автомашин хэрэглэгч мотор, кропны тосоо солиулаад, шинэ дугуй авч тавьдаг шиг энэ хийн баллоноо солиулах юмуу баталгаажуулалт хийх үү гэдгээ сонгох ёстой, мэддэг байх ёстой.

-Өнөөдрийн байдлаар автомашины баллоныг баталгаажуулдаг газар Монголд байхгүй юу?

 -Ахуйн хэрэглээний хийн баллоныг баталгаажуулдаг газрууд бол байна. Жишээлбэл, цайны газар, ресторан, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хэрэглэж байгаа хийн баллоныг туршилтад оруулдаг, шалгадаг, баталгаажуулдаг байгууллага байгаа. Автомашины хийн баллоныг шалгадаг, туршдаг албан ёсны газар бол байхгүй. Яг энэ асуудлыг хөндөөд салбарын яаманд нь хандсан байгаа.

 -Том асуудал байна шүү. Баталгаагүй гэдэг чинь тэр чигтээ эрсдэл юм байна шүү дээ?

 -Эрсдэл. Тухайлбал, өнгөрсөн жил, өвөл газын автомашиндаа дулаахан гээд асаалттай нь хоноод угаартаад нэг хүн нас барсан харамсалтай осол гарсан. Газар дээр нь ажиллахад тэр машин тэр чигтээ газ үнэртэж байсан. Газ алдагдсаар байгаад тэрэнд нь угаартсан байгаа юм. Зөвхөн газын даралтат баллоны асуудал ч биш, баллоноос гараад мотор руу явж байгаа труп, өөр юу байдаг юм, бүх л эд ангийн битүүмж, ажиллагааг шалгаж, засвар үйлчилгээ хийж байх ёстой гэдэг нь харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээрт хэрэглэгч өөрөө өдөр тутмынхаа аюулгүй байдлыг хангах, бүрэн бүтэн байдлыг шалгахаас гадна техникийн үзлэг оношилгоо арай өөр түвшинд ажиллах ёстой болчихоод байна. Жишээлбэл энгийн автомашины тормосны нэг гэрэл шатчихсан, их гэрлийн тохиргоо өөр байхад тэнцүүлдэггүй. Гэтэл хийн баллоны баталгаажилт дууссан, хий алдагдалтай автомашиныг шалгаж үзэхгүйгээр тэнцүүлнэ гэдэг бол харьцуулашгүй том аюул. Өнгөрсөн жил бид Автотээврийн үзлэг оношлогооны төвүүдэд сургалт хийж, газын автомашин ороод ирвэл баллоны баталгаажилт, бин битүү байдлыг нь заавал шалгаарай, тоног төхөөрөмжөө бэлдээрэй гээд сургалт явуулсан. Энэ жилээс тэр оношлогооны төвүүдэд шаардлага тавиад эхэлсэн. Газын хөдөлгүүртэй автомашин ороод ирвэл шугам нь өөр байдаг ч юм уу, хий алдагдлыг нь багажаараа үзчихдэг, баллоны баталгаажилт, бүрэн бүтэн байдлыг нь үздэг. Тэгээд баталгаажилт дууссан, хий алдагдал илэрч байвал засвар үйлчилгээнд орж ир гээд буцаадаг баймаар байна.

 -Түрүүн ярихдаа автомашины хийн баллонийг баталгаажилт хийдэг газар байхгүй гэсэн. Гэтэл одоо баталгаажилт нэхэж эхэллээ?

 -Ахуйн хийн баллоныг тухайн үйлдвэрлэгчийн стандартаар тодорхой хугацаанд баталгаажилт хийгээд явдаг. Тэгэхээр бид хяналтаа тавихдаа тэр үйлдвэрлэгчийн стандартыг түлхүү үндэслэл болгож хянадаг гэсэн үг. Бидэнд бас хянадаг дүрэм бий. Харин автотээврийн хэрэгслийн хийн баллоны хувьд тухайлбал автомашин үйлдвэрлэгчийн стандартаар анх үйлдвэрлэхдээ цоо шинэ, баталгаатай баллонтой гараад ирсэн. Тухайн улсын стандартаар автомашин 10 жил болоод ашиглалтаас хасагдахад дагаад хийн баллон ашиглалтаас хасагдахаар ийм тогтолцоотой ч байгаа.

 -Гэтэл нөгөө 21 мянган машин яваад байна. Энэ чинь бүгд баталгаагүй баллонтой машин яваад байна гэсэн үг биз дээ?

 -Дийлэнх нь баталгаажилтын хугацаа дууссан хуучин машин байгаа нь үнэн. Гэхдээ зарим газын засварын газрууд автомашины хийн баллон солих үйлчилгээг үзүүлж байгаа.

-Баталгаажуулдаг газар байхгүй юм бол тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоогоор тэнцүүлэхгүй гэж зүтгэх нь бас боломжгүй юм шиг харагдаад байна?

-Энэ жилээс тэнцүүлэхгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ баллоныг баталгаажуулах, солих ажил төлбөртэйгөөр хийгддэг бөгөөд төрөөс улсын хэмжээнд нэгдсэн төв байгуулж хэрэгжих ажил. Эсвэл улсаас эрх олгосон хувийн хэвшлийн байгуулагууд энэ баталгаажилт, үйлчилгээг хийх бүрэн боломжтой. Нөгөө талаас төрийн зүгээс хяналтаа тавьж, шаардахгүй бол энэ хэрэглэгчид маань хийн баллоноо баталгаажуулах, солиулах хэрэглээ үүсэхгүй байгаа учраас үйлчилгээ нь бий болохгүй байна. Одоо харин хяналтын субъектууд шаардаад эхлэхээр хэрэглэгчид үйлчилгээг хайгаад эхэлнэ. Эрэлт байгаа бол нийлүүлэлтийг эрхийг нь аваад шаардлага хангасан баллоноор солих, баталгаажилт хийдэг тогтолцоо бий болчихоор 21 мянган эрсдэл буурах юм.

 -Ахуйн хэрэглэгчид, айл өрх, аж ахуйн нэгжийн хувьд баллон ямар ч гэсэн баталгаажилттай юм байна. Гэхдээ нийтийн орон сууцны хоёроос дээш давхар барилга дотор хийн баллон хэрэглэхийг хориглодог. Харин нийслэлчүүдийн хувьд амьдарч буй байруудынх нь нэг давхрын цайны газар, ресторанууд айдас дагуулдаг? Энэ хэрэглэгчдэд байнга гардаг зөрчил байна уу?

 -Нийслэлийн хэмжээнд 7000 гаруй цайны газар, ресторан үйлчилгээ явуулдаг гэсэн тоо бий. Үүний 70-80 хувь нь шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэдэг. Аж ахуйн нэгжүүдэд зөрчил гарахаас гадна орон сууцанд амьдардаг иргэд өөрсдөө баллонтой газыг гэртээ хэрэглэдэг. Энэ нь тухайн барилга, байшинд амьдарч буй нийт оршин суугчдын аюулгүй байдлыг зөрчсөн үйлдэл. 2004 онд батлагдсан хийн хангамжийн норм дүрмийн дагуу шаардлага тавьж, тухайн хийгээр хангагч байгууллагаар нь дамжуулж хэрэглэгчид хяналт тавьж ажиллаж байна. Учир нь мэргэжлийн хяналтын байгууллагаас үүнийг хянах боломж бага. Орон тоо гэхэд нийслэлд 2, ерөнхий газарт 1 байцаагч байна. Энэ хүмүүс хий ашиглагч аж ахуйн нэгждээ хяналт тавихын хажуугаар айл бүрээр орно гэдэг боломжгүй. Тэгэхээр тухайн хийгээр хангагч байгууллагын дотоод хяналт маш сайн ажиллах ёстой. Миний хэрэглэгч аюулгүй байж чадах нь уу, миний явуулсан ажил үйлчилгээнээс болоод иргэн, олон нийтэд эрсдэл бий болох вий гэдгийг дотоодын хяналтаараа байнга шалгаж, хянаж байх ёстой.

 -Тэгэхээр энэ анх ярианд гарснаар мэргэжлийн хоёр хүн аваачиж холбож, угсарч өгөх ёстой гэсэн үг болж байна. Нийтийн орон сууцанд хүн авах гэж байвал холбож өгөхгүй байх ёстой?

 -Яг тийм. Дүрмээрээ бол дотоод хяналт буюу хоёроос доошгүй хүн хэрэглэгчийн хийн баллоныг солих явцад зөрчил гарвал “Уучлаарай, танайд хий нийлүүлэх боломжгүй байна. Учир нь ийм зөрчил гарлаа. Энийгээ арилгуулаарай” гэж шаардах эрх нь байдаг. Үүнээс гадна хий алдагдсан тохиолдолд тухайн барилга, объект руу хэзээ ч гэсэн нэвтрэн орох эрх нь байдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аюулгүй байдлыг хангах чиг үүргээ, хяналтаа 24 цагийн туршид мэргэжлийн түвшинд үзүүлээч гэсэн үг.

-Манайхан жаахан хэнэггүй байдаг даа. Зүгээр гээд өөрөө аваад явдаг, холбодог. Цаад тал нь ч ашгаа бодоод зарчихдаг. Энэ хэнэггүй байдлаас болоод орон сууцны барилга дотор баллонтой газ тэсэрч байсан тохиолдол ч бий?

 -Газын хэрэглээнд хяналтгүй хэрэглээ гэж огт байх ёсгүй юм. Мэргэжлийн хоёр хүн хүргэж, угсралт хийх, хяналтаа тавихаас гадна Хэрэглэгчийн дэвтэр хөтлөнө гээд дүрэмд заасан. Хоёр хувь хөтлөөд нэг хувь нь хэрэглэгчид, нөгөө хувь нь хангагч байгуулагад байх ёстой. Аливаа осол аваарь гарсан тохиолдолд тэр дэвтэр дээрх бичиглэлийг үндэслэж асуудлыг шийддэг. Нэг талаас хяналт мэт харагдаж байгаа боловч нөгөө талаас аюулгүйн тогтолцоо. Дэвтэрт тухайн хэрэглэгчийн хийн төхөөрөмжийн анхны холболтыг хийхдээ тэр төхөөрөмжийг ил гал, халах хэрэгслээс ямар зайнд байх ёстой, агааржуулалт, зай талбайн хэмжээ зэргийг тооцоод энд байршуулах боломжтой гээд план зургаар нь схемчлэн зурж дүрсэлдэг. Гэтэл одоо дэвтрийг нэг хувь үйлдээд хэрэглэгчид өгчихдөг. Гал гарах ч юмуу бусад байдлаар энэ дэвтэр нь үрэгдчихдэг. Ингээд хянах тогтолцоог алдагдуулаад байгаа юм. Асуудал гарсны дараа яваад очихоор анх суурилуулсан схемийг дур мэдэн өөрчилсөн, паарнаас холдуулаад тавьсан баллоныг пааранд наачихсан. Нөгөө даралттай хий чинь температурын нөлөөнд шууд дотоод даралт нэмэгдэж, тэлэлт өгснөөр баллон задарч тэсэрч байгаа юм. Хэрэглэгч өөрөө очиж хийгээ авдаг, баллоноо цэнэглүүлдэг чинь энэ нөхцлийг л дахиад бий болгоод байна.

-Нөгөө аюулгүй байдал, хяналт алга болчихлоо?

 -Энэ мэтээр хяналт, аюулгүй байдлыг алдагдуулчихаж байгаа юм. Харин дүрмээрээ бол жишээ нь баллоныг нэг хүн мөрөн дээрээ авч яваад унагаахаас сэргийлж заавал хоёроос дээш хүн дамжлаад явахаас аюулгүй байдал эхэлж байх ёстой.

 -Зүгээр зохиогоод хоёр хүн гээгүй байх нь?

 -Зүгээр зохиогоогүй. Одоо гэтэл яаж байна гэхээр нэг хүн портер уначихсан, ардаа баахан баллонтой хий аччихсан. Тэгээд цайны газар, гэр хороололд ч юмуу очоод машинаа эзэнгүй орхиод, нэг баллон үүрээд яваад орчихдог. Ард нь олон баллонтой хий эзэнгүй байж байна. Бүх зүйл учиртай. Жижиг баллоныг нэг хүн аваад орлоо гэхэд нөгөө хүн нь машинаа харж байдаг, аюулгүй байдлаа хангаж байдаг. Энэ цикл алдагдана гэдэг чинь л эрсдэл.

-Шингэрүүлсэн шатдаг хий бусад төрлийн энергийн эх үүсвэрүүдээс илүү үр ашигтай, өгөөжтэй байна гэдгээр нэгэнт дэлхий нийтээр хэрэглэж байна. Автомашины тухайд баллон баталгаажуулалт, солих үйлчилгээ ороод ирвэл асуудал шийдэгдэх нь. Тэгвэл хувийн орон сууц, дээр нь нийтийн орон сууцанд ашиглах гээд байгаа, ашиглаад байгаа хүмүүс энэ хэрэглээг яаж зохицуулах вэ?

-2004 онд батлагдсан энэ норм дүрэм дээр “Орон сууцны хоёроос дээш давхар бүхий барилга дотор баллон байрлуулахыг хориглоно” гэж заасан. Ашиглахыг хориглоно, байж болохгүй гэсэн. Энэ шаардлагыг тавихаар иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. “Шингэрүүлсэн хийн хэрэглээг хясан боогдууллаа”, “Байцаагч бодитой бус шаардлага тавьж байна”, “Ард иргэдийг хүндрүүлж байна”, магадгүй авлига ч нэхэх гээд байна гэх маягаар хэл ам хийдэг. Энэ бас сайн талтай, учир нь манай хяналт тухайн иргэнд хүрч байгааг харуулж байна. Эдгээр хүмүүс “Би сүүлийн арваад жил орон сууцандаа хэрэглээд болоод байсан, яагаад энэ жилээс болохгүй гээд байна, та нар буруу шаардлага тавьлаа” гэж ярьдаг. Гэтэл 2004 оноос хойш энэ шаардлага байсаар л ирсэн. Тэр хугацаанд тухайн иргэн өөрөө баллоноо авчраад холбож байсан, эсвэл хангагч байгууллага хууль зөрчөөд тэр хүнд хангасаар байгаад буруу хэвшил, дадлыг иргэдэд бий болгож байгаа хэрэг. Аюулгүй байдлын төлөө хяналтын байгууллагын хийж байгаа ажлыг энэ мэтээр ямар ч үр дүнгүй болгочихож байгаа юм. Нөгөө дэвтэр бүүр байхгүй, сүүлдээ бүүр завхраад зүгээр л шар падаан, зарлагын баримт гэдэг шиг юм хийлгэчихээд тэрийгээ өгөөд явдаг болсон. Доор нь аюулгүй ажиллагааны ганц өгүүлбэр жижигхээн биччихсэн. Энэ бол төрөөс баталсан дүрмийг дур мэдэн зөрчиж байгаа хэрэг.

 -Орон сууцанд газ хэрэглэх боломжийн тухайд?

-Орон сууцны хэрэглэгчид нийлээд юмуу дангаараа шингэрүүлсэн шатдаг хий заавал хэрэглэх шаардлагатай гэвэл мэргэжлийн байгууллагаар зураг төсөл гаргуулаад, түүнийхээ дагуу мэргэжлийн байгууллагаар угсралт холболт хийлгээд, баллоноо барилгын гадна талд байрлуулаад хэрэглэж болно. Одоо зөрчил гараад байгаа, хүүхэд хордсон, тэсэрч  дэлбэрсэн тохиолдлуудыг харахад ихэвчлэн өөрөө дур мэдэн хийсэн, олон жил дур мэдэн буруу дадлаар хэрэглэж хэвшсэн, бүүр олон жил өөр хүмүүсийг хийгээр хангасан ийм тохиолдол байж таардаг.

Бас шинээр барих хоёр давхар байранд дөрвөөс илүүгүй сууцтай, ашиглагдаж байгаа хоёр давхар байранд наймаас илүүгүй сууцтай бол хийн баллоныг барилга дотор байршуулж болно.

 -Ярилцлагын эхэнд дурдсанаар, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашинд үйлчилдэг станцад яагаад асуудал үүсэв?

-Жаахан дэлгэрэнгүй тайлбарлая. Барилга байгууламжийн угсралтын ажилд мэргэжлийн хяналтын байгууллага эхлэх зөвшөөрөл олгодог, зураг төслийг нь хянадаг, угсралтын явцын хяналт тавьдаг, улсын комисст хүлээж авдаг тогтолцоотой байх үед хяналт харьцангуй өндөр түвшинд байсан. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага 2013 оноос хойш дээрх асуудалд оролцдоггүй болсноос норм, дүрэм зөрчсөн зураг төслөөр, чанаргүй баригдсан барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч байгаа нь ашиглалтын үед гарах эрсдлийг бий болгож байна. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар заавал урьдчилан мэдэгдэж байж хяналт шалгалтаар очно, удирдамж батлуулж урьдчилан хүргүүлнэ гэж заасан байдаг болохоор хууль зөрчиж байгаа энэ мэт үйлдлийг илрүүлэх боломж хумигдчихаад байгаа юм.

Нөгөө талаас бүүр зураг төслөө огт хянуулаагүй, газрын зөвшөөрөл нь зориулалтын бус, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрсдөө бариад тэрийгээ Улсын комисст хүлээлгэн өгөхгүйгээр шууд ашигласан тохиолдол байна. Мөн бүх дүрэм журмаараа явж байгаа боловч өдөр тутмын үйл ажиллагааны хяналт тавьдаггүй, хариуцлагагүйгээс мөн зөрчил гараад байна.

 -Манайхны хамгийн хэрэглэдэг жижиг газ, 220 млийн савлагаатай газны талаар анхааруулж, зөвлөх зүйл байна уу? Тэсэрлээ гэхэд хэр хүчтэй тэсэрдэг вэ?

 -Яг томъёо, тооцоо ярьвал төвөгтэй болчих байх. Нэг жишээ ярья. Хэдэн жилийн өмнөх явдал, Гал тогоо тусдаа хоёр өрөө орон сууцанд амьдардаг хоёр хөгшин жижиг 220 граммын баллонтой хийгээр ажилладаг зөөврийн хийн плиткан дээр цай чанажээ. Ингэхдээ гал тогооны өрөөндөө цайгаа хийн плиткан дээрээ тавьчихаад хараа хяналтгүй орхичихсон. Газын тоног төхөөрөмжийг ажиллах үед хараа хяналтгүй орхино гэж хэзээ ч байж болохгүй. Гэтэл цайгаа залгачихаад нөгөө өрөөндөө орчихсон. Энэ хооронд цай дэврээд, дэвэрч асгарсан цай нь тухайн плитканы галын дөлийг унтраачихсан. Харин хий нь алдагдсан хэвээр л байсан. Тэгээд нөгөө хүн чинь одоо буцалчихсан байх ёстой гээд эргээд иртэл плитка нь унтарчихсан, цай нь буцлаагүй ч юм шиг байнгуут нь шууд дахиад асаачихсан. Очлуурыг нь чаг гээд асаасан. Энэ үед нөгөө 220 гр хий чинь алдагдаад, агаар хийн тэсрэх холимог үүсчихсэн байсан үед оч өгснөөр тэсрэлт болж тэр айл гурван цонхтой байхад гурвуулаа хагарч, газарт суугаад зурагт үзэж байсан хүний толгойн үс хуйхлагдсан. Тэсрэлт хүчинд шүү дээ. Тэгэхээр ийм бага хий алдагдахад тийм их хүчтэй тэсрэлт үүсгэж байна.

Энэ жижиг баллонтой хийг манайхан маш их хэрэглэдэг. Зун хөдөө гадаа явахдаа машиндаа авч явдаг. Машины дотор, жишээлбэл фургон автомашины моторын ойролцоо тавьдаг, нарны шууд тусгалд удаан хугацаанд авч явдаг. Үүнээс тэсрэлт бий болсон тохиолдол бий. Мөн хэрэглэж дууссан жижиг баллоноо ил гал, түүдэг гал асаасан байх үедээ гал руугаа шидчихдэг. Гэтэл дууссан гэх баллон тэсэрч, галаа тойроод зогсож байсан хүмүүс тэсрэлтэд өртөж хөл, гараа гэмтээсэн тохиолдол ч байна. Энэ зөөврийн, жижиг хийн баллоныг хэрэглэж дууссаны дараа заавал цоолж хаях ёстой. Хийн баллон савны хий 100 хувь дуусна гэж байдаггүй, дотор даралтыг гаргаж аюулгүй болгосны дараа хаях ёстой.

-Аюултай биш үү? Цоолох үед тэсрэхгүй юу?

-Хамгийн гол ойлголт бол дууссаны дараа л цоолно гэдэг ойлголт. Өөрөөр хэлбэл плиткан дээрээ ажиллуулаад галын дөл нь унтраад, газгүй болсон гэж үзсэн тохиолдолд ил галаас хол зайд үзүүртэй зүйлээр цоолох ёстой.

 -Бөөрөөр нь цоолж болох уу?

 -Хаанаас нь ч цоолж болно. Цоолж хаяагүйгээс болж сүүлийн үед хог дээрээс бүтэн энэ жижиг баллоныг түүгээд, хоёрдогч түүхий эдийн цэгээр дамжуулан зардаг. Тэрийг нь нэг хүн гэртээ хийтэй баллон тавьж байгаад ч юмуу, дахиж хийгээр цэцэглээд пакетлаад худалдаалах асуудал гарах болсон. Энэ нь бүр их аюул, эрсдэлийг үүсгэж байгаа юм. Иймээс заавал цоолж хаяснаар дахин хэрэглэх боломжгүй, тэсэрч эрсдэл аюул үүсэхгүй. Хогийн саванд байгаа хогоо манайхан их шатаадаг даа. Тэр дунд цоолоогүй баллон хаячихсан байвал тэсэрдэг.

-Дүгнэвэл нэгдүгээрт хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж, ашиглаж байх үедээ хэзээ ч битгий хараа хяналтгүй орхи, хоёрдугаарт засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар тогтмол хугацаанд хийлгэ, гуравдугаарт аюулгүй ажиллагааний зааврыг ягштал мөрд, дөрөвдүгээрт хийн алдагдал мэдрэгчийг заавал суурилуул гэж базаж хэлж болох нь. Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 -Баярлалаа.
 

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-15 04:30:48
    камер тавиад л болоо.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Mungu haraad suugaad blgui 2019-04-13 13:41:31
    Hahuuli avahaa bodood suugaad blgui garj ajlaa hii norm duremee murduul. Bi chmg medne, garin usgee yaj unelj aj ahui negjuudiig hundruuldgiig ch medne muu avil...
    218.158.64.151
    Мэдэгдсэн Хариулах