Хоол хүнсэнд хордохгүй гэх баталгаа алга
Монголчуудад агаар ус шиг хэрэгтэй зүйл бол яах аргагүй нойр, хоол гэдэг. Гэтэл сүүлийн хэдэн сар олныг хамарсан хоолны хордлого гарлаа. Өнгөрсөн хоёрдугаар сард Зайсан дахь КFC-гээс эхэлсэн хоолны хордлого өнөөдөр SSM сургуулийн хоолны хордлогоор үргэлжилж байна. Багш, сурагчид нийлсэн 80 гаруй хүн хордлого авснаас өнөөдрийн байдлаар 40 гаруй нь эмнэлэгт, эмчийн хяналтад эмчилгээ хийж байна.

Байсхийгээд л олныг хамарсан хоолны хордлого гарах болов. Ялангуяа сургуулийн цайны газарт хүүхдүүд хордлоо гэх. Хүнсний аюулгүй байдал хаана явна, хаана алдагдаж байна вэ.

Нөгөөтэйгүүр хортой хоол хүнсээр ходоодоо баярлуулж байгаа монголчуудад өөрсдөд нь хариуцлагагүй алга. Нийгмийн хариуцлага ч гэж алга.

Олон нийтийг цочирдуулсан хоолны хордлого цаашаа ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй юм. Эрүүл мэндээрээ хохирч байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ер нь ганц KFC ч биш, энэ нийтийн хоолны салбарт юу болоод байна вэ. Хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Эдгээр газруудад хэн хяналт шалгалт хийх ёстой юм.

Хүмүүсийн ходоодны дайсан болсон хеликобактер гэдэг чинь гуанз, ресторанууд аяга тавгаа гүйцэд угааж ариутгаагүйгээс болдог, элдэв шавж, мэрэгчид үүрлэсэн хоолны газруудын талаарх гомдол мэргэжлийн хяналтын байгууллагад  тасардаггүй, сургуулийн цайны газарт хүүхдүүд хоолны хордлого боллоо гэх мэт мэдээлэл их гардаг.
Үүнтэй холбоотойгоор нийтийн хоолны салбарт мэргэжлийн хяналтынхан маань хэр зэрэг ажилладаг юм бэ. Яагаад хяналт тавьдаггүй юм бол.

Хоолны хордлого гарахад мэргэжлийн хяналты хаана байв. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг тогтмол хийж болдоггүй юмуу гэсэн асуултад тэднийхээс өөрсдийгөө өмгөөлж, арьсаа хамгаалдаг нь үнэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас манай хяналт бол хөндлөнгийн хяналт. Тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгч газрын өдөр бүрийн үйл ажиллагаанд, шат, дамжлага бүр дээр нь нэг нэг байцаагч хараад зогсох ёстой мэт ойлгодог.
Энэ орон тоогоороо ч боломжгүй, хууль эрх зүйгээрээ ч боломжгүй, бүүр олон улсад, эрүүл нийгмийн тогтолцоонд ч байхгүй зүйл. Харин дотоод хяналт л энэ бүхнийг хянаж байх учиртай. Энэ дотоод хяналт өнөөдөр Монголд бүрэн утгаараа ажиллаж чадвал заавал хөндлөнгийн хяналт байх ч шаардлагагүй гэж “томордог”.
 
Бэлэн болсон хоолыг хоёр цагаас илүү хадгалах ёсгүй, гэтэл...

Нийтийн хоолны газруудтай холбоотой гомдол мэргэжлийн хяналтын байгууллагад цөөнгүй ирдэг байна.
Ер нь бэлэн болсон хоолыг хоёр цагаас илүү хадгалах ёсгүй. Гэтэл нийтийн хоолны газрууд бэлэн болгосон бүтээгдэхүүнээ удаан хадгалах, эсвэл урьд орой нь бэлтгэх зэргээр чанар, аюулгүй байдлыг нь алдуулах тохиолдол элбэг. Урд өдөр нь хийчихээд “Өнөөдөр шинэ хийсэн, ирсэн хоол” гэж хэнэг ч үгүй мэлздэг.

Хүнсний аюулгүй байдал, чанарыг сайжруулахын тулд хувь хүн болон хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг, хандлага, үүрэг хариуцлага, ухамсарыг дээшлүүлэх хэрэгтэй.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг ямар ч байгууллагад ажилд орох хүсэлтэй хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай.

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй газраас хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нь буруу юм. Ялангуяа хүүхдүүд ТҮЦ-нээс түргэн хоол буюу гамбургер, хотдог, хуушуур, ороомог, пирошки хаалгаж аваад иддэг. Энэ бол маш буруу, бохир заваан, эрүүл хүнс биш гэдгийг эцэг эхчүүд сайн ойлгуулах ёстой.
 
Томоохон зоогийн газруудын ихэнхид эрүүл ахуйч ажилладаггүй

Өнгөрсөн жил гомдлын дагуу 1702 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаж, 27 417 зөрчил илрүүлсэн. Олон хүн хоолонд хордсон хэрэг, зөрчил 38 бүртгэгдсэн. Хүүхдийн байгууллага, ширхгийн хоол зардаг болон албан байгууллагын цайны газар, хурим найр зохион байгуулдаг ресторанд голдуу хордлого гарсан. Ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой зөрчил их ирдэг байна.

Жишээ нь, стандартын шаардлага хангаагүй бодисоор аяга, тавгаа угаадаг. Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан тушаалаар хүнсний зориулалттай бодисоор угаалга, цэвэрлэгээ хийх ёстой ч мөрддөггүй.

Гарал үүсэл тодорхойгүй цайруулагч, ариутгагч, угаагч шингэн хэрэглэдэг. Ихэнх цайны газар гал тогооныхоо өрөөнд гар угаах хэсэггүй. Мөн мэргэжлийн эрүүл ахуйч байдаггүй. Нэмж хэлэхэд, зоогийн газрууд ундны усаа тогтмол шинжлүүлдэггүй. Хоолны дээжээ ч тогтмол шалгуулдаггүй.

Зоогийн газруудын хаалган дээр “Угаагч, бэлтгэгч авна” гэсэн зар түгээмэл харагддаг. Ийм жишгээр хэнийг ч хамаагүй ажилд авдаг. Ажилд орохоор ирсэн хүнээс эрүүл мэндийн шинжилгээний бичиг шаарддаггүй, явцын дунд, шалгалтын сургаар л шинжилгээнд хамруулдаг. Дээрээс нь хүнс нийлүүлдэг байгууллагаас гарал үүслийн бичиг шаарддаггүй, гэрээ ч байгуулдаггүй гэх мэт зөрчлүүд олон байдаг аж.
 
Хятад, Солонгос хоолны газрууд хамгийн заваан нь

Манайхан Солонгос, Хятад хоол их идэх дуртай. “Цалин буулаа, Солонгос хоолонд оръя” гэж нэг нэгнээ уруу татдаг. Өнгө үзэмж, амт чанарын хувьд хоол нь амттай санагддаг ч хамгийн заваан бохир орчинд хоолоо хийдэг газрууд бол Солонгос, Хятад зоогийн газрууд байдаг. Өнгөн дээрээ ямар ч материал, муу махыг элдэв янзын амтлагчаар хачирлахаар амттай болоод өнгөтэй харагддаг.

Гэтэл орчин нь их заваан бохир эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол хүнсээ бэлтгэж хийдэг. Хэдэн сарын өмнө Хятад зоогийн газрын гал тогоонд жоом үүрэлчихсэн, үнэн заваан төрхийг хэвлэлийнхэн илчилж, Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг нь зогсоож байсан.

Тэгвэл энэ долоо хоногт Дүнбэгмайл ХХК-ийн “Кимбаб чонгүг” хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоолоо.

Энэ газраас SSM сургуулийн хүүхэд, багш нар хордсон байж магадгүй учраас үйл ажиллагааг нь шалгаж зогсоосон байгаа юм. Энэ газар нь эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр шалгахад зөрчил илэрсэн. Тухайлбал, хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хамгаалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, нэг хийсэн хоолоо хэд дахин халааж өгдөг гэх мэт зөрчлүүд илэрсэн байгаа юм.

Ийм л хоол хүнсэнд манай монголчууд ходоодоо өгдөг. Улмаар эрүүл мэндээрээ ч хохирч байгаа гэдгийг ухаарахгүй юм даа.
 
Зах, худалдааны төвүүдэд эрүүл малын мах зарж байгаа эсэхэд эргэлзэв

Томоохон зах худалдааны төвүүдэд зарагдаж байгаа түүхий эд, мах ч асуудалтай байж мэдэхээр болов. Худалдан авч байгаа иргэд эрүүл эсэхийг мэдэхгүй. Манайхан махны шинжилгээний бичгийг нь хардаггүй, худалдагч нар ч харуулъё гэж хичээдэггүй нь үнэн.

Хэдхэн хоногийн өмнө Эмээлт зах дээр үхсэн байж болзошгүй үхрийн мах 20 тонныг ачиж ирээд хууль хяналтынханд баригдлаа. Хэрвээ мэдэгдээгүй бол энэ мах хотын худалдааны томоохон захуудад нийлүүлэгдэх байсан. Ийм аюултай эрсдэлтэй байна. Түүнээс гадна зах биш, байрны дунд машиндаа ил задгай мах зардаг худалдаачид аюултай, хөдөөнөөс махаа ачиж ирээд байрны дунд зардаг. Ямар ч баталгаагүй, эрүүл малын мах эсэх нь мэдэгдэхгүй, шинжилгээний бичиггүй, зарагддаг их аюултай. Үүнд хяналт тавьдаг газар ч гэж байхгүй.

Сүүлийн үед Хятадаас оруулж ирж байгаа тахианы мах асуудал дагуулах болов. KFC-гийн хордлогыг тахианы махнаас болсон гэж ярьсан ч шинжилгээний хариу өөр зүйлээс болсон гэх.

SSM сургуулийн хордлого ч тахианы махнаас болсон байж магадгүй. Тэр сургууль  Хүчит шонхор захаас тахианы мах худалдаж авсан байдаг. Тиймээс тус захад худалдаалж байгаа тахианы маханд шалгалт хийж, зарахыг хориглосон байгаа юм.   

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mergejiliin hyanaltiihan ajlaa hii 2019-04-12 23:55:57
    Ene Mergejiliin hyanalt gej gazar ajlaa sain hiigeechee, chadahgui bol tatan buulgah heregtei, yu ch hiihgyu tatvariin mungu idetsgeesen avilgachid
    108.218.234.108
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2019-04-15 17:14:04
      unen unen
      150.129.140.212
      Мэдэгдсэн Хариулах
  • ?! 2019-04-12 08:31:24
    Солонгос, хятад хоолны газрууд Монголд л зарим нь ийм заваан байгаа болохоос биш тэд нутагтаа бол дээд зэргийн цэвэрч байдаг! Шалтгаан нь - Монгол орчин!!
    66.181.161.62
    Мэдэгдсэн Хариулах