Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Хаврын ээлжит чуулган баасан гарагт нээлтээ хийлээ. Дөнгөж нээлтээ хиймэгц Ерөнхий прокурорын томилгоог хийсэн юм. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
85 настэй дэлхийн аварга эх орондоо ирлээ

Польш улсад зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон Ц.Раднаа түрүүлж, дэлхийн аварга болсон билээ.
 Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн Ц.Раднаа эх орондоо ирсэн нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдлыг нэг байлаа. 
Тэрбээр дэлхийн 88 орны 500 гаруй тамирчинтай өрсөлдөж, дэлхийн дээд амжилтын эзэн болсон юм. Мөн гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж түрүүлсэн бол 60 метрийн саадтай уралдаанд аваргалж, алтан медалийн эзэн болсон юм.
 
Нийтийг хамарсан олимпиад, уралдаан зохиохыг хориглов

БСШУС-ын сайд тушаал гаргалаа. Уг тушаалын дагуу багш нарт нэмэлт үүрэг даалгавар өгөхгүй байх, бага ангийн сурагчдыг олон төрлийн уралдаан тэмцээнд хүчээр хамруулах, их дээд сургуулийн элсэлтэд бэлдэж буй төгсөх ангийн сурагчдын дунд нийтийг хамарсан олимпиад, уралдаан зохиож, заавал орохыг шаардан дарамт үүсгэхгүй байхыг үүрэг болгосон юм. Хэрэгжилтийг хангаж ажиллахыг шат шатны боловсролын байгууллагын удирдлагууд орон нутгийн засаг дарга нарт даалгалаа.
Төрийн албан хаагчдыг казино тоглохыг хориглов

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, мөрийтэй тоглоом/казино/ тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглож, зөрчил гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх зэрэг хариуцлага тооцох хэм хэмжээг тогтов.
Иймээс ЗГХЭГ-аас цаашид энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо, дэмжлэгийг хүсч байгаа юм. Засгийн газрын гишүүд, Төрийн захиргааны  болон улстөрийн албан тушаалтнууд ТӨҮГ, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нийт төрийн албан хаагчдын гадаад улс оронд зорчин, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мөрийтэй тоглох зэрэг хууль бус үйлдэл гаргасан талаарх мэдээллийг ЗГХЭГ-т иргэдээс хүлээн авах юм. Цаашид улирал тутамд нэгтгэн олон нийтэд мэдээлж, холбогдох хариуцлагыг тухай бүр тооцох  аж.
 
БЗД-т сонгуулийн маргаан үргэлжилсээр байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилсон. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Баясахыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Гэвч шинэ дарга Э.Бат-Амгаланд ажлаа хүлээж авах боломжийг бүрдсэнгүй.
2016 онд болсон дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр маргаан гарч, улмаар Засаг даргаа томилж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм. Уг маргааныг шүүх эцэслэн шийдсэнээр өнгөрсөн сарын 23-нд тус дүүргийн хоёр тойрогт дахин сонгууль явуулсан байдаг. Тус сонгуульд МАН ялалт байгуулснаар Баянзүрх дүүрэг албан ёсны засаг даргатай болсон.

Стандарт банкны өрийг Эрдэнэт үйлдвэр дарлаа

“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн барьцаалан зээл аваад байсан. Тэгвэл энэ зээлийг дарсан тухай Шадар сайд Ө.Энхтүвшин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дуулгалаа. Анх "ЖАСТ" группын захирал Г.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт" банктай 2009-2010  он зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэл нэмэлт хийж нийтдээ 160,1 сая долларын авсан байдаг байна. Үүнийгээ хугацаандаа төлөөгүй. Ийм учраас "Стандарт" банк 2013 оны долдугаар сард Лондонгийн арбитрийн шүүхэд хандсан байдаг.  Асуудал үргэлжилж явсаар Английн Дээд шүүх 2018 оны долдугаар сард уг асуудлыг авч хэлэлцээд Лондонгийн Арбитрийн шүүхээр шийдэгдсэн байна. Улмаар Английн дээд шүүх “Эрдэнэт” үйлдвэрийн төлбөрийн гүйлгээг царцаах, гуравдагч этгээдэд зарах, гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл үүсэн тул төлбөрийг төлөх шийдвэр гаргасан. Тиймээс 40 сая ам.долларыг "Эрдэнэт" үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-аас гаргаж "Стандарт" банк руу шилжүүлжээ.
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.