Б.Баярдаваа: Эдийн засаг хэт идэвхжих тохиолдолд бодлогын хүүг чангаруулж магадгүй

Монголбанкны мөнгөний бодлогын хороо энэ оны эхний хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгалах, макро зохистой бодлогын хүрээнд тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 60 хувиар тогтоох шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Шийдвэр гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийн талаар товчхон мэдээлэл өгнө үү?

Мөнгөний бодлогын шийдвэрт хамгийн эхэнд харгалзан үздэг үзүүлэлт нь инфляци. Инфляци харьцангуй тогтвортой байгаа. Нэгдүгээрт, инфляци савлагаатай байгаа хэдий ч нөлөөллийг нь аваад үзвэл эрэлтийн гэхээсээ илүү нийлүүлэлтийн шинж чанартай нөлөөллүүд давамгайлж байна. Нөгөө талаас эрэлтийн шалтгаантай суурь инфляцийн төлөв байдлыг бид бодлогын шийдвэртээ тогтмол харгалзаж үздэг. Суурь инфляци харьцангуй тогтвортой байна. Эхний үндэслэл нь энэ юм. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрсэн. 2019 оны эдийн засгийн өсөлт мөн л 6.9 орчим хувьтай байх таамаглал байна. Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд дурдсан нэг зүйл нь “Эдийн засгийн өсөлт цаашид эрчимжих, дотоод эрэлт эрчтэй байх тохиолдолд бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй” гэдгийг олон нийтэд мэдээлсэн нь онцлогтой байлаа. 

Бодлогын хүүг өсгөж болзошгүй гэх мессежийг зах зээлд өгөөд байна. Үүнд голлон нөлөөлөх ямар хүчин зүйл байх вэ? Ямар тоонуудыг анхааралтай ажиглах ёстой вэ?

Нэгдүгээрт, инфляцийн тоо. Инфляцийн өсөлт цаашид хурдсах уу, үгүй юу гэдгийг анхаарах ёстой. Хоёрдугаарт, эдийн засагт байгаа зээлийн өсөлт ямархуу түвшинд байх нь вэ гэдэг асуудал. Гуравдугаарт, эдийн засгийн өсөлт цаашид 6.9-7.0 хувь буюу хүлээлтээс давах нөхцөл байдал үүсэх үү, үгүй юу гэдгийг ялангуяа 2019 оны нэгдүгээр улирлын тооноос харах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал нь гадаад эдийн засагт сүүлийн хэдэн улирал үргэлжилж байгаа гадаад төлөв байдлын эрсдэл ямар байх вэ гэдэг нь чухал. Үүний экспортын үнэд хэрхэн нөлөөлөх, Монгол Улсын  орж ирэх гадаад валютын урсгалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг зүйлийг харгалзан үзэж байгаа. 

Эдийн засагчид энэ оны төлөвийг харьцангуй эерэгээр харж байгаа юм билээ. Үүний нөгөө талд анхаарах ёстой эрсдэлүүдийг та хэрхэн харж байна вэ?

Манай эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай учраас гадаад нөхцөл байдлыг хувийн сектор, банкууд, бодлого боловсруулагчид бүгд анхааралтай ажиглаж байх ёстой. 2019 оны хувьд бид нөхцөл байдлыг харьцангуй эерэг байхаар харж байгаа. Гэхдээ олон улсын шинжээчид эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ буурах хандлагын төсөөллийг хийсээр байна. Энэ нь манай улсын эдийн засагт нөлөөтэй учраас өнөөдрийн Монголбанкны зүгээс авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрүүд нь дунд, урт хугацааны тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг зорьж байгаа юм. Тэр ч утгаараа макро зохистой бодлогын шийдвэрүүд, бодлогын хүүтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж байгаа. 

Энэ онд валютын орох урсгал ямар байх бол?

2019 оны хувьд валютын орох урсгалыг өөдрөгөөр харж байгаа. Ялангуяа экспорт, тэр дундаа  нүүрсний экспортын төсөөллийг өмнөх 12 дугаар сард төсөөлж байснаас 4 орчим сая тонноор нэмэгдүүлсэн. Өмнө нь 35-36 сая тоннд хүрэх болов уу гэж байсан бол 39 сая тонн болгож нэмэгдүүлсэн. Гадаад хүчин зүйл нүүрсний зах зээлд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа. Энэ цаг хугацааны цонхыг бид маш сайн ашиглаж, экпспортоо эрчимжүүлж, орлогоо сайжруулах шаардлага бий. Зэсийн үнийг өмнөх төсөөллөөс бага зэрэг бууруулсан боловч, экспортын тоо хэмжээн дээр нэг их өөрчлөлт гарахгүй. Мөн алтны үнийг сайжруулж авч үзсэн. Энэ нь алтны зах зээл дээр экспортолж байгаа аж ахуйн нэгжүүдэд эерэгээр нөлөөлнө. Нөгөө талдаа Ашигт малтмалын нөөц ашигласны татварын хуулийн хэрэгжих хугацаа дууссантай холбоотойгоор нэгдүгээр улирлын байдлаар монголбанкинд тушаагдах алтны хэмжээ бараг хоёр дахин буураад байна. Гэхдээ Их хурал дээр хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийг харвал нааштайгаар шийдэгдэх бололтой. Энэ нь мөн л алтны зах зээл дэх аж ахуйн нэгжүүдэд сайнаар нөлөөлнө. Тэгэхээр алтны салбараас орж ирэх орлого энэ онд буурахгүй байх. Экспортын хандлагын тухайд нэг иймэрхүү байна. Гадаад эрэлтийн хувьд олон улсын шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулж байгаа. Гэхдээ сүүлд болсон Хятадын том хурлаар өсөлтийнхөө төсөөллийг 6-6.5 хувьд хадгалах шийдвэрийг гаргасан. Мөн эдийн засгийн өсөлтөө бууруулахгүйн тулд 2 тэрбум юанийн татварын хөнгөлөлтийн асуудал яригдаж байна. Энэ нь эдийн засагт эерэгээр нөлөөлнө. Нэг ёсондоо манай гадаад эрэлтэд таатай нөхцөл байдлыг бий болгоно. Үүнээс гадна Америк, Хятад хоёрын худалдааны зөрчилдөөнийг шийдвэрлэхтэй холбоотой хэлэлцээр огт зогсохгүй байна. Дөрөвдүгээр сараас хэлэлцээрүүд дахин үргэлжилнэ. Эдгээр нь зах зээлд эерэг нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ бид гадаад зах зээлээ маш анхааралтай ажиглаж, ойрын 2-3 жилдээ маш болгоомжтой байх ёстой. Ойрын нэг жилдээ асуудал харьцангуй гайгүй байгаа боловч энэхүү гадаад орчны таатай нөхцөл, байдлыг ашиглаад санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгж, өрхүүд санхүүгийн дархлаагаа сайжруулж байх ёстой. Тэгж чадвал дунд, урт хугацаандаа эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чухал үр дүнтэй. Ийм үр дүн рүү Монголбанкны бодлогын шийдвэрүүд ч чиглэж байгаа.

Макро зохистой бодлогын хүрээнд тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын  харьцааг 60 хувь болгож бууруулах шийдвэр гаргалаа. Энэ нь өмнөх бодлогын шийдвэрийн үр дүнд үндэслэж гаргасан шийдвэр үү, эсвэл илүү ирээдүйг харсан шийдвэр үү? 

Урт хугацааны хандлагыг харж байгаа. Макро зохистой бодлогын хүрээнд хоёр зүйл яригдаж байгаа. Нэгдүгээрт, ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 120 хувиас 150 хувьд хүргээд байна. Гадаад зах зээлээс улбаатай валютын ханшийн зээлийн эмзэг байдлыг бууруулж өгөх зорилготой. Одоогоор зээл болон хадгаламжийн долларжилт түүхэн доод гэж хэлж болохуйц хамгийн бага түвшинд хүрээд байна. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд өрхийн зээл маш их нэмэгдээд байна. 2016 оноос хойш бий болсон эдийн засаг сэргэлтэд эдийн засаг руу мөнгө нийлүүлсэн гэдэг утгаараа эерэг нөлөөтэй байсан. Гэхдээ үүнийг бид цаашид даамжруулах боломжгүй. Энэ нь эрсдэлтэй. Өрхийн санхүүгийн чадавхийг бууруулж, өрийн дарамтыг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, эдийн засагт ямар нэгэн шок үүссэн тохиолдолд энэ нь банкны системийн зээлийн чанарт эрсдэл үүсгэнэ. Тэгэхээр бид үүнийг зохистой түвшинд нь хязгаарлаж, тогтвортой түвшинд авч явах ёстой. Хэдийгээр өр орлогын харьцаа 70 хувь гэж байгаа боловч энэ бол өндөр үзүүлэлт. Олон улсын жишигт 30-40 хувь л байдаг. Тэгэхээр нэгэнт орлого, цалингийн өсөлт, түүнийг дагасан хэрэглээ нэмэгдэж байгаа үед бид хэрэглээний зээлийг шат дараатайгаар бууруулах нь зүйтэй юм. Энэ нь санхүүгийн эрсдэлд орохоос өрхүүдийг хамгаалах, эдийн засагт шок үүссэн тохиолдолд өрхүүдийг хүнд, хэцүү байдалд оруулахгүй байх, улмаар банкны салбарт зээлийн чанаргүйдэл үүсэхгүй байх, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцтэй юм.

Ярилцсанд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.