МХЕГ-аас 29 уурхайн үйл ажиллагааг зогсоожээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшиний өгсөн чиглэлийн дагуу МХЕГ-ын даргын баталсан 2019 оны 01/126 тоот удирдамжийн хүрээнд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлдэг уурхайнуудыг шалгаж дуусчээ.
 
Хяналт шалгалтаар:
 
Монгол Улсын нутаг дэвсгэрт олгогдсон хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар 1751 олгогдсон байна. Үүнээс:
 
Нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 123 буюу 7.02% нь байнгын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа, 159 буюу 9.08% нь үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл хангаж байгаа, 561 буюу 32.04% нь үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, 908 буюу 51.86% нь сүүлийн жилүүдэд олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байна.
 
Тус хяналт шалгалтаар нийт 592 зөрчил илрүүлэн 90 зөрчлийг газар дээр нь арилгуулсан ба улсын ахлах байцаагчийн 124 заалт бүхий 42 акт гаргаснаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг түр зогсоосон 28, улсын орлого болгосон 1, нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоосон 13 актыг тус тус үйлдсэн байна.
 
Тусгай зөвшөөрөл эзэмшигч 79 аж ахуйн нэгж, байгууллагуудад 328 заалттай, 19 нөхөрлөлд 60 заалттай улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг тус тус хүргүүлэв.

Мөн 263 аж ахуйн нэгж, байгууллагад 349 заалттай улсын ахлах байцаагчийн зөвлөмж 301, 37 нөхөрлөлд 40 заалттай улсын ахлах байцаагчийн 34 зөвлөмжийг тус тус хүргүүлж ажиллав.
 
25 аж ахуйн нэгж, байгууллагад 224,500,000 төгрөг, 8 нөхөрлөлд 3,900,000 төгрөгийн торгуулийг тус тус ногдуулсан ба 291.2 гр алтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг үндэслэн хураан авч, 39 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 6 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэн прокурорын байгууллагад хүргүүлээд байна.  
 
Хяналт шалгалтын хүрээнд 29 байгууллагад акт үйлдэж үйл ажиллагааг зогсоож, 79 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 301 зөвлөмж өгчээ. Мөн хуулийг ноцтойгоор зөрчсөн байгууллагад 220 сая төгрөгийн торгууль ногдуулж 291 грамм алтыг хураан авчээ.

Мөн уурхайнуудын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 10 700 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн гэх тоо мэдээлэл байгаа боловч бодит байдал дээр хангалтгүй байсан тул техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайг бүрэн ургамалжуулах шаардлага тавьсан байна. Хариуцлагагүй уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийхгүйгээр орхисон талбайг нэгтгэж, томоохон аж ахуй нэгжид өгч нөхөн сэргээлтийг иж бүрэн хийх шаардлагатай байгаа нь шалгалтаар тогтоогджээ.

Харин үйл ажиллагааг нь зогсоосон 29 уурхайд хэрэг үүсгэсэн байгаа учраас тэдний нэрийг зарлах боломжгүй гэдгийг МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хэллээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.