Нялх халгайтай хуушуур ядаргаа тайлах увидастай

Хаврын цагт ядаргааг гадагшлуулж, алжаал тайлахад монгол хоолны орц ихээхэн чухал үүрэгтэй байжээ. Биеийн хүч, дархлаа сэргээх уламжлалт хоолны тухай үндэсний зан заншил судлаач Б.Адьяасүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна. 

Нялх халгайтай хуушуур

-Хаврын улиралд хүмүүс нозоорч, ядарч, өөрийн эрхгүй бие нь сулардаг. Тиймээс эрч хүч нэмэх, амин дэмтэй хоол хүнс хэрэглээрэй. Дөнгөж ногоо цухуйж, өвс ногоорох цагаар нялх халгай түүж, хүнсэндээ хэрэглэвэл тамир тэнхээ сайжирдаг ажээ. Гэхдээ түүсэн халгайгаа шинээр нь буюу тухайн өдөртөө хэрэглээрэй. Энэ ургамал халуун чанар, шим шүүсээ хурдан алддаг учир дөнгөж таслаад хүйтэн усанд сайтар угаасны дараа шөлтэй хоолонд сонгины оронд орлуулж болно. Мөн жижиглэж хэрчээд махтай амтлан хуушуур хийж идээрэй. Халуун хуушуурыг дундуур нь хувааж, шинэхэн халгайны хамар цоргим уураар битүү утахад ядаргаа тайлагддаг ажээ. Мөн хуушуураа шар тосонд хоёр талаас нь зөөлөн галаар хайрч болгоод хурууны өндөг болон биеийн цэгүүддээ бүлээн жин тавьбал илүү үр дүнтэй. Нялх халгай нь цусны эргэлтийг сайжруулж, хаван буулгах, хөхүүл эхэд сүү оруулж, цус алдалтыг зогсоодог ажээ.

Цайнд чанасан хонины толгой

-Монголчуудын хаврын цагт иддэг уламжлалт хоолны нэг нь хуйхалсан хонины толгой. Хуйхлахад гарч буй хиншүү, хярвас нь хүний биед хуримтлагдсан хий хуйг дардаг ажээ. Ялангуяа битүү чанагчинд чанаад, халуун уураар нь утахад өөрийн эрхгүй алжаал тайлагдаж, бие тавирдаг. Үүнээс гадна мөлжсөн ясаа сайтар цэвэрлэснийхээ дараа хамар нармайг нь хаяад буцалж буй сүүтэй цайндаа хийгээрэй. Чанахад үлдсэн шөлнөөсөө бага зэргийг хийж, арвай нэмж сайтар самарснаар дахин давтагдашгүй амттай, хөлс гаргам амттай цай бэлэн болно. Хөлөрвөл нь сэвэлгүйгээр битүү хучиж унтвал нойр хоолондоо сайжирч ядаргаа тайлагдана. Мөн ясны сийрэгжилтийг ч төгс эмчилдэг. Хуйх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, гэдэсний ханыг цэвэрлэх үйлчилгээтэй.

Шинэ хонины шөл

-Тамирдаж, ядарсан үед монголчууд хонь гаргаж, шинэ шөл уудаг уламжлалтай. Гэдэсний шөлийг халуунаар нь уухад монгол хүний бие ашигтай бүхий л амин дэмээ авдаг ажээ. Үүнээс гадна малыг дөнгөж төхөөрөхөд гол махыг нь авч, хар шөл, гурилтай хоол хийж идэхэд эрч хүч сэлбэгддэг. Дотор маханд хаях зүйл байдаггүй. Элгийг нь сэмжинд нь ороож, дутуу шарахад, цутгасан цусыг чанаж идэхэд цус төлждөг. Мөн хөрсөн даруйд нь жижиглэж хэрчээд, бууз, хуушуур хийж идэхэд нэн тохиромжтой. Мөн хонины шинэхэн шөлөнд бага насны хүүхдийг усанд оруулдаг уламжлал бий.

Хонгорзул цэцэг, цулхиртай цай

-Бидний өвөг дээдэс эртнээс цайны ач тус, анагаах ухааныг мэддэг байжээ. Тиймээс ч сүүтэй цайгаа дээдэлж, хоол хүнсэндээ байнга хэрэглэсээр ирсэн. Монгол хүн цайгаа уух тусам эрч хүч нэмэгдэж, хэдэн өдрөөр ч өл даах нь бий. Ялангуяа шар тостой цай хүний хийг хөөдөг ажээ. Мөн бидний сайн мэдэх цулхирын гурил нь амин дэмээр баялаг. Гурван литр усанд 150 гр цулхирын гурил хийж, халбага шар тос нэмээрэй. Хатааж нүдсэн хонгорзул цэцгийг нэмж буцалгавал таны ядаргааг тайлахад илүү үр дүнтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-04-04 11:19:06
    yu ch tailxaa xyrbel tailna
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах