Ц.Раднаа:Олимпийн аваргаа хүлээж авч байгаа юм шиг олон түмэн угтаж авлаа, маш их огшлоо
Польшийн Торун хотод өнгөрсөн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ болж өнгөрлөө. Уг тэмцээнд 88 орны 500 гаруй тамирчид 45, 50, 60, 70, 80, 90 насны ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав. Тэдний дунд Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нар өндөр амжилт үзүүлж, монгол түмнээ баярлуулж, улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаад ирлээ. Өөрөөр хэлбэл, дэлхийд гайхагдсан 85, 81 настангууд.

Дэлхийн хошой аварга болсон Ц.Раднаа өөрийн насандаа хөнгөн атлетик болон уртын харайлтын төрөлд гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж, өчигдөр эх орондоо ирлээ.

Түүнийг үр хүүхэд хань ижил, шавь нар болон нутгийн зон олон нь тэвэр дүүрэн цэцгийн баглаа, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга дүүрэн сүүтэй угтаж хүндэтгэл үзүүлэв.

Ц.Раднаа гуайн хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хөнгө атлетикийн 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон гэдгээрээ илүү гавьяатай байгаа юм.

Тэрбээр “Японы аваргыг ялж аварга болсондоо баяртай байна. Хүслээ гүйцээсэн. Гэхдээ хүрэх газар зөндөө бий. Дараа дараагийнхаа тэмцээнд бэлтгэж амжилттай оролцоно оо” гэсэн юм.  Ингээд ахмад тамирчин Ц.Раднаа гуайтай ярилцлаа.


-Эх орондоо ДАШТ-ий гурван алтан медаль, дэлхийн рекорд зэрэг амжилттай ирлээ. Аваргын медалийг ихэрлүүлж ирсэн таниар ард түмэн бахархаж байна. Та баярын сэтгэгдлээ үзэгч түмэндээ хуваалцаач?

-За баярлалаа. Монголынхоо ард түмэнд үнэхээр их баярлалаа. Намайг амжилтаар минь огшоож өгсөн та бүхэндээ маш баярлаж сэтгэл хөөрч байна.  Та бүхэн надад үнэхээр их том урам зориг өглөө. Та бүхнийгээ дэлхийн дэвжээнд огшоож чадлаа. Олимпийн аваргаа хүлээж авч байгаа мэт олон нийт их сайхан угтаж авлаа, ах нь огшиж байна. Та бүхнийхээ хийморийн хүчээр ийм амжилт гаргасан болов уу.

-Дэлхийн аваргын тавцанд аваргын алтан медаль зүүгээд, төрийн дуулалаа эгшиглүүлэх үед юу бодогдож байв?

-Их сайхан юм билээ. Хоёр нүдний нулимс л гараад байсан. Дэлхийн рекордыг эвдсэндээ гэж бодохоор өөрийн эрхгүй огшсон. 85 насандаа дэлхийн аварга болно гэж зүүдэлж явсангүй ээ. 

-Их ядрав уу?

-Гайгүй ээ, хүү минь.

-Монголоос хэчнээн тамирчин явсан бэ?

-14 тамирчин явсан. Цэрэндолгорынхоо гаргасан амжилтаар ч бас бахархаж байна. 

-Та хэдэн жил спортоор хичээллэж байна вэ?

-Би 30 гаруй жил спортоор хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш. Өмнөговь аймагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би олон шавьтай. Насаараа спорттой холбоотой байгаа миний хувьд өнөөдөр баяртай байна.  Үнэхээр хэлэх үг олдохгүй байна.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахынхаа өмнө бэлтгэлээ хаана базаасан бэ?

-Улаанбаатарт хотод бэлтгэлээ хийсэн. Үнэхээр сайн байлаа.  Бэлтгэл сайн байсан учраас дэлхийн дэвжээнд өндөр амжилт үзүүллээ. Энэ тэмцээнд 88 орны 5000 гаруй тамирчид оролцож хүчээ сорилоо. 85-аас дээш насны ангилалд АНУ, Их Британи, Япон, Герман , Итали зэрэг орны тамирчид байсан.

-Хамгийн ахмад настай нь хэдэн настай тамирчин байв?

-Америкийн тамирчин гээд 90 настай хүн байлаа.

-Тэмцээний өмнө та бэртэлтэй байсан гэсэн үү?

-Хөлдөө жаахан бэртэл байсан. Гэхдээ гайгүй ээ, сайн эдгээсэн байсан.

-Та Өмнөговь нутгийн хүн шүү дээ. Тиймээс нутгийн зон олондоо юу гэж хэлэх вэ?

-Нутгийн зон олондоо баярлаж байгаагаа хэлмээр байна. Манай Өмнөговь нутгийн ард иргэд хөнгөн атлетикийн төрлөөрөө улсдаа дээгүүр явдаг, алдартай. Улсын чанартай томоохон тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. Эх орноо төлөөлөн тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргаж байгаа олон тамирчин байна. Нийт тамирчдадаа талархал илэрхийлье. Нутгийн ард түмэн минь их баярлаж байгаа. Уул ус шүтээн минь харж, дэмжсэн байхаа.

-Та гэр бүлээ танилцуулаач. 10 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн гэлээ. Тэднээс нь спортын хүн бий юу?

-Миний эхнэрийг А.Пүрэв гэдэг. Манайх 10 хүүхэдтэй өнөр өтгөн сайхан амьдарч байна. Манайх ер нь спортлог айл. Хүүхдүүд дунд спортын хүн бий. Миний том хүү Украинд усан спортын мэргэжлээр дээд сургууль төгсөж ирсэн. Усны спортын анхны мастер. Алдарт уяач, биеийн тамирын багш нар ч бий. Энэ нь миний олон жил хүүхдүүдтэй ажилласны үр дүн байх. Би ганцаараа биш миний дүү нар ч спорттой салшгүй холбоотой.

-Та олон шавь нар бэлтгэж гаргасан байх. Шавь нар нь таниар их бахархаж байна?

-Би маш олон шавьтай.

-Та өнөөдөр гаргасан энэ амжилтынхаа нууцыг хэлэхгүй юу?

-Би биеэ зөв авч явсны ач гавьяа гэж харж байна. Би архи, тамхи хэрэглэдэггүй учраас өдий зэрэгтэй яваа юм. Спортоор хичээллэж явсан болохоор надад олон талын өвчин суурь байдаггүй. Ганцхан биеэ эрүүл саруул, чийрэг авч явсны ач тус юм даа.

-Яагаад заавал хөнгөн атлетикийг сонирхож сонгож, мэргэжлийн болтлоо хичээллэсэн бэ?

-Бага байхдаа их гүйдэг хүүхэд байсан. 1954 онд Зоотехникийн малзүйчийн ангийг төгссөн. Тэгээд нас залуу, цус шингэн байх үедээ хөдөө мал хуйтай ноцолдож яваад л ер нь гүйлт харайлтаар хичээллэе гэж эрс шийдсэн дээ. Тэгээд тэр жилдээ нэг тэмцээнд ороод түрүүлж байсан нь энэ спортоор явахад их урам өгсөн дөө.

-Та спортын мастер цолоо хожуу авч байсан гэл үү?

-Надад яагаад ч өгөхгүй байсныг бол мэдэхгүй юм. Би ч өөрөө хөөцөлдөөгүй. Өмнөговь аймгаас тодорхойлоогүй байсан байх. Тэгээд хот руу шилжээд ирсэн учраас жил хугацаа алдаж хожуу олгосон болов уу гэж боддог.

-2019 онд дахин тэмцээнд уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа юу?

-Энэ онд Япон, Канад, Австралид гээд олон улсын тэмцээн байгаа. Эдгээр тэмцээнд оролцох бодол байна. Мөн арванхоёрдугаар сард Шанхайд болох нэг тэмцээн бий.  Бэлтгэлээ хийнэ дээ.

-Тэмцээн уралдаанд оролцох зардлаа яаж гаргадаг вэ. Хүүхдүүдээрээ гаргадаг уу, улсаас дэмжих зүйл байдаг уу?

-Өөрөө тал хувиа, хүүхдүүдээрээ мөн дэмжлүүлээд явдаг юм. Улсаас мөнгө ерөөсөө гаргаагүй. Хувиараа гаргаад явдаг.

-Өмнө нь гаргаж байсан амжилтуудаасаа хуваалцвал?

-Өнгөрсөн 2018 онд Архангай аймагт болсон ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс таван алтан медальтай ирсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Японд болсон тэмцээнээс мөнгөн медаль авчирсан. Тэнд өрсөлдөж байсан дэлхийн аваргатай сая дахин өрсөлдөж ялж, дарж авлаа. /инээв/ Аваргыг ялж аварга боллоо.

-Насны тань хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлэх байхаа? 

-За ёстой мэдэхгүй юм даа, хүү минь. 

-Тэтгэвэртээ гараад гэр бүлийнхээ хүний хамт мал маллаж байсан гэл үү?

-Тиймээ. Би Өмнөговь аймгийн дунд сургуульд Биеийн тамирын багш хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэртээ гарчихаад л зүгээр сууж амарна гэдэг бас өрөөсгөл ойлголт юм. Хүн эрүүл байж урт удаан наслахын тулд хөдөлгөөн чухал байх хэрэгтэй. Эхнэрийн хамт мал маллаж байгаад Улаанбаатарт хүүхдүүд дээрээ ирсэн. Одоо долоо хоногт хоёр удаа бүжигт явж, явган алхалтаар байнга хичээллэдэг.

-Залуу тамирчдад хандаж юу хэлэх вэ?

-Монгол залуучуудын амжилт жилээс жилд өсч дэвжиж байна. Бэлтгэл сургууль ч сайн дасгалжуулагч сайн байгаа. Тиймээс тив дэлхийд болж байгаа тэмцээнд амжилт үзүүлж байна. Бид бүхэн тэдний амжилтаар бахархаж байна. Тамирчдынхаа амжилтыг хараад надад огших сэтгэл төрдөг. Тэдэндээ улам их амжилт хүсье. Энэ нь Монгол Улсын амжилт шүү дээ. Залуу тамирчдын хувьд залхуу байж болохгүй. Мөн архи тамхи битгий хэрэглээрэй гэж хэлье.







О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus