Душанбед юу болох вэ
-МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын чуулганд оролцож байна-

ОХУ, БНХАУ ба тэдний дундад Ази дахь түншүүдээс бүрддэг Шанхайн хамтын ажил­лагааны байгууллага өнөөдөр Тажикистаны нийслэл Душанбе хотноо ээлжит чуулганаа хийж байна. ШХАБ нь ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Тажикистан гэсэн байнгын зургаа, Энэтхэг, Иран, Монгол, Пакистан, Афганистан гэсэн ажиглагч таван гишүүнтэй байгууллага бөгөөд Беларусь, Турк, Шри-Ланка улсуудтай албан ёсоор хамтарч ажилладаг юм.

Ажиглагч гишүүн улсын төрийн тэргүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Душанбед хүрэлцэн очоод байна. Украинтай холбоотой асуудлаас болж гадаад бодлогод нь огцом өөрчлөлт гарсан, шинэ нөхцөл байдалд дасан зохицох процесс явагдаж байгаа цаг хугацаатай давхцаж байгаа гэдэг утгаараа ШХАБ-тай хамааралтай орнууд энэ удаагийн чуулганд маш өндөр ач холбогдол өгч байгаа юм. Чуулганаас гарах үр дүнгийн талаар олон улсын ажиглагчдын таамаглал болон Монгол Улсын оролцоо байр суурь ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. 

Оролцогчид энэ удаагийн чуулганаараа уламжлалт асуудлуудаасаа гадна Украины хямралыг хэлэлцэх нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ын гишүүн орнууд энэ удаагийн чуулганаар Украины асуудлаар саналаа нэгтгэж, баримт бичиг гаргана гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Харин шинэ гишүүн элсүүлэх, санхүүгийн институц байгуулах асуудлаар тодорхой шийдвэр гарахгүй гэж үзжээ. Чуулганы үеэр болох хамгийн гол үйл явдал нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын уулзалт хэлэлцээр байх бололтой. В.Путин хятад хамтрагчтайгаа ганцаарчилсан уулзалт хэлэлцээр хийнэ гэдгээ энэ сарын 1-ний өдөр “Сибирийн хүч” байгалийн хий дамжуулах хоолойн барилгын ажлын нээлтэд оролцож байх үедээ хэлсэн. Тэгэхээр энэ уулзалт бидний хувьд ч маш чухал юм.

Монгол Улсын хувьд, энэ удаагийн чуулганаас хоёр зүйлийг хүлээж байна. Эхнийх нь БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай хийх гурван талт хэлэлцээрийн болох газар, цагийг тохирох асуудал. Гурван талт хэлэлцээр хийхийг ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд үгүйсгээгүй ч эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр бол, уулзалт болох нь тодорхой болсон гэнэ. Гол нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарт хийх сонирхолтой, Си Зиньпин Хятадад уулзчихья гэсэн байр суурийг илэрхийлсэн аж.

В.Путин бол “Хятадтай л тохирчих, хаана ч уулзсан яах вэ, би яваад очьё” гэсэн гэх. Тиймээс “Гурван улсын хэлэлцээр Улаанбаатарт болох уу” гэсэн чухал асуудал Душанбед яригдана. Алс Дорнодын их сургуулийн дэд захирал, доктор профессор Сергей Лузянин lenta.ru цахим сонинд өгсөн ярилцлагадаа “Монголчуудын хүсэл бол БНХАУ-ын байгуулж буй “Их торгоны зам” эдийн засгийн бүслүүрийн нэг хэсэг болж орох.

Хариуд нь Бээжин Монголыг Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх форумын гишүүн болгох сонирхолтой байна. Шанхайд болсон хуралдаанд оролцуулсан нь цаашид гишүүн болгох лобби байсан юм. Дашрамд дурьдахад, тус байгууллагын Владивстокт болсон хуралдааны өмнө ОХУ гишүүнээр элсэх асуудлыг нь дэмжинэ гэдгээ Монголын талд илэрхийлж байсан ч бүтээгүй” хэмээн өгүүлж байсан. АХАИБФ-д элсүүлэх гэсэн Бээжин, Москвагийн лобби энэ удаа ч үргэлжлэх магадлалтай. ШХАБ-ын хувьд бол шинэ гишүүн элсүүлэх асуудал энэ удаа хөндөгдөхгүй гэж ажиглагчид таамагласан талаар дээр өгүүлсэн.

Хойд хөршийн хэвлэлд бичсэнээр бол шинэ гишүүн элсүүлэх дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай, энэ өөрчлөлтийг хийхээс нааш энэ асуудлыг хөндөж болохгүй гэсэн байр суурийг ОХУ барьж байгаа юм байна. Тиймээс Душанбед энэ нэмэлт өөрчлөлтийн талаар л хэлцэгдэх гэнэ. Одоогийн байдлаар Иран, Пакистан улсууд байнгын гишүүн болох хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн, Энэтхэг удахгүй өгнө гэсэн яриа гараад байгаа. ШХАБ-ын дүрмэнд НҮБ-ын хоригт хамрагдсан улсыг гишүүнд тооцохыг хориглодог. Гэвч НҮБ-ээс хориг тавиулсан Иран чуулганд байнга төлөөлөгчөө илгээдэг  бөгөөд энэ удаа ч Ерөнхийлөгч Хасан Роухани нь ирж оролцож байгаа юм.

Энэтхэг, Пакистан, Туркийн хувьд байнгын гишүүнээр элсэх асуудал Украины хямралаас ч өмнө яригдаж байсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн байна. Учир нь, дайсагнасан харилцаатай Энэтхэг, Пакистан нэг байгууллагын гишүүн болсноор хамтын ажиллагаанд саад болно гэж үзэж байжээ. Гэвч Украинтай холбоотой хямрат байдал үүсч, ОХУ-ын барууны орнуудтай харилцах харилцаа хурцадсанаар Энэтхэг, Пакистаныг элсүүлж авах асуудал нааштай шийдэгдэх магадлал үүсээд байгаа юм байна. Гэхдээ ОХУ асуудлыг дангаараа шийдэхгүй, бас нэг гол тоглогч болох БНХАУ-тай энэ асуудлаар тохиролцоонд хүрэх шаардлагатай ажээ.

Сануулахад, Пакистан нь Энэтхэгтэй нөхөрсөг харилцаатай бол Энэтхэг нь ОХУ-ын том холбоотон билээ. Байгууллагын гол хоёр гишүүний нэг ОХУ-ын тухайд, Душанбед урьд өмнөх чуулгануудын адил ШХАБ-ын нөлөөллийг өсгөх, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжилд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, цаашдын хөгжил, өргөжин тэлэх асуудалд гол анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэн. Мөн хамтарсан тунхаг гаргах асуудал яригдах нь тодорхой болоод байна. ОХУ-ын хувьд, ШХАБ-ын үйл ажиллагааг идэвхижүүлэх нь БНХАУ-аас ч илүү чухал болоод байгаа юм.

Эдийн засгийн салбарын хувьд, гишүүн орнууд санхүүгийн байгууллага хамтарч байгуулах уу гэсэн асуудал урьдын адил хөндөгдөнө. БНХАУ “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын банк” гэгчийг байгуулах санаачилгыг гаргасан ч ОХУ эсрэг байр суурьтай байгаа байна. Энэхүү эсэр­гүүцэл нь хөрөнгө мөнгө ихтэй хятадууд сан­хүүгийн хувьд боломжгүй Дундад Азийн хамт­рагч нараа энэ банкаар дамжуулан атгаж, байгууллага дахь нөлөөгөө нэмэгдүүлэх вий гэ­­сэн болгоомжлолоос эхтэй юм. Тиймээс тэд шинэ банк байгуулалгүйгээр, одоо байгаа Ев­ра­зийн хөгжлийн банкны үндсэн дээр шинэ банк байгуулах саналыг гаргасан. Гэхдээ энэ саналаа байнгын гишүүдэд албан ёсоор танилцуулаагүй байгаа гэдгээ ГХ-ны сайд С.Лавров өнгөрсөн дол­дугаар сард хийсэн мэдэгдэлдээ дурьдаж байжээ.   

Товч танилцуулга

2001 онд байнгын гишүүн зургаан орны са­наачилгаар байгуулагдсан. ШХАБ-ын гишүүн орнуудын газар нутгийн хэмжээ 30 сая км2 буюу Евразийн нийт газар нутгийн 60 хувийг эзэлдэг. Хүн амын тоо нь тэрбум 455 сая /2007 оны байдлаар/. Энэтхэг, Пакистан байнгын ги­шүү­нээр элсвэл энэ тоо гурван тэрбумд хүрнэ. ШХАБ нь цэрэг дайны зорилго агуулаагүй /жишээ нь УАЦЭ/, аюулгүй байдлын асуудлаар нээлттэй бод­лого явуулдаггүй /жишээ нь АСЕАН/. Гол зорилго нь аюулгүй, тогтвортой байдлыг тог­тоох, гишүүн орнуудаа алан хядах, салан тус­гаарлах, хэт даврах, хар тамхины худалдаа зэрэг үзэгдэлтэй хийх тэмцэлд нэгтгэн зангидах, эдийн засаг, эрчим хүч, шинжлэх ухаан, соёлын  харилцааг өргөжүүлэх явдал юм.
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SDA 2014-09-11 12:41:12
    SDA IIM MONGOL HUN GJ HAANA BSIIM ENE MONGOL ER HUN BISH
    46.197.2.5
    Мэдэгдсэн Хариулах