Хайр, харуусал, хагацлыг харуулсан “Халуун зүрх”
-Одоо л амжиж хайрлахгүй бол оройтох гээд байна-

“Аримун” продакшны анхны уран бүтээл “Халуун зүрх” уран сайхны киноны нээлт өнгөрсөн баасан гарагт ёслол төгөлдөр боллоо.  Шангарилагийн Имах-д болсон киноны нээлтэнд ирсэн үзэгчид гурван давхрыг битүү дүүргэсэн байв.

Хүлээлт ихтэй кино болох нь эндээс харагдана. Нээлтийн өмнө урлагийн бяцхан тоглолт үзүүлж үзэгчдийг баясгав.

Тухайлбал, үндэсний “Жонон” хамтлаг, ятгын хатан хаан Д.Мөнх-Эрдэнэ, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Мотив” хамтлаг, бяцхан дуучин Энжи буюу Эрдэнэцэцэг, уг киноны дууг дуулсан залуу дуучин Ц.Энгүүн нар ая дуугаа өргөлөө.

“Хувьсал” продакшнаас өрх тусгаарласан жүжигчин А.Ганчимэгийн зохиол, Д.Ганцэцэгийг найруулсан ”Халуун зүрх” дэлгэцийн бүтээлд бүсгүй хүний амьдрал хийгээд эх хүн ямар ч зовлонг дааж чаддагийг, дотоод сэтгэлд нь ямар их хүч чадвар, тэсвэр тэвчээр оршиж байдаг тухай харуулжээ. Өөрөөр хэлбэл, хайр, харуусал, хагацлыг харуулсан “Халуун зүрх” киног үзсэн хүн бүрийн халуун зүрх базалж, хамаг сэтгэл нь өвдөж театраас гарч ирнэ. Хэдий өр өрөвдмөөр ч нөгөө талдаа эмэгтэй хүний тэсвэр тэвчээр агуу гэсэн бүхнийг тодотгон харуулж шигтгэсэн байв.

“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ. Үргэлжлэл болсон үр үлдэнэ…” хэмээх дөрвөн мөртөд киноны гол утга агуулга шингэсэн байх бөгөөд хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн уянгын драм. Хайрыг мэдэрч байгаа бүхнийг хайрлацгаая.

Киноны гол дүрд жүжигчин А.Ганчимэг, “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир нар хамтран тоглосон юм.

Киноны зураг авалтын тухайд жилийн дөрвөн улирлын турш зураг авалт нь хийж нийт 200 гаруй уран бүтээлчдийн чин сэтгэлийн хүчээр бүтсэн энэхүү бүтээл бөгөөд хоёр “Ганаагийн” сэтгэл зүрхээ зориулан ажилласан ур чадвар, сэтгэмж, мэдрэмж гээд бүх зүйлийн нэгдэл ажээ. Олон анхдагчийг кинондоо багтааснаараа их онцлог юм. Загвар өмсөгч Б.Цэрэндолгорын анхны кино бол Б.Хангал хүүгийн анхны кино ч ажээ.

Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, СТА С.Болормаа, жүжигчин Т.Өөдөө, бяцхан дуучин Энжи нар тогложээ.

Нээлтийн үеэр уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.
 
Олон нийтийн оюун ухааныг соён гэгээрүүлнэ
 

Жүжигчин Д.Ганцэцэг “Үзэгчидтэйгээ хамтдаа “Халуун зүрх” киногоо үзэх гэж байна. Үзэгчдээс маш их сэтгэгдэл ирж буйд их баярлалаа. Хүн бүр халуун зүрхтэй, халуун сэтгэлтэй байгаасай. Энэ киноны зохиолыг бичиж, надтай хамтарч, мөн гол дүрийг бүтээсэн Ганчимэгтээ баярлалаа. Миний хувьд найруулагч хэмээн хүндтэй албыг хэлүүлж байгаа болохоор их догдолж байна.

Анхны уран бүтээл учраас алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Тиймээс цаашид илүү анхаарч ажиллана.

Энэ киногоор нэг зүйлийг ойлгоосой гэж хүссэн.  Тэр нь юу гэхээр хүн болгон энэ ертөнцөд үүргээ гүйцэтгэхээр ирдэг. Тэр үүргээ гүйцэтгэхийн тулд маш их саад бэрхшээл тохиолддог. Хүн өөрөө эс хүссэн ч хүсээгүй ч зовлонд унагах бус тэрхүү сорилтыг сэтгэлийн хүчээр давж гарснаар ирээдүйд сайн сайхан бүхэнтэй учруулдаг. Ариун нандин хайрын тухай өгүүлнэ. Хэрвээ та хүсч байвал зорилгынхоо төлөө тасралтгүй тэмцээрэй. Тэгвэл таны чин хүсэл мөнхөд оршин байна хэмээн энэхүү уран бүтээлээ хийсэн.

Миний хүү Б.Хангал “Буржаак”-ийн дүрд тоглосон. Хүү маань хэлэхдээ “зохиолоо уншсаны дараа инээдтэй зохиол байна гэсэн. Өөрөөсөө эгч хүнд дурлачихаад үнсье гээд байгаа нь инээдтэй санагдаж байна” гэж билээ.

Бид кино уран бүтээлийг хөгжүүлэхийн төлөө уран бүтээлч гэдэг мэргэжлээрээ нийгэмд олон нийтэд тэдний оюун санааг гэгээрүүлэх тодорхой хэмжээний мэдээллийг өгч байх ёстой. Бүх уран бүтээлчиддээ амжилт хүсье. Монголын хүн бүр эрүүл энх байгаасай, нэг гэр бүл гэсэн ч элэг бүтэн байхыг ерөөе” гэлээ.
 
Хайрынхаа төлөө тэмцэж байгаа эмчийн дүрийг бүтээсэн


Гол дүрийн жүжигчин Б.Тамир “Сүүлийн үед надад дүрийн санал ирэхгүй байсан. Ямарваа нэг зүйлийн эхлэл чухал байдаг. Тэр зүйлийн сууринд нь хамтдаа байгаад, бие биедээ тус дэм болоод чин сэтгэлээсээ хамтран ажилласан. Миний хувьд “Эрдэнэ” гэдэг эмчийн дүрд ажилласан. Энэхүү дүр хайр сэтгэлийнхээ төлөө явж байгаа эмчийн дүр. Эр хүн хайртай хүнийхээ төлөө дотроо юуг тэсч давах уу, түүнийхээ төлөө юуг золиослож чадах уу гэдгийг харуулах  боломжтой дүр санагдсан. Өнөөдөр эмч нарын баярын өдөр тохиож байна. Бүх эмч нартаа баярын мэнд хүргэе” гэж ярилаа.
Уйлмаар санагдаж байна

 
Д.Ганцэцэгийн бага хүү залуу жүжигчин Б.Хангал “Ёстой гоё санагдаж байна. Уйлмаар санагдаж байна шүү. Кинонд тоглоход бэрхшээлтэй зүйлүүд байсан гэхдээ би хөгжилтэй Буржаак хүүгийн дүрийг бүтээсэндээ баяртай байгаа” гэв.
 
Ингээд “Халуун зүрх” киноны товч агуулгыг бичихэд Анхилуун бол хар багаасаа ээжээсээ өнчирч үлдээд аавынхаа хайранд дутагдаж гачигдах зүйлгүй танхи өссөн охин.

Нас биед хүрч өөрийн хайртай залуу Төгөлдөртэйгээ учирч, эмэгтэй хүний эдэлж баршгүй их жаргалыг эдэлж, хайранд умбаж байх үедээ халуун хэвлийдээ нэг бяцхан халуун зүрх тээж бөөн баяр хөөр болно. Гэтэл гэнэт бие өвдөж, ясны хорт хавдартайгаа мэднэ.

Үүнийг нь мэдсэн нөхөр болон хадам ээж аав нь Анхилуунаас зайгаа барьж, салж сарнихааар болоход амьдрал жинхэнэ хөмөрч эхэлнэ. Анхилуунд хоёр сонголт бий. Нэг бол хүүхдээ авахуулж, эмчилгээнд орох. Нөгөө бол хүүхдээ төрүүлж, өвчнөө хүндрүүлэх ийм л сонголт үлдэв.

Гэхдээ тэрбээр бяцхан халуун зүрхээ амьдралд морилуулахыг хүсч, өвчнөө умартаж, хэвлий дэхь хүүхдээ боддог. Энэ хугацаанд их зовлон амсана, бие нь муудна.

Ээжийнхээ сүнс болох хөөрхөн жижиг охиноо төрүүлнэ. Дэргэд нь хэн байсан гэвэл хайртай аав нь, бас өвчтэй буржаак хүү, Эрдэнэ эмч их тусалсан. Эрдэнэ эмч хүүхэд ахуйдаа дурлаж хайрлаж байсан Анхилуунтайгаа хожим амьдрал дээр ийнхүү таарна.

Эцэстээ төрүүлсэн охинд нь сайн эцэг болж,  хавдартай бүсгүйг өөд болохын өмнө амжиж хуримаа хийнэ. Одоо л амжиж хайрлахгүй бол оройтох гээд байсан юм. Тэдний амьдрал үхэл хагацлаар төгссөн ч үлдсэн охиных нь амьдрал үргэлжилсээр.

Хавдрын улмаас хоёр хөлөө тайруулсан ч сэтгэлийн хатаар бүхнийг тэсч даваад өөрөө үүл болж шингэсэн дээ. Тэр бяцхан халуун зүрхэнд амьдрал бэлэглэхийн тулд хорт хавдартай өвчнөө дийлж, өөрөө ялагдаж байгаа.

Хүний халуун зүрх гэдэг ямар их хүчтэй болохыг, эх хүн ямар их сэтгэлийн хаттай болохыг, орчлонд үр удмаа үлдээхийн төлөө ямар их зовлон амсч, мөнхийн амьдралыг үргэлжүүлэхийн утга учрыг мэдрэхийг хүсвэл та бүх кино театрт нэгэн зэрэг үзэгчдээ хүлээн авч байгаа "Халуун зүрх" уран сайхны киног гэр бүлийнхээ хамтаар хүрэлцэн очиж үзээрэй.








О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өаөа 2019-05-30 05:04:35
    IMAX -aaymaks
    124.158.107.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа  2019-04-01 06:33:29
    Гоё хүүхнүүд...амжилт хүсье
    66.181.160.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-04-01 03:53:22
    Үнэхээр сайхан кино болсон байналээ. Уйлах үед нь уйлж инээх үед нь инээж үнэхээр сайхан. Та нарт баяраллаа.
    77.111.247.182
    Мэдэгдсэн Хариулах