Нүүдэлчин Монголд жуулчин урьсан өдрүүд

Сүүлийн өдрүүдэд “Мишээл-экспо” төв урьд байгаагүй их хөл хөдөлгөөнтэй, үзэх харах юм зөндөөнтэй байлаа. Тус төвийн гаднах талбайд Монголын хөдөө нүүгээд ирчихсэн мэт. Өнгө алагласан монгол гэрүүд түүний гадаа сарлаг, энд буусан эзнээ хүлээх эмээлтэй морьд, хасаг тэрэг, тэмээ мал гадна, дотныхны нүдийг хужирлан байх шиг. Ойролцоо зассан тайзнаа цам бүжиг харайж, уртын сайхан дуу эгшиглэх. Ийм л монгол ахуйг харуулсан ховорхон дүр зураг, аяс аялгуу хослох ажээ.

Энэ бол олон улсын аялал жуулчлалын “Ай Ти Эм-2019” үзэсгэлэн нээгдлээ гэсэн бодит мэдээлэл ажээ. Ийм үзэсгэлэн жил бүр уламжлал болж зохиогддог ч энэ удаагийнх урьдынхаас улам өргөн болов. Төв, орон нутгийн 21 аймаг болон ОХУ-ын Буриадын гээд 300 гаруй байгууллага өөрийнхөө байгалийн сайхан, амьдрал ахуйнхаа онцлогийг харуулсан үзмэрээ дэлгэж жуулчдыг урьж байна. Уг үзэсгэлэнгийн гол агуулга нь орон нутгийг зорьж ирэх жуулчдын тоог цаашид улам нэмэгдүүлэхэд чиглэжээ гэж болно.

2018 онд манай улсад 529 мянга гаруй жуулчин ирж аялал жуулчлалын салбарынхан 569.5 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь өмнөх оныхоос 2.6 дахин өссөн үзүүлэлт юм. Үзэсгэлэнд ингэж олноороо хуран чуулж нутаг орныхоо онцлог, байгалийн сайхныг дотоод, гадаадынханд өргөн дэлгэр үзүүлж байгаа нь цаашид Монгол оронд ирэх жуулчдын тоог улам нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна. Мөн аймаг бүрт аялагчид, жуулчдын харааг булаах ямар газрууд байгааг бүрэн харж болох ажээ. Үзэсгэлэнгийн нээлт дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ:

-Монгол оронд ирэх жуулчдын тоог өсгөх нь олон талын ач холбогдолтой юм. Тэр дотор ажлын байр бий болно, аялал жуулчлалын салбарын орлого нэмэгдэнэ. Иймээс бид аялал жуулчлалын салбарт бодлогоо нэгтгэж орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэхийг эрхэмлэж байна. Зургаан аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын стандарттай болголоо. Мөн хувийн хэвшлийн байгууллагуудын хүч боломжийг энэ салбарт чиглүүлж байна. Үүний дүнд аялал жуулчлалын салбар жилийн дөрвөн улиралд ажилтай орлоготой байх эхлэл тавигдлаа гэлээ.

Үзэсгэлэнгээр зочилсон хүн бүхэн аль аймагт байгалийн ямар үзэсгэлэнт газрууд байгааг олж мэдэх юм. Бас нутаг нутгийн онцлог бүтээгдэхүүнийг сонирхож идээ цагааг нь амталж үзэх боломж бүрджээ. Аялал жуулчлалын баруун бүсийн захирал Д.Цэвээнравдантай уулзбал:

-Манай Ховд аймаг байгалийн хамгийн үзэсгэлэнт газрууд олонтой. Мөн Монголын мөнх цаст уулсын олонх нь тус аймгийн нутагт бий. Мал аж ахуйн хувьд онцлогтой. Мөн олон ястны өлгий нутаг. Иймээс бид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр хандаж байгаа. Тухайлбал, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийг сумдад байгуулж малчдынхаа үйл ажлыг олон талтай, ашиг, орлоготой болгоход чиглүүлж ирлээ. Малчдынхаа хүчээр жуулчны эко бааз байгуулж ажиллууллаа. Эко баазууд олон төрлийн үйлчилгээтэй. Тэр бүхнээс жуулчид Монгол орны байгалийн сайхантай, нүүдэлчин ард түмний амьдрал ахуйтай гүн гүнзгий танилцах боломжтой юм. Баазууд олсон ашгаа байгаль хамгаалал, эрсдлийн сан байгуулахад зориулахаас гадна 30 хувийг нөхөрлөлд нэгдсэн малчиддаа ашиг хуваарилах зарчмаар олгож байгаа тухайгаа ярьсан юм.

Энэ мэтээр аймаг бүр аялал жуулчлалын чиглэлээр хэрхэн ажиллаж байгаагаа үзэсгэлэнгийн явцад тайлагнаж байна. Архангай, Өвөрхангай зэрэг аймаг үзэсгэлэнд их ач холбогдол өгч бусдаас илүү олон үзмэртэй, түүнийгээ даган өргөн сурталчилгаатай оролцож нүүдэлчин Монголд жуулчдыг урьж байсан юм. Бас Говь-Алтай зэрэг аймгууд аялал жуулчлалын чиглэлээр олон улсын хэмжээнд цахим сурталчилгаа нээн ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.