Тойм:Эрүү шүүлттэй холбоотой бичлэг ил болж, хуулийн байгууллагуудын удирдлагуудыг чөлөөлсөн долоо хоног
Өнгөрсөн долоо хоногийн хувьд улс төрийн хүрээнд халуухан долоо хоног болж өнгөрлөө. Албаны айлчлалтай, С.Зоригийн хэрэгт буруутгагдсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл батлагдаж УЕШ болон УЕП-иудыг албан тушаалаас нь чөлөөлөв. Долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүдийн хурлаар эхлэв. Ингээд долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлож байна.
Өндөр дээд хэмжээний албаны уулзалт боллоо

Даваа гарагт  ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В. Моргулов тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан бол Мягмар гарагт БНСУ-ын Ерөнхий сайд  Ли Наг Ён Монгол Улсад албан ёсны найрсаг айлчлал хийв.

Гадны зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээр хийв.

Хоёр орны Засгийн газрын тэргүүн нар монгол иргэдийн Солонгост зорчих визний нөхцлийг хөнгөлөх болон  БНСУ-аас олгох 500 сая ам долларын зээлийн  зориулалт, энэ хөрөнгөөр барих “Солонго”  түрээсийн орон сууцны  хорооллын бэлтгэл жилтай танилцав.

Ерөнхий сайд Ли Наг Ён монголчуудын визний асуудлыг хойшлуулалгүй шийдвэрлэхээ илэрхийлсэн нь манай иргэдийн хувьд таатай мэдээл байлаа.
 
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл батлагдлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга  Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах болон бусад дагалдах хуулиудыг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барьсан.

Ингээд  хуулийн төслийг  мягмар гарагт МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжснээр  ХЗБ-ын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.  Улмаар УИХ  лхагва гарагт нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж,   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар анхны өргөн барьсан хэлбэрээр нь баталлаа.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хорооноос гаргасан “Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэсэн саналыг УИХ-ын гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэн юм.
 
Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг гишүүд, сэтгүүлчдэд үзүүлэв
 
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж ял хүлээлгэсэн гэх асуудал нийгэмд хүчээ аваад байна. Энэ бичлэг ил гарч ирснээр С.Зоригийн хэрэг дахин задарсан гэсэн үг юм. Бичлэгтэй холбогдуулж Хуульзүйн сайд Ц.Нямдорж тэдний ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйж хэлмэгдүүлсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Харин тэрхүү 6 минутын ноцтой бичлэгийг олон нийтэд үзүүлж болохгүй, гэхдээ УИХ-ын гишүүд болон улстөрийн албаны сэтгүүлчид үзүүлсэн юм.

Ийнхүү хүний эрхийг зөрчиж, эрүү шүүлтэнд оруулсан гэх удирдлагуудыг шалгаж эхэлсэн бөгөөд зарим хүмүүст хариуцлага тооцсон байна. Энэ асуудал цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулах бизээ.
 
Ерөнхий шүүгч, Ерөнхий прокуроруудыг албан тушаалаас нь чөлөөлөв
 
Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж УЕП  М.Энх-Амгалан болон орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа. Мөн энэ өдөр УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт албан тушаалаасаа огцрох өргөдөл гаргасан учир түүнийг  үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлиг гаргалаа.  

Харин энэ удаад АТГ-ын дарга болон дэд дарга нарыг огцруулах асуудал яригдаагүй байна.

Нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхийлөгч  АТГ-ын  даргаар Даваанямын Даваа-Очирыг, дэд даргаар Жанжаагийн Батсайханыг тус тус томилуулах саналаа эгүүлэн татаж, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хуралд дахин  санал оруулах шийдвэр гаргахаа мэдэгдээд байна. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.