Өнөөдөр “Эх дэлхийн цаг” арга хэмжээ болно

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад оршдог.

Анх 2010 онд манай улс анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. Энэ удаа зохион байгуулагчид хуванцрын хор холбогдлыг олон нийтэд сурталчилах, хуванцраас татгалзахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулах юм.

Уламжлал ёсоор “Эх дэлхийн цаг-2019” гуравдугаар сарын 30-ны өдрийн Бямба гаригт орон нутгийн цагаар үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ. Д.Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Скаутын холбоо, хөлбөмбөгийн “Дэрэн” баг хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг унтраах бөгөөд урлагийн тоглолт, хуванцрын хор хөнөөлийн талаар мэдээ мэдээлэл өгөх үйл ажиллагаа явагдана. Нийслэлийн иргэд маань арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т нэгдэж болох юм.

Орон нутгаас Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгууд нэгдэхээр болоод байна.

Улсын хэмжээнд жилд 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал гардаг

Монгол Улсын хэмжээнд жилд 2,1 сая тонн /хоногт дунджаар 5750 тн/ хог хаягдал цуглуулан зайлуулдгаас дахин боловсруулах боломжтой 976 мянган тонн хог хаягдал үүсдэг. Үүний 9,5% буюу 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1,2 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 13% буюу 156000 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал эзэлж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд “Хуванцраас татгалзъя” уриаг дэвшүүлж байгаа нь Засгийн газраас 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглосонтой уялдаж байгаа бөгөөд хуванцрын хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулахад чиглэгдэж байгаа юм. 

С.Анар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.