Ээлжит бус чуулганы тойм
УИХ-ын ээлжит бус чуулганыг өчигдөр хаалаа. Татварын багц хууль, Тендерийн хууль, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль гээд олон нийтийн анхаарал татсан хуулиудыг ээлжит бусаар хэлэлцэн шийдэв. Чуулганаар батлагдсан хуулиудыг тоймлон хүргэе.
 
Тендерийн хуулийг батлав

Ээлжит бус чуулганаар Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг батлав.  Энэ хуулиар дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол худалдан авах ажиллагаанд гадаадын этгээдийг оруулахыг хориглож, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц эх оронч худалдан авалтыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж өглөө.
 
ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томиллоо

Ерөнхийлөгчөөс ЗХЖШ-ын даргад генерал А.Ганбатын  нэрийг дэвшүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Уг асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэж гишүүдийн олонхын саналаар А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томиллоо.
 
Татварын багц хуулийг баталлаа

 Татварын шинэ хуулиар жилийн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж нэг удаа хялбаршуулсан журмаар тайлан гаргаж, 1 хувийн, 50-300 сая төгрөг хүртэл орлоготой бол жилд 2 удаа тайлан гаргаж, мөн 1 хувийн татвар төлөхөөр боллоо. Мөн жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг хөнгөлөх буюу буцаан олгоно. Үндсэндээ эдгээр аж ахуйн нэгж 1 хувийн татвартай болж байна гэсэн үг.  Ингэснээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын дарамт мэдэгдэхүйц багасаж, татвар төлөх, тайлагнахтай холбоотой зардал нь буурч, улмаар үйл ажиллагаагаа өргөтгөх, хөгжих боломж бий болж байгаа юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн албан татвар ногдуулах орлогын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 6 тэрбум төгрөг болголоо. 3-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах орлогод ногдох татварыг 15 хувиар буурууллаа.
Улаанбаатар хотоос 500 болон 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаагаа явуулж, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татварыг 50 ба 90 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.
 
Нөөц ашигласны төлбөр 5 хувь болгов

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Энэхүү хуулиар алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5 хувь, нэмэлт төлбөрийн хувь хэмжээ 0 хувь байх юм. Алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан хуулийн зохицуулалтын дагаж мөрдөх хугацаа дуусгавар болсон. Ингэснээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах, тэр нь валютын нөөц болон төгрөгийн ханш буурах сөрөг үр дагаварт хүргэх байдал үүсээд байсан юм. Харин ээлжит бус чуулганаар нийгэмд хүлээлт үүсгээд байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.
 
АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрх зүйн орчин бүрдлээ

Ээлжит бус чуулганы төгсгөлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ингэснээр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрх зүйн орчин бүрдлээ.
П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-03-28 03:04:14
    Монгол ялав, ЖДУ ялав коммунизм мандтугай ура!!
  • хуульч 2019-03-28 02:58:36
    3 ХҮНИЙ ЗАСАГ ТОГТОЖ , НАМ ТӨВТЭЙ БНМАУ-ын УЛСЫН ИХ ХУРАЛ БИЙ БОЛГОЖ БАЙГАА БОЛОХООР ЦЭДЭНБАЛЫН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД НЭР ЗҮҮСЭН НӨХДӨӨСӨӨ УУЧЛАЛТ ГУЙХ УЧИРТАЙ ?...
  • Бат 2019-03-28 02:45:01
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй