Нарны инээдтэй, тэнгэрийн зараалтай нэрт найруулагч Г.Доржсамбуу агсныг санан дурслаа
 
Нэрт найруулагч, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 насны ой өнгөрсөн баасан гарагт тохиож өнгөрлөө.

УДЭТ-аас эрхэм найруулагчийг дурсаж “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг  “Тэнгэр мэднэ” тоглолтын хамт зохион байгуулсан юм. Мөн энэ үеэр найруулагчийн нэрэмжит "Арслан" театраас олгодог “Арслан” цомыг театрын шилдэг уран бүтээлчдэд гардуулсан юм.

Г.Доржсамбуу агсныг үзэгчид “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр, “Мөнгөн буйл” киноны Содов, “Загийн алим” киноны геологич залуу, “Гарын таван хуруу” киноны хөрш залуу зэрэг олон дүрээр нь ард түмэн андахгүй сайн мэднэ. Тэрээр УДЭТ-ын тайзнаа "Хүний санаа", "Найрын ширээний ууц", "Болд хэрхэн хатаагдсан нь", "Буцах хаяг", “Нора”, "Цусан тахилга" зэрэг дэлхийн болон Монголын 30 гаруй сонгодог бүтээлийг амилуулсан байдаг.

Харин 1981-1991 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын тэнхимд жүжиглэх ур чадварын багшаар ажиллахдаа УГЗ Д.Цэрэнсамбуу, Ч.Ганхуяг, Н.Пүрэвдорж, Б.Доржсүрэн, МУГЖ Ш.Алтанцэцэг, С.Лхагвасүрэн, С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, И.Одончимэг, Ж.Оюундарь, У.Уранчимэг, Д.Хүрэлхүү зэрэг энэ цагийн шилдэг 100 гаруй уран бүтээлчдийг төрүүлсэн гавьяатан билээ.

Найруулагч Г.Доржсамбуу агсны гэргий Ц.Цолмон “44 насандаа тэнгэрийн орныг зорьж, гурван хүүхэдтэй үлдэж байлаа. Ханийн минь 70 насны ойг тэмдэглэж байгаа УДЭТ болон шавь нар найз нөхдөд нь маш их баярлаж талархлаа. Миний ханийг дурсаж хүндэтгэж ирсэн та бүхэнд талархлаа. Аавынхаа авьяас билгийг үр хүүхэд ач зээ нар өвлөсөн” гэв.

Ингээд таван жилд нэг удаа зохион байгууллагддаг “Арслан” цомын 2019 оны шилдэг эздийг танилцуулж байна.  “Арслан” цомтой, “Арслан” судар дагалдлаа.

Шилдэг зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар тодорлоо. Тэрбээр “Маш их баярлаж байна. Найруулагч Г.Доржсамбуу найз маань их онцгой найруулагч байсан. Задгай сэтгэдэг чөлөөтөй уран бүтээлч байлаа.



Шилдэг найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Пүрэвдорж “Багш маань тэнгэрийн орноос харж байгаа байх. Урлагт 35 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсний урам шагнал байх гэж бодож байна. Миний найруулагчийн ажил одоо л эхэлж байна” гэв.

Шилдэг зураач С.Ариунболд “ Г.Доржсамбуу багш маань найзын минь багын найз юм билээ. Тэрээр уран зургийн удамтай хүн. Энэ шагналыг их итгэл найдвар хүлээлгэж өгсөн байх гэж бодлоо. Хүндтэй шагналыг авсандаа баяртай байна, цаашид хичээнэ. Багшдаа зориулж “Ой санамж” нэртэй уран зургийн үзэсгэлэн гаргана”



Шилдэг жүжигчин УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ “Алдартай найруулагч багш байлаа. Бидний хажууд байхгүй ч уран бүтээлээр домог болоод хоцорсон хүний нэрэмжит шагналыг хүртсэн нь том нэр төрийн хэрэг байлаа. Урам өгсөн шагнал байлаа. Итгэлийг нь алдахгүй ээ”



Шилдэг жүжигчин УДЭТ-ын жүжигчин, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь “ Баяртай байна. Доржоо багшийнхаа шавь болж энэ мэргэжлийнхээ А үсгийг анхлан заалгасандаа баяртай байдаг. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье”

Шилдэг театрын зүтгэлтэн Гавьяат жүжигчин Б.Тунгалаг “ Хийж бүтээснээрээ гайхамшигтай хүний шагналыг авсандаа баяртай байна.  Доржоо маань манай ангийн хүргэн. ОХУ-т сургууль төгсч ирээд энэ театрынхаа тайзан дээр олон жүжигт хамт тоглож байлаа. Өнөөдөр шагналыг нь тэврээд зогсч байна. Чиний хийж бүтээснээр дандаа бахархаж явдаг шүү. Гэр бүлээрээ урлагийн хүн байсан. Сайн зохиолч сайн соён гэгээрүүлэгч гэр бүл байлаа. Манай ангийн охин Цолмон маань гэр бүлээ сайн сайхан авч яваа шүү. Чамдаа баярлаа” гэлээ.

Шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч "Сити" дээд сургуулийн багш, захирал, доктор, профессор Ц.Байгальмаа “Шагнал авна гэж бодож байсангүй ээ. Сэтгэл догдлоод нулимс гарчих гээд хэцүү байна. Үнэ хүндтэй шагнал байлаа. Өнөөдөр 40 жилийн өмнөх үе рүү авчирсан үйл явдал болж байна. Г.Доржсамбуу маань маш сайн найруулагч, жүжигчин сурган хүмүүжүүлэгч байлаа. Ямар ч уран бүтээлийн цаана сайн найруулагчийн санаа явдаг юм. Өөрийнхөө үлдсэн амьдралдаа сайн сурган хүмүүжүүлэгч бэлтгэж гаргахын төлөө хүч чадлаа дайчилж ажиллах болно”

Шилдэг хүндэт цомын эзэн ОХУ-ын Ардын жүжигчин , Буриад улсын Ардын жүжигчин Лариса Игорова тодорлоо. Тэрбээр “Энэ театртай 1972 оноос хойш холбоотой юмаа. Цолмон бид хоёр эртний найзууд. Найзаараа болон ханиар нь их бахархдаг юм” гэлээ.

Дашрамд сонирхуулахад “Арслан” сударыг хоёр жилийн хугацаанд бичсэн бөгөөд 140 гаруй хүнээс ярилцлага авч оруулжээ.

Уг судрыг бичсэн сэтгүүлч Туяа “Г.Доржсамбуу багшийн амьдрал уран бүтээлийн түүхэн замналыг бичих хүндтэй үүрэг хүлээсэн. Нарны инээдтэй, тэнгэрийн зараалтай найруулагч Г.Доржсамбуу багшаа үүрд санан дурсаж явна аа” гэв.

Мөн театрын хамт олноос хайртай найруулагчийнхаа гэр бүлд нь хүндэтгэл үзүүлж “Доржсамбуу” санг 1 сая төгрөгөөр арвижуулж, хоёр найруулагч хүүд нь гардуулан өглөө.




О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.