“Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье”
 -Алтны салбарт дэвшилтэт технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлнэ-

“Mongolia Gold 2019” алтны салбарын гуравдахь удаагийн олон улсын хурал үзэсгэлэн, Алт үйлдвэрлэгчдийн холбооны VII хурал өнөөдөр эхэллээ.

Энэ удаагийн хурлыг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уурхайн бирж, Монголбанк хамтран зохион байгуулж байна.

“Mongolia Gold 2019” хурлыг гуравдугаар сарын 17-нд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн бирж анх удаа санаачилан зохион байгуулсан бөгөөд тус хурлыг зохион байгуулсан цагаас хойш олон төслүүд дээр хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэлүүд хийгдэж, дэвшилтэт технологуудыг нэвтрүүлж, хамтын ажиллагааны санамж бичгүүд зурагдаж туршлагаа солилцож, үр дүнтэй арга хэмжээ болж байгаа билээ.

Энэ удаагийн чуулганы гол зорилго “Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд богино хугацаатай санхүүжилт татах, алтны үндсэн ордны төслүүдэд, хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, алтны нөөц, алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргах, алт, цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршсон байв.

Энэ удаагийн бага хурал “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье” уриатайгаар зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн арга хэмжээнд Хятадын алтны холбоо, Хятадын алтны томоохон групп компаниуд болох “Chine Gold Group, Lingbao Jinyuan Holding LLC Chifeng Jilong Gold Mining LLC,  Hunan Gold Mining LLC гээд 14 алтны томоохон компани, Солонгос, Канад, ОХУ, Казахстан Герман зэрэг 20 гаруй улсын компаниудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцож, алтны салбарт тулгамдаж байгаа асуудал болон шийдлүүдээ ярилцаж, илтгэл тавилаа.

Чуулганаас гарах үр дүн:

-Чуулга уулзалтанд оролцогч байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулж,
-Алтны салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж, ялангуяа үндсэн ордын төсөлд хөрөнгө оруулалтыг нэмэгдэж,
-Алтны салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрэх, Алт цэвэршүүлэх үйлдвэр алтны баяжуулалт, олборлолтонд дэвшилтэт техник, технологи нэвтэрч,
-Гадаадын компаниудын туршлагыг судлах,
-Алтны олборлолт нэмэгдэж, экспорт өсч, улсын төсвийн орлого болон гадаад валютын нөөц нэмэгдэхэд чухал хувь нэмрийг оруулах болно.
 
Татварын хэмжээ өндөр байвал компаниудад ашиг гарахгүй
 

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд “Алтны салбарынхан улсад их бага татвар төлж байна, давуу эрх эдэлж байгаа учраас нэмэх шаардлагатай гэж шүүмжилж байх шиг байна. Гэтэл 2,5 гэдэг нь ААН-үүдийн ганцхан төрлийн татвар юм.

Тодруулбал, ашигт малмталын нөөц ашигласны татвар. Гэвч ААН-үүд усны, газрын, нэмүү өртгийн гэх мэтчилэн 10 гаруй төрлийн татвар улсад төлдөг юм. Татварын хэмжээ өндөр байвал цаана нь ашиг гарахгүй байх нь хэцүү.  2,5-аас өндөр дүн гаргавал бизнес буюу ашгийн хоёр дахь орон зай үүсч бидний хэлж заншснаар ченж гадаад зах зээл рүү гарч байсан өнгөрсөн цаг үеийн том гашуун туршлага байдаг. Энэ утгаараа дээрх тоо хамгийн байж болох доод түвшиний тоо юм.  

Өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг тонн 700 кг алт Монголбанкинд тушаагдаж байсан бол энэ он гараад гурван сарын байдлаар 400 кг хүрэхгүй алт тушаагдаж, алтны салбарт уналт, алдагдал үүссэн байна. Тэгэхээр аливаа юмыг хавчиж, дарангуйлж хатуу гараар зангидахаас илүү бизнесийн таатай татварын орчин хөгжүүлэх ёстой.

Өнгөрсөн цаг үед байгаль орчинтой холбоотой дутагдалууд байсан нь үнэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд ААН-үүд нөхөн сэргээлтийг 100 хувь шийдсэн. Энэ нэг талаасаа төр захиргаа болон орон нутгийн байгууллагуудын хяналт шалгалт нь төгөлдөршсөн гэсэн үг юм. Нөгөө тал дээрээ ААН итгэл үнэмшил, байгаль орчинтой харьцаж байгаа сүсэг бишрэл хайрлах гээд зөв дадлыг хэвшил болгожээ. Харин ойлголт муутай хүмүүс байгалийг сүйтгэж байна гэсэн сөрөг мэдээллийг хайр найргүй цацдаг. Уул уурхай гэдэг газрыг сэндийлж, шороон алтны олборлолт 70-80 м гүн рүү орж, алтыг нь авдаг юм. Үүнийхээ 99 хувийг буцаагаад газарт нь хийгээд биологийн сийрэгжилтийг үүсдэг. Тэгээд дээр нь ургамал ногоо, мод ургуулдаг.

Гэвч дөнгөж эхэлж байгаа олборлолтыг нийгэмд буруугаар тайлбарлаж, иргэдийг цочроодог, өрөөсгөл ойлголт явуулдаг. Алтны салбар бол том салбар. Монгол Улсын Эдийн засгийн 8 хувьтай тэнцэхүйц хэмжээний том салбар гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв. 
 
Нөхөн сэргээлт хийдэггүй компаниудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой

 

Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан, Хөдөлмөрийн баатар, Геологи-Эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц “Алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нөхөн сэргээлтийг маш муу хийж байна.  Монголын төрийн тогтолцоо нь төр зөв ажиллах нөхцлийг хуулиар нь задлаад хаячихсан юм. Яамны бодлого гэж ярьдаг. Ямар юмны бодлого байх вэ дээ. Бодлогыг эрдэмтэд хийж, яам нь баталгаажуулж, хэрэгжүүлэх ёстой. Хяналтын асуудлыг яам мэддэг байх ёстой. Гэтэл байхгүй. Тэгээд асуудал ярихаар шал өөр юм ярьдаг. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хэрэгжүүлэгч агентлаг. Хэрэгжүүлэгч юм бол хэрхэн хэрэгжиж байгаа талаар хяналтаа тавих эрхтэй. Гэтэл мэргэжлийн байгууллагад байдаг гэдэг.

Тухайн компани уул уурхайн нөхөн сэргээлт хийж байгаа эсэхэд хяналт тавих хяналтын систем гэж байхгүй. Нэг ч бодлого, удирдлага байхгүй. Монголыг хуулийн дээд зэргээр задалж, төрийн тогтолцоог үнэгүйдүүлж байна. Нөхөн сэргээлт хийдэггүй компаниудад хуулиар буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Түүнээс нэг аж ахуйн нэгжийг 250 мянган төгрөгөөр торгоод яах юм бэ” гэлээ.

Цаашид “Алт 2” хөтөлбөрийг дэмжиж санхүүжилт олгоно
 
Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр “Хөгжлийн банкны зээл арилжааны банкны зээлээс хоёр үндсэн зүйлээр ялгаатай. Зээл олгоход ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ шаарддаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Алт 2” хөтөлбөрт манай банк санхүүжилт олгосон байгаа. Алтны салбар эрсдэлтэй салбар аль аль талаасаа анхаарах ёстой. Зарим компани ААН-үүд зээлээ эргэн төлөөгүйгээс болж өнөөдөр шүүхийн шатанд явж байгаа асуудал ч бий. Гэхдээ цаашид энэ хөтөлбөрийг дэмжиж санхүүжилт олгоно” гэв.
 
Манай компани 6 татвар, 7-10 төрлийн төлбөр төлдөг
 

“Онолт мөнх” компанийн захирал Ж.Баасансүрэн “Манай компани Өвөрхангай аймгийн Уянга суманд байдаг. Алтны чиглэлээр 11 дэх жилдээ ажиллаж байна. Энэ салбарт ажиллахад бэрхшээл гэвэл татварын асуудал байна. Алтны салбар эрсдэл ихтэй, банкны зээл ихтэй.

Орон нутаг болон харилцаж байгаа яам, холбогдох газруудаас шаардлагатай бичиг баримт удааширалтай гардаг. Улирлын ажил ойртохоос болж зээл төлөгдөхгүй байх хүндрэл гарна. Хөдөлгөж байгаа техник бүр шатахуунаар ажилладаг болохоор шатахууны үнийн нэмэгдэл ч нөлөөлж байгаа юм. Алтны ханш хэлбэлзэлнэ. Зарим жил ашиггүй, ажилчдынхаа цалинг өгөөд компани буух тохиолдол байдаг. Тиймээс төлөх татварын хэмжээ боломжийн тогтоогдоосой гэж хүсч байна.

Манай зургаан төрлийн татвар, 7-10 төлбөр төлдөг. Мөн дээрээс нь орон нутгийг хөгжүүлэх гэрээ их хүнд тусдаг. Тухайн жилд хэдэн төгрөгөөр ямар зүйл хийхийг тусгаж зааж өгдөг.

Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайн хангадаг. Мөн нөхөн сэргээлтийг үлгэр жишээ сайн хийдэг” гэлээ.







О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэдээс 2019-04-11 02:20:00
    нөхөн сэргээлт нэрээр улсын тусгай хамгаалалттай газар нутагт хүртэл ашиглалт хийдэг нөхөн сэргээлт нэрээр эрүүл газар нөхөн сэргээдэг байдлыг зогсоох
    202.179.31.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэдээс 2019-03-22 12:35:23
    Хурц гуай !!! Та Шарын голд байгаа өөрийнхөө алтыг нь аваад орхисон газруудыг нөхөн сэргээчихээд, эрүү энэ тэр гээч юмаа ярьж эхэлбэл яасийн ???
    103.57.93.218
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-22 10:46:12
    нехен сэргээлт нэрээр хулгайгаар олборлолт явуулдаг маш олон компани бий бугд боажя аас тусгай зевшеерел авдаг боажя бол байгаль хамгаалах биш суйтгэгч яам
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах