Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал  2019 оны 3 дугаар сарын 20-нд болов. Хурлаар Монголбанкны 2018 оны  төсөв, түүний ашиглалт, төсвийн удирдлагын талаарх мэдээллийг сонсоод Монголбанк  төсөвт зардал, түүний хуваарилтыг өөрийн үндсэн зорилт, чиг үүрэгтэй холбон авч үзэж дүгнэж байх, суурь, урсгал зардлыг нормчлох, өсөлтийг хязгаарлах боломжийг судлах,   захиалгаар авч буй гадаад хэл дээрх мэдээ, судалгааг орчуулж, олон нийтийн хүртээл болгож байхыг зөвлөв.

Мэдээллийн технологийн байдалтай холбогдуулан Монголбанкны нийт системд хэрэглэж буй мэдээллийн технологи, мэдээллийн багцыг арилжааны зарим банкны тэргүүн туршлагатай  зэрэгцүүлэн үзэх, технологийн шийдэл, программ хангамжийн банк, санхүүгийн үзүүлэлтүүд, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, мөн хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн өндөр ур чадварыг үнэлж контракт байгуулах боломж зэргийг ашиглахыг Хяналтын зөвлөлийн гишүүд тэмдэглэн ярилаа.  

Татан буугдсан Хадгаламж банк, Зоос банк дахь Банкны эрх хүлээн авагчийн тайлан, мэдээллийг Монголбанкны Хяналтын зөвлөлийн хурлаар хэлэлцээд Монголбанк, түүний хяналт шалгалтын газраас эдгээр эрх хүлээн авагчдын ажилд өгсөн мэргэжлийн дүгнэлттэй танилцсаны дараа дахин ярилцахаар болов.
 

Бусдад түгээх
  • gplus