Эцэг Сергей Бодров: Би хүүгээ бага магтаж байжээ

Сүүлийн жилүүдэд эцэг Сергей Бодров Орост үзэгдэж харагдахаа бараг больсон. Тэрээр Америкт ажиллаж, кино зураг авч, зохиол бичиж яваа. Удаан завсарласны эцэст тэр Оросын төсөлд оролцохыг зөвшөөрчээ. Төслийн нэр “Калашников”. Кино зохиол бичихэд болон продюсерээр Бодров хамтран оролцоно. Түүнээс гадна тэр энэ оны зургадугаар сард Ивановод болох Андрей Тарковскийн нэрэмжит олон улсын кино наадмын ерөнхийлөгч болсон нь саяхан энэ гуравдугаар сард тодорхой болсон.


 

“Кавказский пленник”, “Монгол” зэрэг кино бүтээсэн, “Оскар”-ын шагналд хоёр удаа нэр дэвшсэн тэрээр дэлхийн кино урлагийн ирээдүй, Америкийн киноакадемийн шагналын төлөө зүтгэх хэрэг байгаа эсэх, “бүтэлгүй” Жорж Клунигийн тухай, өөрийн хүү Сергей Бодровыгоо киноны ажлаас холдуулахаар ятгаж байсан, Данил Багровт зориулсан хөшөө босгох хэрэгтэй, ач, зээ нарынхаа авьяас чадварын талаар ТАСС – ын сурвалжлагч Наталья Бариноватай ярилцаж, санаа бодлоо хуваалцсаныг орчуулан хүргэж байна.

-Хэвлэлд яриа өгөх ямар дургүйг минь хэрвээ та мэддэг байсан бол…

-Яг үүнээс л яриагаа эхлэхийг хүссэн юм. Өнгөрсөн зун таны насны тэгш ой тохиосон, гэхдээ Москвад таныг эрээд олоогүй.

-Тийм ээ, олдоогүй байх. Би хаа нэгтээ хол газар явж байсан байх. Долдугаар сарын сүүлээр л Москвад ирсэн.

-Тантай уулзах боломж гараагүйг санаж байна. Одоо дутуугаа гүйцээе. Та хоёр улс орон дамнан амьдарч байна уу?

– Аль алинд нь тэнцүү хугацаагаар биш л дээ. Ойролцоогоор дөрөвний гурав, дөрөвний нэг гэж хувааж болох юм.

-Гэхдээ ихэнх цагийг Оростоо өнгөрөөж байгаа биз дээ?

-Үгүй дээ, Лос-Анжелест хамаг ажлаа амжуулж байна.

-Юун дээр ажиллаж байна?

-Жеф Брижес, Жулианна Мур нартай хамтарч Universal Pictures-д “Седьмой сын” (“Долоо дахь хүү”) хэмээх уран зөгнөлийн кино бүтээсэн. Бас эрж хайсаар яваад олсон Алисия Викандертай хамтарч ажилласан, дараа нь тэр “Даниас ирсэн бүсгүй” киногоор “Оскар”-ын шагнал хүртсэн. Үнэнийг хэлэхэд ийм кинонууд уран бүтээлийн асар их баяр баясгалан авчирдаггүй л дээ, гэхдээ хайрлаж хүндэлж явдаг хүмүүстэй хамт ажиллах боломж олгодог юм. Би үнэхээр санаанд багтамгүй сайхан баг бүрдүүлж чадсан. Киног Орост ч гаргаж үзүүлсэн, далимд нь хэлэхэд мөнгө ч их олсон шүү.

-Ойлгомжтой, тэгээд цаашаа?

-Цааш нь гэвэл би кино зохиол бичиж, түүнийгээ зардаг байсан. Зарим нь тааруухан, зарим нь тун сайн болдог. Одоо харин “Калашников” киног Москвад хийхээр болж байна. Энэ төсөлд туслахыг хүсч байна. Маш сайхан намтар түүх. Михаил Тимофеевич (Калашников) бол домог болсон хүн, түүний зохиосон автомат бууг бүгд л мэднэ, харин зохион бүтээгчийнх нь талаар мэдэх хүн цөөхөн байх. Сонирхолтой хувь тавилантай хүн.

-Та зохиолыг нь бичиж байгаа биз дээ?

-Зохиогч, продюсерийн нэг нь би. Надтай хамт Анатолий Усов, Алексей Бородачев хоёр хамтарч ажилласан. Материал тийм ч амар хялбар байгаагүй.

-Одоо таныг Оростой холбож байгаа зүйл бол Тарковскийн кино наадам байх. Тэнд та энгийн нэг хуримын генерал байх уу, аль эсвэл түүнийг хөгжүүлж цэцэглүүлэх талаар ямар нэг санаа бодол бий юү?

-Би ер нь хэзээ ч хуримын генерал байгаагүй. Миний бодлоор хөтөлбөр нь сонирхолтой, хотын оршин суугчдад хүртээмжтэй наадам болно. Урилгыг би шууд хүлээж авсан.

Андрей Тарковский бол маргахын аргагүй дэлхийн шилдэг найруулагчдын нэг. Харин Иваново бол гайхалтай сайхан хот. Эх оронч хөдөлгөөн ингэж хүчтэй өрнөж байхыг үзэж хараагүй юм байна. Оршин суугчид нь хотоороо үнэхээр бахархаж, хайрладаг. Хотын захирагч  нь киноны талаар юм гадарлаж ойлгодог, кинонд дуртай хүн. Энэ бол маш ховор тохиолдол!

-Америктай холбоотой ямар нэг зүйл төлөвлөж байгаа юу?

-“Самсон” гэж нэрлэсэн эртнээс бодож төлөвлөсөн нэг төсөл надад бий. Энэ бол библийн түүх, гэхдээ зохиолыг нь Владимир Жаботинский бичсэн юм. Тэр хуульчдын гэр бүлд, Одесст төрж, сайн боловсрол эзэмшиж, улс төр сонирхдог байсан. Энэ бүхэн ХХ зууны эхэнд болсон хэрэг явдал шүү дээ. Еврейчүүд Орос оронд тэсч амьдрахын тулд оросуудад уусах хэрэгтэй гэсэн нэг санаа түүнд байсан юм. Дараа нь аллага хядлага эхлэхэд тэр “Уучлаарай, би алдаж бодсон байна, бид уусах ёсгүй, тэмцэх хэрэгтэй, бидэнд өөрсдийн улс орон хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Хүсч байсан тэр улс орноо харж чадалгүй тэр Нью-Йоркт нас нөгчсөн. Жаботинский бол гайхалтай сайн зохиолч гэдгийг мэдэх хүн бараг байхгүй байх. Тэрээр арванхоёр хэлээр ярьж бичдэг, 1927 онд орос хэлээр бичсэн “Самсон” хэмээх номоо хэвлүүлсэн. Энэ бол библийн баатрын намтар түүхийг өгүүлсэн ном юм.

-Түүнийг та дэлгэцэнд гаргах уу?

-Тийм ээ. Энэ зохиол маш этгээд сонин, санаанд оромгүй үйл явдалтай, тэгэхдээ огт библийн биш бүтээл. Зохиолд хайр дурлал, цус урсгасан аллага, урвалт шарвалт, үхэл хагацал юм юм л бий. Гайхалтай зан ааш бүхий дүрүүд. Самсон алдаа гаргадаг. Тэгсэн ч өөрийн баримталдаг зарчмаа хамгаалсаар амь үрэгддэг. Ном үнэхээр гайхалтай. Би нэг удаа Сретенка гудамжаар явж байгаад номын дэлгүүрт орохдоо (би үүгээр явах маш дуртай) энэ бэсрэгхэн номыг олж харсан юм. Хуудсыг нь эргүүлж, 40 орчим минут уншсан. Салахын аргагүй. Дараа нь би 1949 онд “Самсон ба Далила” хэмээх кино бүтээсэн Paramount Pictures студи энэ номыг өмчлөх эрхээ алдсан гэдгийг нотлохын тулд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан. Тэгээд тэд тийм эрхгүй гэдгийг нотолж ч чадсан. Үүний дараа би Жаботинскийн төрөл төрөгсөд, хамаатан садныг эрж хайж эхэлсэн. Хуурамч Жаботинскийнүүд зөндөө таарсан шүү (инээв). Тав дахь удаагийн эрлээр харин бид түүний ач хүү, ач охиныг олсон. Ач хүү нь цэргийн нисэгч асан, ач охин нь бас л сонирхолтой хүн байсан. Бид дотно танилцаж, киноны талаар яриа хөөрөө эхлүүлсэн. Жүжигчин сонгож шалгаруулах ажил (кастинг) маш удаан явж байгаа болохоор кино одоохондоо бэлэн болоогүй байна. Надад нэг санаа бий л дээ. Гэхдээ тэр жүжигчин маань одоогоор завгүй байгаа. Тийм учраас энэ төсөл сунжирсан юм.

-Орос жүжигчин үү?

-Үгүй ээ, Их Британийнх. Миний бодлоор энэ бол дан ганц Оросын ч түүх биш, олон улсын асуудал. Түүнээс гадна би одоо Владимир Жаботинскийн өөрийнх нь амьдралын тухай цуврал кино хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ бол маш том түүх. Тэгэхдээ бүр Израильд хийх хэрэгтэй.

-Та Америкт олон кино бүтээсэн, таны кинонууд “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан. Ер нь энэ шагналд Оросын найруулагч нар хэрхэн хандах ёстой гэж та боддог вэ?

-Тайван хандах хэрэгтэй. Чи залуу, эрч хүч ид ханасан, томыг хүсч мөрөөддөг байна гэдэг бол мэдээж муу биш. “Оскар” хүртэнэ гэдэг ч сонирхолтой. “Кавказский пленник”, “Монгол” хэмээх ер нь дажгүй хоёр киногоороо би хоёр ч удаа нэр дэвшсэн. Айргийн тавд багтана гэдэг маш сайхан юм билээ. Хөгжилтэй. Чи суугаад л, тэнд дугтуй нээгээд л, тэгсэн чинь чиний нэр байхгүй. Тэр хэдхэн секундэд сэтгэл маш их хөдөлдөг юм байна лээ.

-Магадгүй, сэтгэл гонсойдог л байх?

-Яг энэ мөчид бол гонсойно шүү. Нэг удаагийн шагнал гардуулах ёслол дээр миний ард Никита Михалков сууж байсан юм, бас л нэр дэвшээд шүү дээ. Над руу бөхийнгөө тэр “Сережа, одоо чи бид хоёрыг юу ч хүртсэнгүй гэж бүгд баярлана даа” гэж билээ. Наргиан болгож л тэр шүү дээ.

-Тэр үед Михалков бас л хүртэж чадаагүй байх аа?

-Тэр үед хүртээгүй. Гэхдээ түүнд тэр үед зүй ёсоор хүртсэн “Оскар”-ын шагнал байсан. Шагнал гардуулах ёслолын дараа хүлээн авалтын танхимд намайг явж ороход ширээний ард ганцаархнаа сууж байгаа Жорж Клуниг харав. Тэрээр “Чи ялагдчихсан уу?” хэмээн надаас асуув. Би ч толгой дохилоо. Тэгтэл “Наашаа суу. Бүтэлгүйтсэн хүмүүсийн ширээ байгаа юм” гэлээ. Хэдэн минутын дараа гайхамшигтай хүмүүс нэг ширээнд суусан байлаа. Үүгээрээ л “Оскар” сайхан даа.

-Ерөнхийдөө шагнал аваагүй л биз, тэглээ гээд сүйд болоод байх хэрэггүй.

-“Оскар”-ын шагнал хүртээгүй ч кино чинь нэр дэвшсэн болохоор бүх л үүд хаалга чиний өмнө нээгдэнэ гэсэн үг. Спилбергээс эхлээд. Бүх студи нээлттэй.

Зохиож бүтээж байгаа хүмүүсийг хайрлаж дэмждэгээрээ Америк үнэхээр сайн. Өөрийн гэсэн ямар нэг зүйл бодож сэтгэсэн бол түүнийг чинь шууд л ажил хэрэг болгоно. Зөвлөлт засгийн үед би “Крокодил” сэтгүүлд нэг хэсэг сэтгүүлчээр ажиллаж байсан юм. Тэр үед шинийг санаачлагч нар хамгийн азгүй хүмүүс байсан. Хэн ч, юу ч хүсдэггүй байв. Шинийг санаачлагч нарын бодож сэдсэн бүхэн хэнд ч хэрэггүй. Харин Америкт тэр бүхэн хэрэгтэй. Кинонд ч мөн адил. Бодож сэдэж байгаа хүнийг Америкт сайшааж урамшуулдаг юм.

Одоо олон хүн ухаалаг утсаар кино хийдэг болжээ. Саяхан би Хавайд нэг богино хэмжээний киног ухаалаг утсаар зураг авсан. Маш эвтэйхэн юм билээ.

-Энэ тэгээд хэр зэрэг ирээдүйтэй вэ, та юу гэж бодож байна?

-Аль нь ирээдүйтэй вэ гэдгийг би танд хэлж өгье. Том дэлгэцийн кино кинотеатрууд руу явна. Хүний амьдралын тухай хэвийн намтар түүх телевиз рүү явна. Кино, цувралууд шинээр бүтээнэ. Энэ бол зөв хуваарилалт. Одоо хамаг сайн найруулагч, кино зохиолчид телевиз рүү явцгааж байна. Ганцхан тэнд л том түүхийг өгүүлж болно.

-Зохиогчийн киноны жанраар ажиллаж байгаа найруулагч нар юу хийвэл зохилтой вэ? Тэд кино наадмуудад оролцож, том дэлгэцэн дээр киногоо харуулахыг хүсдэг. Тэд зөвхөн дан ганц телевизээр үзүүлэхийг хүсдэггүй.

-Хэн тэдэнд саад болж байгаа юм бэ? Одоохондоо хэн ч саад болоогүй. Европт Канн, Берлин, Венец байна. Америкт тийм том кино наадам байдаггүй. Удахгүй нэг бол чи блокбастер хийнэ, эсвэл телевизэд цувралууд хийнэ гэдэг хоёр л хувилбар үлдэнэ.

-За тийм байж. Таны “Кавказский пленник” бол драм. Харин “Монгол” бол үзвэртэй кино. Ямар кино хийх нь танд илүү сонирхолтой вэ? Ямар үе шатандаа явж байна?

– Янз бүрийн л шатанд байна. Хятадад, суртал ухуулгын яаманд нь миний “Монгол-2” кино гацчихсан. Зохиол нь бичигдчихсэн, тэгээд цаашаа хөдөлгөөн алга. Энэ кинонд Чингис хааны амьдралын төгсгөлийн он жилийн тухай өгүүлэх юм. Сүүлчийн хатан, эцсийн тулалдаан, удам залгаачийн тухай эцсийн шийдвэр. Энд экшен өрнөнө, товчхондоо зүйрлэвэл “Лир Ван”. Чингис хаан үхэл ирснийг ухаарч мэдэрнэ, юу хийх тухайгаа тунгааж бодно. Дахиад л нөгөөх кастингийн түүх. Азийн жүжигчид хэрэгтэй байдаг. Англиар ярьдаг нь цөөхөн. “Монгол” киног монгол хэл дээр бүтээсэн, субтитрээр орчуулгатай гардаг. Энэ бол сонирхогч нарт зориулсан гэх үү дээ. Ерөнхийдөө бид гацчихсан байгаа.

-Та тэгвэл Америкт Самсонтой, Хятадад Монголтой гацчихсан байгаа юм байна…

-Тийм ээ, гацсан. Одоо л харин гацаанаас гарах гэж байна.

-Цааш үргэлжлэхийн тухайд гэвэл миний ойлгож байгаагаар та “Брат-3” киног бүтээхийн эсрэг байгаа. Нэгдүгээрт эхний хоёр ангид нь таны хүү тоглосон. Түүнийг амь үрэгдсэний дараа киног үргэлжлүүлэх санаа бодлын эсрэг байна уу, аль эсвэл үүнийг хийх гэж байгаа зохиогчдынх нь хувьд эсрэг бодолтой байна уу?

-Зохиогчид нь огт танихгүй хүмүүс юм билээ. Гэхдээ энэ бол тэдний хэрэг. Би тэдний замд хөндөлсөөд “Ийм кино хийж хэрэггүй!” гэж орилж хашгирахгүй нь мэдээж. Манайх чөлөөт улс орон болохоор хүссэнээ л хийцгээг. Эхний хэсэг нь үнэхээр гайхалтай болохоор л ийм зүйл хийх хэрэггүй гэж бодсон юм.

-Тийм ээ, энэ хэсгийг чинь Алексей Балабанов зургийг нь авсан биз дээ.

-Балабанов хоёр дахь хэсгийг нь ч хийсэн, энэ талаар бид зөндөө маргасан. Тэгсэн ч энэ бол кино шүү дээ.

-“Связной” киноны зураг авалт дээр ажиллах бодол танд төрөөгүй юү (хүү Сергей Бодров нь 30 настайдаа 2002 онд энэ киноны зураг авалтын үеэр Колка мөсөн голын нуралт болоход амь үрэгдсэн, ТАСС-ын тайлбар).

-Үгүй. Серегагийн бичсэн зохиол үнэхээр сайн зохиол байсан. Уншиж үзээд би биширсэн. Тэгээд хүүдээ “Зураг авч, найруулагч хийх хэрэггүй. Зүгээр л бичээд бай. Ямар мундаг зохиол бичсэнээ хар л даа!”  гэж хэлэ­хэд минь “Аав минь амьдралдаа анх удаа намайг магтлаа шүү…” гэсэн юм.

Хүүгээ би үнэхээр бага магтаж байж дээ гэж одоо хүртэл өөрийгөө буруутгадаг юм.

Зохиолоо яаж найруулан тавихыг тэр мэдэж байсан. Би түүнийг байн байн уншдаг юм. Маш сайн зохиол.

-Миний санаж байгаагаар бодитой түүхэн үйл явдалд суурилж бичсэн байхаа?

-Тийм ээ. Режис Варньегийн “Восток-Запад” кинонд Сережа тоглож байсан юм, тэгэхэд түүнтэй Дагестаны залуучууд ирж уулзсан юм билээ. Дээрэмчид. Гэхдээ жирийн л хүмүүс шүү дээ. Тэд нар түүнд өөрсдийн түүхээ ярьцгааж л дээ. Сережа гол санааг нь ухаарч ойлгоод тэдний ярьсан бүгдийг боловсруулж бичсэн хэрэг.

-Энэ зохиол тэгээд зүгээр л хэвтэж байх нь харамсалтай биш үү?

-Хэн нэг нь барьж аваад шал өөр юм болгоод эвдчихвэл яах вэ? Яах гэж? Үүний тулд хоёр дахь Алексей Балабановыг олох хэрэгтэй. Дуртай хүн болгон аваад хийчихээр хялбархан зохиол биш. Сережа яаж түүнийг ажил болгохоо ухаарч мэдэж байсан.

-Энэ сэдвийг хаахын тулд нэг зүйл асууя. Сергей Бодровын тоглосон “Брат” киноны Данил Багровын дүрд зориулж Москвад хөшөө босгох тухай яриа одоо ид өрнөж байна. Та үүнд хэрхэн хандаж байгаа вэ?

-Эерэг хандаж байгаа. Энэ хөшөө түүнд зөвхөн өөрт нь биш, харин мэдээж өөртэй нь хамаатай баатарт зориулж байгаа нь зөв. Энэ тухай нэлээд эртнээс ярьж байгаа л даа. Зөв зүйтэй ажил юм болохоор удахгүй нэг тийшээ болж шийдэгдэх байх. Загвар зургийг нь харсан, дажгүй юм байна лээ. Миний ойлгосноор аль нэг гудамжинд босгох байх.

-Эцэг, хүү Сергей Бодровууд гээд танайхан удам дамжсан киноны хүмүүс… Сергейн хүүхдүүд, ач нар таны ажил мэргэжлийг өвлөх үү? Авьяас байна уу?

-Ач охин Оля маань 20 настай, маш авьяастай, ач хүү Саша 16-тай, бас л авьяас байна гэж хардаг. Оля сургуулиа алтан медальтай төгссөн, арван наснаасаа бүжиглэсэн. ГИТИС-т (Театрын урлагийн их сургууль) элссэн. Маш хөдөлмөрч, дээр нь авьяастай. Миний ач охин болохоор ч тэгж хэлж байгаа юм биш, ерөөсөө л байгаа нь тэр. Ирээдүйд бидний мэргэжлийг өвлөх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Саша ч ялгаагүй авьяастай, хөгжилтэй хүүхэд. Багадаа л клип хийцгээгээд, тоглож нааддаг байсан. Цаашдаа яг юугаар дагнахаа хараахан шийдээгүй л байгаа байх.

-Та тэдэнд дарамт үзүүлдэггүй биз дээ?

– Огтхон ч үгүй. Өөрсдөө л шийднэ. Өөрсдөө сонгоно. Дарамталж яах юм бэ? Би хүүгээ дарамталж ханасан. Тэр маань 12 насандаа театрын студид явсан юм. “Чамайг хармаар байна” гэхэд минь “Үгүй, үгүй. Битгий ирээрэй” гэдэг байсан. 14 нас хүрээд “Жүжигчин болмоор байна” гэв. Тэгэхэд нь би “Намайг үхсэн хойно л болоорой. Эрэгтэй хүний хувьд энэ бол хамгийн аймшигтай, хамгийн хүнд хэцүү мэргэжил. Чи бусдаас хамааралтай байна. Чи өөрөө сонгохгүй, харин чамайг сонгодог юм” гэсэн юм. Хэрвээ тэр надад “Яадаг ч байсан би жүжигчин болохдоо л болно” гэсэн бол би мэдээж дэмжих л байсан. Харин Сережа маань эргэцүүлж бодсон. 16-17 нас хүрээд тэр ВГИК-ийн кино зохиолын ангид ордог юм бил үү гэсэн. Би түүнд “Кино зохиолын ангид орж яах гэсэн юм бэ, би чамайг сценари бичихэд долоо хоногийн дотор л зааж сургана. Энэ амархан” гэж билээ. Тэгээд л тэр маань өөрөө сценари бичсэн дээ. Маш сайн зохиол. Сургуулийн амьдралын тухай. Сонирхолтой.

-Гэлээ ч гэсэн “Кавказский пленник” кинонд Сергей гол дүрийн нэгд нь тоглосон … аав нь хориглоогүй гэсэн үг үү?

-Тэр үед Сережа МГУ-ийн түүхийн ангийг дүүргэчихсэн, хамгаалчихсан, бүр онц дүнтэй хамгаалчихсан байсан. Тэгээд надтай цуг ажиллахыг өөрөө хүссэн юм. Тэгэхэд нь би “Сайн байна, зөвлөхөөр ажилла. Дагестан явж надад жүжигчин олоход тусал”  гэсэн юм. Тэрээр гурван долоо хоногийн дараа ирж, бүгдийг олж, үзүүлж харуулсан юм. Тэр үед бид гол дүрийн жүжигчнээ эрж хайж байсан юм. Олег Меньшиков байсан л даа, хоёр дахь залууг олох хэрэгтэй байв. Би Сергейтэй санаа бодлоо хуваалцлаа. Гэтэл тэр маань өөдөөс “Намайг туршаад үз л дээ” гэв. Ер нь би тэр үед найруулагч нар өөрийнхөө үр хүүхдийг кино зурганд оруулахыг дэмждэггүй талын хүн байсан. Гэхдээ байдлыг хараад байсан чинь зохиолын баатартай адилхан ч юм уу гэж бодсон. Энэ бол маш чухал, үүнд зааж сургах боломжгүй. Тэр маань ийм л нэг хүү байсан юм даа. Ингээд бид гэртээ бага зэрэг сургууль хийсэн. Пробууд эхлэх үед бүх зүйл тодорхой, ойлгомжтой болсон.

-Сергейд мэргэжлийн боловсрол байгаагүй нь нэг талаас сайн болсон юм биш үү? Энгийн зүйлийг тоглож жүжиглэх амаргүй биз дээ.

-Тиймээ, тийм. Энгийн зүйл.

Би ер нь мэргэжлийн бус жүжигчидтэй ажиллах дуртай хүн. Ганцхан тэр бол чадна гэдгийг таах хэрэгтэй. Хүүхдүүдтэй ажиллах дуртай, яагаад гэвэл тэд үнэхээр гайхалтай.

-”Калашников”, “Самсон”, эсвэл өөр ямар нэг кинонд ач нараа тоглуулах боломж гаргах уу?

-”Калашников”-тбол тэгнэ.Ольгадаа зориулж ичиж зоволгүйгээр нэг жижиг хэсэг жоорлочихсон.

-“Кино бол оргилж буцалсан хүсэл шунал, тийм юм байхгүй бол нэг бол зүгээр л хүлээх, эсвэл нэгмөсөн мартах хэрэг гарна” гэсэн таны үгийг Сергей эш татдаг байсан. Та ингэж хэлсэн юм уу?

-Мэдэхгүй, санахгүй байна. Их л урт юм, би уг нь товчхон л хэлдэг юмсан (инээв). Кинонд мэдээж оргилуун сэтгэлээр хандаж тэмүүлэх ёстой л доо. Хэрсүү ухаанаар зураг авч байгаа найруулагч нар зөндөө л дөө. Гэхдээ сэтгэл хөдлөл байх ёстой гэж бодож байна. Оргилж буцалсан хүсэл тэмүүлэл. Өвдөлт. Ер нь киног амжилт олж, мөнгөтэй болохын тулд хийвэл утгагүй болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • С.Б. 2019-03-19 06:47:09
    С.Бодров бол олонх оросуудыг бодвол Монголд, монголчуудын түүхэнд бодитой, хүндэтгэлтэй ханддаг, ухаантай хүн!!!
    103.229.123.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Ах Данзан 2019-03-19 06:44:41
    монголын асуудалд жунгаад гацнаа гэж.мөнгөтэй нь хөгжмөө захиалах мөнгөгүй монгол шүлсээ залгин толгой нь эргэчихсэн гөлөрч байгаа орчин үеийн байдал.
    202.179.24.96
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-03-19 02:38:47
    Гайхамшигтай эцэг хүү 2.
    64.119.19.1
    Мэдэгдсэн Хариулах