Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг даалгавар өглөө. Худалдан авах ажиллагааны үйл ажиллагааг хууль, дүрэм журмын хүрээнд ил тод нээлтэй, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, олон нийтийг оролцуулан зохион байгуулах худалдан авах ажиллагааны журам, төлөвлөгөө холбогдох хууль, журмын хүрээнд боловсруулаад, ямар зарчмаар зохион байгуулах ажлаа танилцуулахыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов. Барилгын ажлын талбай, хашааны стандартыг шинээр тогтоох, барилгын материал зөөж тээвэрлэх, зорчих зэрэг асуудлуудыг зохицуулсан журмын төслөө танилцуулах, Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол, саналыг түргэн шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо.
Нийслэлийн Дотоод аудитын газарт нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд аудит хийх, хийсэн тухай дүгнэлт, гарсан зөрчил дутагдлыг арилгуулсан талаар танилцуулга бэлтгэж танилцуулах даалгавар өгөв. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгийн ажлыг чанар, өнгө үзэмжтэй байх тал дээр анхаарч нэг стандартай байлгах талд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.
“Төсвийн тухай хуулийн дагуу 2019 онд төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээг байгуулах бэлтгэх хангах, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Санхүү, төрийн сангийн хэлтэст 2019 оны 3 дугаар сарын 18-ны дотор хянуулж дуусгах, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах, Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.