Долоо хоногийн онцлох үйл явдлууд
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга  Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэсэн долоо хоногийн онцлох үйл явдал байв. Энэ мэт долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэе.
 
Монгол цэргүүд 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байна
 
 Бүгд Найрамдах Өмнөд Суданд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа цэргүүддээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулж өгөв. Мөн цэргийн алба хаагчдын ахуй  амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцсан байна.
Монгол цэргүүд НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байгаа. Хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай наймдугаар ээлжийн цэргүүд Бентю хотод, 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира бараалхсан байна. Ерөнхий сайд өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцон үг хэлэхдээ дайн дажингүй, амар амгалан, эх дэлхийн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байсан. Монгол Улс гадаад бодлогын нэг чухал хүчин зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд оролцон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч байдгаа хэлэв.
 
Экс Ерөнхийлөгч сэтгүүлч С.Мөнхбаясгалангийн нэвтрүүлэгт оролцох санал тавьлаа

Экс Ерөнхийл Ц.Элбэгдорж сэтгүүлч  С.Мөнхбаясгалангийн Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох хүсэлтээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан “хүргүүлсэн” юм. Тэрбээр “Цензургүйд оролгүй 2 жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалаан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очноо" хэмээн жиргэжээ.
Учир нь долоо хоногийн даваа гарагт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх экс Ерөнхийлөгчийн явуулгаар шударга бусын хонгилд орж, хэлмэгдсэн гэдгээ ярьсан юм. Иймээс Ерөнхийлөгч асан хариу ярилцлага өгөхийг хүссэн ч С.Мөнхбаясгалан түүнд татгалзсан хариу өглөө.
 
Ээлжит бус чуулганы товыг зарлав

УИХ-ын дарга  Г.Занданшатар захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-29-ныг хүртэл хуралдуулах тов гаргалаа.
Ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал,  Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна.
 
УБТЗ ХХН-ийн дарга Д. Жигжиднямаа санхүүгээ шалгуулахаас татгалзав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  өнгөрсөн долоо хоногт Монгол-Оросын хамтарсан УБТЗ ХНН-т шалгалт хийж эхэллээ. Уг шалгалтыг өнгөрсөн онд төлөвлөсөн ч тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа шалгуулахаас хоёр удаа татгалзсан байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас Зам тээврийн хөгжлийн яаманд хандаж, УБТЗ ХНН-д шалгалт хийх хүсэлт тавьж, зөвшөөрөл авчээ. Энэ дагуу УБТЗ ХНН-д шалгалт хийхээр болжээ. Тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа шалгалт оруулахыг зөвшөөрсөн ч байгууллагынхаа санхүүг шалгуулахгүй гэж татгалзжээ.
Учир нь Орос-Монголын хамтарсан байгууллага учраас Оросын талаас зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авсны дараа шалгалт оруулна гэсэн тайлбарыг өгсөн юм.  
П.АНИР
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.