Л.Цэрэндолгор: Тоглоомонд донтсон хүүхэд уур бухимдалтай болдог

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой ярилцлаа.

-Цаг үеэ дагаад хүүхдүүдийн цахим хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнээс үүдэн цахим орчинд төрөл бүрийн тоглоомуудад донтох үзэгдэл ч газар авлаа. Хамгийн сүүлд гэхэд нийгмээрээ PUBG гэх тоглоомоор “амьсгалж” байна. Яг энэ тоглоомонд донтсон хүүхдүүд СЭМҮТ-өөр үйлчлүүлж байгаа юу? 

-СЭМҮТ-д цахим тоглоомонд донтсон хүүхдүүд ирж, эмчилгээ үйлчилгээнд хамрагддаг. Яг ганцхан PUBG гэх тоглоомонд донтсон хүүхэд ирэхгүй шүү дээ. Их олон тоглоомонд донтож ирдэг. Контор, дота гээд бүх тоглоомыг ээлжилж тоглосоор хамааралтай болчихсон хүүхдүүд ирдэг.  

-Цахим тоглоомонд донтсон хүүхдүүдэд ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 

-Олон янзын шинж тэмдэг илэрнэ. Хэтрүүлэн хэрэглээтэй байна уу? Донтсон байна уу? гэдгээс хамаараад шинж тэмдэг нь хөнгөн, хүнд, гүнзгий илэрдэг. Хэтрүүлэн хэрэглээтэй байгаа хүүхэд нь ихэнхдээ бие махбодын шинжүүд илүү илэрнэ. Ядарч сульдах, нүдний угаар чилж өвддөг, нуруу хүзүүгээр  чилж өвдөх хөших гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Харин тоглоомондоо донтоод эхэлбэл хүүхдийн нь сэтгэл санаа болон зан үйлд нь өөрчлөлтүүд гарч эхэлнэ. 

-Тухайлбал...

-Хүүхэд ихэнхдээ уур бухимдалтай болдог. Аливаа зүйлийг эсэргүүцэж, амархан сэтгэлээр унамтгай, шантрамтай болдог. Мөн цочрол ихсэлтийн шинжүүд илэрнэ. Дуу чимээнд дургүй болох, ганцаараа байхыг илүүд үзэх, нийгмээс өөрийгөө  тусгаарлаж, сэтгэлээр унамтгай болох зэрэг шинжүүд  илэрнэ. Бүр гүнзгийрээд донтоод эхлэх юм бол зан үйлийн өөрчлөлтүүд гарч эхэлнэ.

-Тэр нь хэрхэн илрэх вэ? 

- Зан үйлийн өөрчлөлт гэдэг нь худлаа ярих, хулгай хийх, гэр бүл болон сургуулийн орчинд нийгмээр хүлээн зөвшөөрсөн хэв журмуудыг зөрчиж эхэлнэ. Гэр бүлийн хүрээлэлд гэхэд эцэг эхдээ хэлэхгүйгээр мөнгө хулгайлах, эд хөрөнгөө барьцаалан зээлдүүлэх газар тавих, зарах гэх мэт. Эцсийн зорилго нь тоглохын тулд шүү дээ. Улмаар эцэг эх нь хориглоод эхлэхээр гэр бүлээсээ дайжиж пс тоглоомын газруудад олон хоногоор тоглодог болно. Ер нь тоглохыг тулд бусад хүмүүсийн хориг, хязгаарлалтыг  хүлээн авахгүй. Үүнээс үүдэн хичээл сургуулиас завсардах , найз нөхөд, бүлгээрээ нийлж дээрэм хулгай хийх гэх мэт гэмт хэрэгт холбогдох сөрөг үр дагаврууд  гарч эхэлнэ. Мөн өөрийнхөө тоглож байгаа цагтаа хяналт тавьж чадахгүй болчихдог. Нэг цаг тоглоно гэсэн болон өдөржин шөнөжин тоглодог. Цахим тоглоомонд донтсоныг илэрхийлэх хамгийн гол шинж тэмдэг бол урд нь хийдэг, сонирхдог байсан сонирхол нь байхгүй болж зөвхөн тоглохыг илүүд үзэж, тоглоомонд анхаарал хандуулдаг болно. Хүүхдийн хувьд хамгийн чухал зүйл бол суралцах шүү дээ. Гэтэл нэгэнт донтсон хүүхэд бол тэр үүргээ умартаад хичээл хийх суралцах асуудал сонин биш болно. Бүх цагаа тоглоход зарцуулдаг болно. 

-Хүүхдүүдээ дээрх эрсдэлээс хамгаалахын тулд эцэг эхчүүд ямар алхам хийх хэрэгтэй вэ? 

-Эцэг эхчүүдийн хараа хяналт маш чухал. Таны хүүхэд юу сонирхож, юу хийж байна, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна гэдэг дээр хяналт тавих хэрэгтэй. Зөв зүйл дээр нь дэмждэг, буруу зүйл дээр нь бага дээр нь хяналт тавьж, хориглож, хязгаарлаж байгаагийнхаа учир холбогдлыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Мөн гэрийн нөхцөлд цахим хэрэглээнд хязгаар тавих хэрэгтэй. Ээж аав нь өөрөө зөв үлгэр дуурайл үзүүлж байж хүүхдэдээ зөв зохистой хэрэглээний тухай яривал хүлээж авна. Эцэг эхчүүд өөрсдөө цахимд орчиндоо хязгаарлалт тавьдаггүй хирнээ хүүхдээ хориглоход шударга бус байдал хандаж байна гэсэн байдлаар л хүлээж авна шүү дээ. 

-Сүүлийн үед бага насны хүүхдийг тайван байлгах үүднээс гар утас, таблетыг ихээр хэрэглүүлэх болсон. Магадгүй цахим тоглоом, дэлгэцийн хамааралтай болох үндэс нь энэ үү?

-Энэ нь утас бол хэрэглээ, байж болох зүйл гэдгийг багаас нь таниулчхаж байгаа. Ер бол нь хэрэглээ. Гэхдээ энэ хэрэглээн дээр эцэг эхчүүд хяналт, хязгаар тавьж өгдөггүйгээс болоод хүүхэд донтох эрсдэл нь тавигддаг. Багаас нь  хүүхдээ зөв дадалд сургах хэрэгтэй. Тухайлбал, өдөрт 30 минут утсаар тоглоно, 15 минут дуу сонсоно гэх мэт хязгаар тогтоогоод сургачих юм бол хүүхэд энэ зуршлаараа л өснө. Гэтэл эцэг эхчүүд хэмжээ хязгааргүйгээр хүүхдэд утсаа өгчхөөд бүр болохгүй бол хүч хэрэглэн хурааж авдаг. Хүүхдийн өөрийн санаа бодлыг авч хэлэлцдэггүй. Энэ байдал нь хүүхдийг донтох эрсдэлийг бүрдүүлнэ. Ер нь бүр бага насны хүүхдийг утас компьютэрээс хол байлгах хэрэгтэй. 

-Нэгэнт тоглоомонд донтсон хүүхэд эмчлэгдэх үү? 

- СЭМҮТ-д хандаж, хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд бид нэн түрүүнд ганцаарчилсан болон бүлгийн, мөн танин мэдэхүйн сэтгэл засал эмчилгээг  эмийн эмчилгээтэй хавсарч хийдэг. Дэлгэцийн хамааралд өртөөд хэдий хугацаа өнгөрсөн байна төдий хугацааны сэтгэл засал эмчилгээ шаардана. Тиймээс хэвтээд гарсан хүүхдүүд үргэлжлүүлэн сэтгэл засал эмчилгээгээ мэргэжлийн сэтгэл зүйчээр гадуур хийлгэх хэрэгтэй байдаг. Хүүхэд донтолтын хор уршгийг мэдээд  ирэхээр засардаг. Эцэг эхээ гомдоож, итгэлийг нь алдсан байна, сэтгэцийн эмнэлгээр үйлчлүүлэх хүртэл шатанд очсон байгаа гэдэгтээ дүн шинжилгээ хийгээд хүүхдүүд маань ухаардаг. Нэлээд гүнзгий донтсон хүүхдүүд туушдаа эмчилгээ хийлгэхгүй байдал нөлөөлөөд дахих тохиолдол ч ажиглагддаг. Энд мөн л эцэг эхчүүдийн оролцоо, хяналт, хүүхэдтэйгээ ярилцаж, чөлөөт цагийг нь хамтдаа өнгөрөөх, завгүй байлгах тал дээр  анхаарах зэрэг нөлөөлнө. Хүүхдийг завгүй байлгана гэхээр учиргүй хичээл номоор дарах биш, хичээлийн хажуугаар сонирхсон дугуйлан дамжаанд явуулах, үүнийг дэмжиж өгдөг, байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүссэн зүйлээ хийхэд нь дэмжиж эхлэхэд хүүхэд буруу зүйлд цагаа үрэх байдал нь багасаад эхэлнэ.  Мөн хүүхдээ ойрын болон холын зорилготой болгож тэрнийх нь төлөө дэмжлэг үзүүлж, идэвхжүүлж, урамшуулдаг байх хэрэгтэй. Гэхдээ эцэг эхчүүд ихэвчлэн өөрсдөдөө таалагдсан зүйлд хүүхдээ явуулдаг. Үүнээс үүдэн хүүхэд залхах, хийж байгаа зүйлдээ дургүй болох, эцэг эхийнхээ үгнээс зөрдөг байдал илэрнэ.

П.АНИР

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.