Сүүтэй бурхадаа магтан хүндэтгэн дуулж, тайзан дээр ургасан гурван сарнай
 
“Ээж” хэмээх гурван үсгэнд энэ дэлхий бүхлээрээ багтана аа гэж. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж, уран бүтээлчдийн тоглолт ар араасаа цуварсан байлаа.

Эчнээ танил гурван МАА маань энэ сарын 7, 9-ний орой “Сүүн аялгуу” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо “Корпорате цэнтрт” хийж, дуунд дуртай, хайртай фэнүүдээ цэнгэн хөгжүүлж, өөрсдөө их хайр хүндэтгэл, цэцгэнд умбав.

Их гоё үдэш байв. Сэтгэлийн цэнгэл эдлүүлж, мэлмий баясгаж, зүрх догдуулж, уярал төрүүлнэ гэдэг юутай сайхан юм бэ.

“Сүүн аялгуу” тоглолт удтал чилээлгэсэнгүй. Тоглолтын үүдэнд гарын билэг тараасан хөөрхөн бондгор охин уриалгахнаар “Бэлгээ аваарай” гэх. Үзэгчдийн ихэнх нь гоё ганган эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний дундаас одонгоо зүүж, сайхан монгол дээлээрээ гоёсон ээжүүд хамгийн содон харагдаж байлаа. Гурван дуучны цагаан даашинзтай зургийн хажууд зургаа татуулах гэсэн хүмүүс оочерлосон харагдав. Дуу хуурын өлгий нутаг Дундговиос хүмүүс тоглолт эхлэхээс цагийн өмнө амжиж ирлээ гэж байгаа юм чинь.

Танхимд орж ирээд суудлаа олж тухлав. Удсан ч үгүй танхмын гэрэл унтарч хөгжим нүргэлж, тайзны урдаас гурван Маа “Эхийн ариун сэтгэл” дуугаараа тоглолтынхоо өндөр үүдийг нээлээ. Танхим дүүрэн алга ташилт.

Яруу найргийн хаан, үгийн урлагийн элч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ах хөтлөн явуулж, хөгжөөн жаргаав. Хааяа хааяа будилсныг эс тооцвол, яруу найрагч хүнээр тоглолт хөтлүүлэх нь их сайхан чихэнд наалдацтай сонсогддог юм билээ.

Хүн төрлөхтөн эхийн хайр, эвийлэх сэтгэл дор байдаг болохоор бүүвэйн аялгуу, энэрэлийн аялгуу, сүүн аялгуутай байдаг гэдэг. Тиймээс ч ээжийгээ сүүтэй бурхад гэж нэрийддэг. “Сүүн аялгуу” нэртэй тоглолтын гол дүрүүд болох гурван бүсгүй сайхан ижий нараа, охид, хүүхнүүддээ магтан дуулахаас гадна ихэд хүндэтгэв.
“Хүлээсэн сэтгэл”, “Ээжийн бүүвэйн хорвоо” зэрэг дуугаа ЦДБЭЧ-ийн найрал хөгжимтэй, удирдаачтай нь хоршилоо.
 
Тайзан дээр тансаг хээнцэр харагдах гурван гоё бүсгүй. Тоглолтын чанар чансаа, ур хийц, найруулгатай бол ярих юм байхгүй ээ. Тэр чигээрээ нүнжиг ханхалж байгаа харагдав.

Гурван бүсгүйн тухайд Э.Оюумаа тогос шиг гоё ганган хээнцэр. Р.Дэлгэрмаагийн дэлдэн чих зохино гэж ванлий хөөрхөн харагддаг. Урсгал ус шиг намуухан тунгалаг хоолойг нь хэд дахин сонсоод үл уйдам. Х.Болормаа гавьяатын хувьд нэг тийм нүүрийн буянтай, нүнжиг арвинтай сайхан харагдана. Өөлж гоочлох зүйл энэ гурваас гарахгүй.
Р.Дэлгэрмааг нүдээ аниад сонсоод үзээрэй та нар. Ямар гоё яруу тансаг, уран хоолой гэж санана. Яг л торго шиг нэг тийм...
Тодруулбал, Х.Болормаа, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нарыгаа хөндлөнгөөс ажваас халдашгүй эрхэмсэг уран бүтээл нь тун чимхлүүр Дорнын ихэмсэг, донж халхын гоо хатад, уран шигтгэмэл дуу бүхэн нь яах аргагүй утга төгөлдөр юмаа. Дуугаа гадарлаж биш доторлож, учирлаж, учиг зангидаж дуулдаг гайхалтай дуучид.

Дуучид маань 2012 онд “Ээжийн бүүвэйтэй хорвоо” тоглолтоо хийж байлаа. Тэрнээс хойш  бүүвэйн дуу дуулж аялсаар байгаад бүлтгэр хөөрхөн гурван хөвгүүн “боож “авсан ачлалт ээжүүд. Дуу тийм л ерөөлтэй, ийм л шидтэй байгаа биз.
Эмэгтэй хүний энгэрт ивлэж, элгэнд нь эгшдэг зүйл яах аргагүй ариун цагаан сүү. Уураг цагаан сүүнд цадаж өссөн болохоор уулга алдахдаа ч би ээжийгээ дууддаг аа гэж. Ижий минь л их ойрхон оршдог.

Э.Оюумааг “Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд, Миний ээж дуундаа эх дэлхийгээ багтаана..бүүвэй, бүүвэй” гэж дуулахаар яах аргагүй үр хүүхэд нүдэнд харагдана шүү дээ. Бүүвэй гэдэг чинь бүү-ай гэсэн утгатай үг юм гэнэлээ. Ээжтэй хүн алзахгүй ээ, айхгүй ээ.
Урлагийн бүх төрлийг хоршуулсан үндэсний бөгөөд опера сонгодог тоглолт болсон нь үнэн сонирхолтой. Тайлан тоглолт биш, ижий нартаа барьсан том хүндлэл, энэрэхүйн шалтгаан гэдгийг хөтлөгч маань онцлов.

Усан цэнхэр өнгийн дээлтэй бүжигчид уран зэрэглээ мэт бүжих нь Монгол ардын бүжгийн гайхамшиг “Сүүтэй бурхан”-ыг үзлээ. Мөн ЦДБЭЧ-ийн бүжигчид “Эх хүндлэл” бүжгээрээ сүрийг үзүүлэв. Хаад хатдын хувцсаар гоёсон тэд ихэмсэг хийгээд сүртэй, эд хавтай харагдав.

Дуучид маань урын сандаа байгаа дуунуудаас шилж сорчлон дуулжээ. Энэ цагийн алдартай дуучин Шаргын говийн бүсгүй, гавьяат жүжигчин Х.Болормаа “Ачилж чадлуудаа ээжийгээ”, “Сэтгэлийн хайлан” зэргээ дуулсан бол Увс нутгийн унаган бүсгүй Р.Дэлгэрмаа “Итгэлийн гэрэлтэй амраг”, “Цэцэгт нугын эрвээхэй”-гээ уянгалуулав.

“Итгэлийн гэрэлтэй амраг”-аараа сэтгэлийн гэрэлтэй сүүгээ хань Д.Хишигбаяр руугаа урсгав.  Ямар гоё хайр, сэтгэл, уярал бэ.

Харин дуу хуурын өлгий нутаг болох Дундговь аймгийн уугуул, багадаа хурдан морины гийнгоог часхийтэл аялдаг, ирээдүйд СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр дүүргэсэн тогос шиг гоёхон, тогоруу шиг намдуу алхаатай дуучин Э.Оюумаа маань “Эхийн сэтгэл”, “Аав уулс”-аа эгшиглүүлэв. Та нар “Эхийн сэтгэл” дууг нь эрээд сураад хайгаад сонсоод үзээрэй дээ, харамсахгүй шүү.  Энэ дуугаа дуулахдаа хөөрхөн шар хүүгээ бодсон байхаа. 37-ныхоо жил дээрээ голомт залгаж, гал тасдах нуган үр төрүүлсэн юм билээ, Э.Оюумаа. Түүний торгон ногоон өнгийн даашинзтай зогсч байхыг нь харахаар яг тогос гэж тодорхойлно.

Дандаа нэрийн хуудас болсон дуунуудаа сонгож дуулжээ. Ачлахуйн, энэрэхүйн тухай дуу, аав ээжийн буян гэдэг сайхан юмаа.

Гавьяат жүжигчин Х.Болормаагийн ээж өдгөө 75 насыг зооглож энх тунх аж төрж байгаа Цолмон гуай залуудаа сайхан дуулдаг уран сайханч буюу ардын дууч явжээ. СТА ээж нь сайхан дуучин охин төрүүлж өсгөжээ, бахархмаар. Гавьяатыг дуулахад арын тайзан дээр зургийн симфони буюу ээжийнх нь нутагтаа аж төрж амьдарч байгаа үеийн сайхан зургаар нь бэлэг барив. Энэ үед ижийгээ бодсон байхдаа.

Э.Оюумаагийн аав Энхээ, өвөө Данзан гуай нь Монголын циркийн урлагт томоохон хувь нэмэр оруулсан өндөр гавьяатангууд гэдгийг түмэн олон мэднэ дээ. Аав нь алдартай циркчин байсан болохоор адтай охин нь урлагийн хүн байх нь аргагүй ээ. Урлаг хойч үед нь өвлөгддөг юм гэнэ лээ. Хайртай аав нь тэнгэрээс хараад баярласан байх.
Гоёмсог цагаан даашинзтай дуучин бүсгүйчүүд үзэгчдийн дундуур явж ээжүүдэд цэцгэн эрхи өргөж, цагаан сарнай бэлэглэж хүндэтгэл үзүүлэв.

Тоглолтын бас нэг гоё хэсэг бол Хангалын хөгжим “Тань руу нүүж явна” киноны аяз. Хүн хүн рүүгээ, сэтгэл сэтгэл рүүгээ нүүдэг гэдэг. Хөгжмийг нь сонсоход кино нь нүдэнд харагдаад, хөөрхий хүүгээ ослоор алдсан ээжийг нь бодож өрөвдөв.

Дан.Нямаагийн шүлэг Ш.Өлзийбаярын аялгуу “Амин заяат үр минь” гэсэн сайхан дууг дуулжээ. Мөн сүүлийн үед хит болоод байгаа “Бодол” дуу нь ч тасархай...Эх үрийн ариун нандин холбоог энэ хоёр дуунаас нь сонсоно доо. “Бодол” дуун дээр хоолой хорших, салгах нь ямар донжтой, гоё сонсголонтой гээч.

Гурван сайхан охиноороо эжий нар нь ах дүүс, амраг ханиуд нь алдрай үрс нь, ард түмэн баярлаж бахархсан байх.
Шинэлэг гоё дуунуудыг амилуулсан байгаа юм. Тоглолт гурван хэсэгтэй үргэлжилсэн.

Хоёрдугаар хэсэг нь дуурийн дуулаач мэргэжлээр их сургууль дүүргэсэн Х.Болормаа, Р.Дэлгэрмаа хоёр өвөрмөц бэлэг барив. СУИС-ийн багш, профессор Энхтуул багш нь хөгжмийн хаан төгөлдөр хуураа дарж, нөгөө хоёр маань “Униар татсан уулсын дээгүүр усны шувууд ганганаад буцлаа даа” гээд л дуурийн хоолойгоор хоршив. Араас нь залгуулаад “Жаргаах зүрхэн”-г явлаа .Санаагаар болдог бол дахиулмаар санагдав.

Өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болохоор яах аргагүй нэг нэгнээсээ ялгарч харагдаж байгаа юм чинь. Тэдний хоолойны чадлыг биширч, авьяас билгийг нь алмайрч байгаад л гарч ирсэн дээ.
 
Бас нэг хэсэг нь Үндэсний найрал хөгжимтэй хэсэг. Үндэсний урлаг гэдэг цаанаа гоё нүнжигтэй “амьтай” харагдаж байгаа юм. Хөгжимчид “Уран хас”, “Сэрсэн тал”-ыг суудал дээр тогтохгүй өндөлзтөл хөгжимдөв.

Дуучин Э.Оюумаа уртын дуучин мэргэжлээр их сургууль дүүргэсэн бөгөөд үндэсний урлагаа тодотгож, “Нарсан мод”-ыг намжиртай дуулж, “Буянхишиг Да лам”-ыг аальгүй дуулж, ардын дуу шиг аманд хүлхэгддэг “Дөрвөн цагийн тал”-ыг  дөрөө мулталж байгаад дуулав. Жогтой инээмсэглэх, намжиртай дуулах нь яах аргагүй ардын дууны хүн дээ. Гайхамшигтай.

Турьхан биетэй ч бяртай уран бүтээлч гэж тэднийг хэлэх бизээ. Тоглолтын гуравдугаар хэсэг хайр, аз жаргал, амжилт бүтээлээр ундарлаа.

Нийтийн дууны хатан, хаан гэгддэг СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёр “Хайрт минь чи дуугаа дуулаач, “Азжаргал хүсье” гэсэн ашид билгийн ерөөлтэй сайхан дуунуудаа дууллаа. Дууны хорвоод хослонхон хөтлөлцөн яваа хос дуучид. Их гоё хайрыг дуугаараа урладаг уран шаглаачид гэж хэлнэ.

Хишгээ хайртай ханьдаа цэцгийн баглаа бэлэглэж, мартын 8-ны мэнд дэвшүүлж, харцыг нь ширтэж, хацрыг нь үнэрлэв.  Алга дүүрэн, зүрх бялхам аз жаргалыг хос хоёрын дуунаас хүртсэн дээ хүртсэн бид.

Гүрээ хөтлөгч ханьдаа өгсөн цэцгийг нь тайзны араар авч орчихоод удалгүй буцаагаад авч ирээд тэдний урд тавих нь яг гэм хийсэн хүүхэд шиг харагдсан шүү. Танхим дүүрэн нижигнэтэл өхөөрдөж инээв.

Гавьяат Х.Болормаа цоглог хөгжмийн аянд “Намрын өглөө”, “Хурыг усыг хундганд дүүргээд хувааж уугаад хоёул согтъя” дуугаа бүжиглэж дуулав.

Харин араас нь Э.Оюумаа эчнээ танил дотно “Амрагхан чамдаа”, “Хайрыг хүндэтгэж яваарай” зэрэг эртний дуугаа дуулав. Гоё, хуучны дуу гэдэг үнэ цэнэтэй, ойрхон сонсогдож байна билээ.

Гурван МАА маань шинэ уран бүтээл болох ардын дууны цоморлиг хийсэн. Дандаа “Маа” нэр орсон ардын дууг сонгосон байгаа юм. Жишээлбэл, Алгирмаа, Сүнжидмаа, Хандармаа, Дүүриймаа, Аранжидмаа  гэсэн дуунуудыг дуулсан. Хөгжмийн найруулга тасархай. Ярих юм байхгүй. Үг нь зэмлэж ая нь аргаддаг ардын дуу бол өнө мөнх настай даа.

Гурван сайхан бүсгүйд нэгэн үеийнхэн нь найз дуучин Г.Чулуунбаатар цэцэг баглаагаар хүндэтгэл үзүүлэв.

Үнэндээ бидний бурхан бол амьд ээж нар байдаг. Ингээд “Бурхан гэдэг зөвхөн эхчүүд байдаг” гэдэг дуугаар “Сүүн аялгуу” тоглолтоо жаргаав.

Үзэж байгаа биднээс илүү хөтөлж байгаа Гүрээ ах маань ихэд сэтгэл нь хөдөлж будилав. Гурван дуучныхаа нэрийг нь хольж сольж, Хишигбаярын охиныг Оюумаагаас гаргахаар болж, төгсгөлд нь “Эх үрсийн баярын мэнд хүргэе, сайхан баярлаарай” гэж ерөөж дуусгав.

Ингээд гурван МАА-даа урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хийсэн бүхэн нь сайхан уран бүтээл болж, бүтээсэн бүхэн нь их амжилтыг дагуулж байгаарай. Уран бүтээлийн их ундарга нь үл ширгэж, дэвэрсэн сүү шиг их хайртай, дэлгэсэн зөөлөн торго шиг эв сэтгэлтэй яваарай. Та гурвыг Янжинлхам бурхан ямагт ивээж явах болтугай.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүннү 2019-03-11 01:23:26
    Би үзсэн хүүхдүүд маань бид хоёрт билет ав өгсөн. Сайхан тогололт болсон, тэр "Бодол" гэж сайхан дуу юм аа. Дуу зохиоё гэвэл ингэж л зохиох ёстой байхаа.
    202.179.27.228
    Мэдэгдсэн Хариулах
  • gyrban maa bol agyy,agyy agyy!!!! 2019-03-10 16:30:20
    saihan bichej dee?ingej l bid bye byenee hairlan hyndetgej hiij baigaa byheniig ni hedelmer singesen hyn hyndetgej baih ychirtai gedegiig yhaarch amidarzgaaya d...
    212.234.217.188
    Мэдэгдсэн Хариулах