Хаягдсан хүүхдийн асуудлыг нэг талдаа багтаая
Салбарын яам, ХТҮГ гудамжинд хаягдаж, орхигдсон болон тусгай асаргаа шаардлагатай хүүхдүүдийн асуудлыг анхааралдаа авъя-

Хүрдний хүүхэд...Ардын хувьсгалын он жилүүдэд зарим бүсгүйчүүд хүүхдээ хүрдэн дээр орхидог байсан тухай бид киноноос харсан. Бодвол шалтгаан нь өнөөгийнхтэй ижил, төстэй байсан болов уу. Амьдралын боломжгүй, үгээгүй ядуу, өвчин, зовлонд нэрвэгдсэн гэх мэт. Харин тухайн үед хүүхдээ хүрдэн дээр орхих нь өдрийн од шиг ховор байсан гэнэ билээ.

Ардын хувьсгалын он жилүүдээс эхтэй хүрдний хүүхэд харин ардчилсан хувьсгалын он жилүүдэд орц, хонгил, хогийн бункерт шилжжээ. 10 сар хэвлийдээ тээж, төрүүлсэн үр, хүүхдээ төрөх эмнэлэг тэр ч бүү хэл орц, хонгил, хогийн бункерт орхидог муухай үзэгдэл өнгөрсөн 20 гаруй жилд газар авсан нь энэ.  Ихэвчлэн дөнгөж төрсөн нярай юм уу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг санаатай хаяж, төөрүүлдэг байна. Харин хаяж, төөрүүлсэн хүүхдийг авч, өсгөх газар манай улсад байна уу. Асрах газар, хүүхдийн төв сувилал энэ ачааг олон жил нуруун дээрээ үүрсэн. Харин төрийн бодлого хүүхэд рүү тэр тусмаа эцэг, эхдээ гологдсон хүүхдүүдээ харж, хамгаалахад чиглэх цаг нь болсон аж. Тиймээс ч  бид энэ удаагийн дугаарын сурвалжлагаараа эцэг, эхдээ гологдож, гудамжинд хаягдсан хүүхдийн асуудлыг хөндлөө.
 
Гологдсон хүүхдүүд

Бидний зорьсон газар бол Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал. Анх 1966 онд байгуулагдсан ч  1991 онд Улаанбаатар хотын Эрүүлийг хамгаалах, нийгэм халамжийн газрын даргын 72 тоот тушаалын 3.-д: “…эрүүл төрсөн, дутуу, ихэр, өнчин нярай болон амьдралын гачигдалтай хүмүүсийн 0-3 хүртлэх насны хүүхдийг сувилах “Нялхсын клиник сувилал” болгон ажиллаж эхэлсэн байна. Харин  2012 оны долдугаар сарын 04-ний Засгийн газрын 231 тоот тогтоолоор Нялхсын клиник сувиллыг “Хүүхдийн төв сувилал” болгож  нэрийг нь өөрчилжээ. 40 гаруй гаруй жилийн түүхтэй тус сувилал одоогоор  ихэр болон дутуу нярай, суурь өвчтэй хүүхдүүдийн гэсэн хоёр нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Манай улсад ихэвчлэн нярай хүүхдийг санаатай хаяж, төөрүүлдэг тухай дээр дурьдсан. Харин эцэг, эхдээ гологдож, хаягдсан бага насны хүүхдүүдийн очих цорын ганц газар нь тус сувилал юм байна. Хэдийгээр өнчин болон нийгмийн эмзэг давхаргын нярайг асарч, сувилах үүрэг хүлээсэн ч ачаалал нь хэрээс хэтэрчихээд байгааг бидэнд тус сувиллын дарга Э.Буянмандах хэлсэн юм.

Э.Буянмандах: Хаягдсан хүүхдүүдийн асуудлыг хэн хариуцах нь тодорхойгүй байна

/Хүүхдийн төв сувиллын дарга/

-Бидний чиг үүрэг бол ихэр болон дутуу нярай, хоол тэжээлийн дутагдалтай, суурь өвчтэй нялхсыг асарч, сувилах. Нэрнээсээ ч асрах биш сувиллын газар гэдэг нь ойлгогдож байгаа болов уу. Гэвч сүүлийн 20 гаруй жилийн турш бид гудамжнаас олдсон, хаягдсан хүүхдүүдийг хүлээж авдаг жишиг тогтсон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагаас авчирч байгаа хүүхдүүдийг хүлээж авдаг болсоор нэг мэдэхэд ийм хугацаа өнгөрсөн байна.

Хүмүүс хаа нэгтэйгээс хүүхэд олохоороо л манайд аваад ирдэг. Хүүхдийн төв сувилал эднийг авч, асрах ёстой гэж боддог шиг байгаа юм. Бидэнд авахгүй гэх эрх байхгүй. Манайх Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага. Уг нь чиг үүргээрээ ажилламаар байдаг. Гэвч  одоогийн байдлаар бидэнд чиг үүргийнхээ дагуу ажиллах ямар ч нөхцөл, боломж алга. Манайд эцэг, эхдээ гологдож, хаягдсан 40 гаруй хүүхэд байна. Түүний 10 нь төрөлхийн тархины саажилттай. Тэд манай сувилалд хэдхэн сартай, зарим нь түүнээс арай том болчихсон үедээ хүргэгдэж ирсэн. Гудамжнаас ямар ч нэр, хаяггүй тийм л хүүхдүүд олдож ирдэг. Бид ойролцоогоор насыг нь тогтоогоод бүртгэж авдаг юм. Өвчтэй бол шууд ЭХЭМҮТ рүү шилжүүлдэг.  Гэвч эдгээд гэртээ гарах боломжтой болсон хойно нь манайх руу дахиад л шилжүүлдэг. 

Манай сувилалд 2-13 насны төрөлхийн тархины саажилттай, хоолоо халбагадаад идэх чадваргүй, өөрөө бие засч, алхаж, гишгэж чадахгүй тийм хүүхдүүд 10 гаруй бий. Өнөөдөр ч гэсэн тэднийг асарч, сувилаад байж л байна. Гэвч цаашид энэ хүүхдүүдийг яах вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм. Би ажлаа аваад нэг жил болж байна л даа. Ажлаа авснаасаа хойш хаягдсан хүүхдүүдийг аль болох авахгүйг хичээж байгаа. Учир нь эмчилгээ, сувилгаа шаардлагатай олон хүүхэд байхад тэдний орыг эцэг, эхдээ хаягдсан хүүхдүүд эзэлчихээд байж байна. Асуудлын гол нь тэднийг хэн ч, хэзээ ч авдаггүйд л байгаа юм. Манайд үрчлүүлэх боломжтой цөөн хүүхэд ирдэг.

Бид улирал бүр Баянгол дүүргийн Захиргаа, хуулийн хэлтэс рүү үрчлүүлэх боломжтой хүүхдийн мэдээллийг явуулдаг.  Гэхдээ бид хүүхэд үрчлэх асуудлыг бие даан зохион байгуулах эрхгүй. Манайх сувиллын газар байтал хүмүүс дэлгүүрээс эд, бараа сонгох гэж байгаа юм шиг ямар хүүхэд байна, харж болох уу гээд ирдэг юм. Бид хүүхэд үрчлүүлдэггүй. Зөвхөн тэднийг асарч, сувилдаг. Уг нь “Өнөр бүл” төв рүү хүүхдүүдээ шилжүүлдэг байсан юм. Гэтэл өнгөрсөн оноос тус төвийнхөн манай хүүхдүүдийг авахаа больсон. Тэд зөвхөн бүтэн өнчин хүүхэд авахаа мэдэгдсэн. Гэтэл бид тухайн хүүхдийн бүтэн өнчин эсэхийг нь тодорхойлж, материал бүрдүүлдэг байгууллага биш. Улсын хэмжээнд 37 асрах газар байдаг. Тэд дандаа хувийн байгууллагууд. Харин “Өнөр бүл” манайх хоёр л улсынх. Тэгэхээр эцэг, эхдээ гологдож, хаягдсан хүүхдүүдийг асарч, сувилдаг, өсгөж, хүмүүжүүлдэг төвийг төрөөс байгуулж, нэгдсэн бодлогоор зангидах хэрэгтэй байна.

Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Туяа: ХАХНХЯ-нд удаа дараа хандсан

-0-3 насны хүүхдийг асарч, сувилах ёстой газарт 13 настай хүүхэд байх жишээтэй. Цаашид ийм байдлаар үргэлжилж болохгүй гээд бид асуудлаа ХАХНХЯ-нд удаа дараа тавьсан. Яамны зүгээс ч  энэ асуудалд анхаарлаа хандуулддаггүй.  Одоо аргаа бараад хувийн асрах байгууллагууд руу хандаад л сууж байна. Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч, сувилах төвтэй болох тухай байсныг санаж байна. Уг нь манайх шиг 24 цагийн үйл ажиллагаатай, нэгдсэн төв байгуулчихвал хүүхдүүдэд хэрэгтэй юм. Түүнээс биш 10 дугаар цэцэрлэг шиг өдөр өнжүүлдэг төв байгуулаад хэрэггүй шүү дээ. Хүүхдээ санаатайгаар хаяж, орхих тохиолдол огт буураагүй. Бараг долоо хоног тутамд л хүүхэд хүргэгдэж ирж байна. Уг нь энэ асуудал ХАХНХЯ-нд хамаатай. Гэвч салбарын яам энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа нь хачирхалтай.

Хүүхдүүдийн инээмсэглэсэн зургаар ханаа чимэглэсэн тус сувиллынхан асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн нь энэ. Гудамжинд орхигдсон хүүхдүүд гурван нас хүртлээ цэвэр тухтай орчин, амт чанартай хоолтой байх нь. Харин түүнээс хойш хэрхэх нь тодорхойгүй байгаа нь тус сувиллын хамт олны сэтгэлийг чилээдэг ажээ. Нялх, балчираас нь асардаг болохоор тэд хүүхдүүддээ ч хайртай гэж жигтэйхэн. Манай тэр тэгсэн байна, манай энэ ингэжээ гээд л төрсөн хүүхдүүдээ ярьж байгаа юм шиг ярилцах аж. Тэд гудамжинд хаягдсан 40 гаруй хүүхдэд эцэг, эх нь болох гэж хичээн ажиллаж байна. Гэвч тэднийгээ өсч, томортол нь харж, асарч чадахгүйдээ жаахан бухимдалтай  сууна. Үүнээс гадна тус төвийн эмч, ажилчдыг шүүх хуралд гэрчээр байлцуулдаг болсонд тэд сэтгэл дундуур байгаагаа ч нуусангүй. Мэдээж хүүхдүүдийн зургийг авахыг зөвшөөрөөгүй. Хэдийгээр эцэг, эхдээ гологдсон ч тэд Монгол Улсын иргэн шүү дээ.

Тиймээс эрхийг нь хүндэтгэхийг сануулсан юм. Бид эндээс гараад Баянгол дүүргийг зорьсон юм. Тус дүүргийн Захиргаа, хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Солонго хүүхэд үрчлэлийн асуудлыг хариуцан ажилладаг байна. Ингэхдээ “Хүүхдийн төв сувилал”-аас ирүүлсэн мэдээллийг нягталж, үзээд үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэдэг байна. Тухайн гэр бүлийн байдлыг нарийвчлан судалдаг бөгөөд үрчлүүлсэн хүүхдүүдийнхээ араас байнга сураг тавьж, жилдээ нэг удаа гэрээр нь явдаг тухайгаа ярьж байв. Саяхан өнгөрсөн онд үрчлүүлсэн хүүхдүүдийнхээ гэр бүлийнхтэй уулзсанаа энэ үеэр дуулгасан юм. Харин хүүхэд үрчлүүлэхдээ заавал тухайн гэр бүлийн шалтгааныг нарийвчлан судалж үзсэний үндсэн дээр шийддэг юм байна. Хэрэв гадаадын иргэн хүсэлт гаргасан тохиолдолд ГИХГ-аар дамждаг аж.

Одоогийн байдлаар тус хэлтэст “Хүүхдийн төв сувилал”-аас үрчлүүлэх боломжтой хүүхдүүдийн талаархи мэдээллийг ирүүлээгүй байгаа гэв. Одоогийн байдлаар төв сувилал, үрчлэх асуудал, асрах байгууллагууд иймэрхүү уялдаа холбоотой ажилладаг юм байна. Төв сувилалд хүргэгдэж ирсэн хүүхдүүдээс үрчлүүлэх боломжтойг нь үрчлүүлж, зарим  нь хувийн асрах байгууллагууд руу шилжиж, нөгөө хэсэг нь сувилалдаа үлддэг ажээ. 10 сар тээж, төрүүлсэн хүүхдээ овог, нэр, хаягаа худал бичүүлэн төрөх эмнэлэгт хаяж оддог, хогийн бункерт орхиж байгаа эхчүүдийг  араатнаас ч дор гэлтэй. Нохойн гөлгийг хүн хүчээр төөрүүлж хаядаг, хөхөө шувуу бусдын үүрэнд өндгөө орхидог. Гэтэл бүсгүй хүн болж, үр хүүхэд төрүүлчихээд санаатайгаар хаяж, орхиж байгаа эхчүүдийн үйлдэл ухаан, санаанд багтамгүй. Ялангуяа хогийн бункерт хог, новшноос өөрцгүй хэмээн хаяж байгаа нь аймшигтай.
 
Хуулийн хүрээнд хэрхэн шийддэг вэ

Бид эндээс нийслэлийн Цагдаагийн газрыг зорьсон юм. Нийслэлийн Цагдаагийн газрын Түр хамгаалах байрны дарга н.Аюурзанаас хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэрхэн шийддэг тухай тодрууллаа. Тэрбээр дээрх асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг тухай бидэнд ярьсан. Түүнийг цагдаагийн байгууллагад ажиллах хугацаанд нь нэг л удаа хүүхдээ санаатайгаар төөрүүлсэн тохиолдолтой таарч байсан гэв. Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гудамжинд орхисон байсан аж. Улмаар эцэг, эхийг нь эрэн сурвалжилж, шүүхээс ял ногдуулсан байна. Хүүхдийг олсноос хойш нэг  жилийн турш эцэг, эхийг нь эрэн сурвалжилдаг бөгөөд олдоогүй тохиолдолд бүтэн өнчинд тооцдог аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх-д гэсэн заалтад:

117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300   хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэжээ. Энэ хэсэгт 2008 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан байна.  Түүнчлэн 117.2-т энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тусгасан байна. Эрүүгийн хуулиар эхний удаад зөвхөн хөдөлмөрийн хөлсөөр торгох эсхүл баривчлах, албадан ажил хийлгэх гэж заасан нь магадгүй үр, хүүхдээ хаягсдын толгойг илсэн хэрэг байж болох юм. Зөвхөн хүүхдийн амь хохирсон тохиолдолд ял шийтгэдэг биш хаясан тохиолдолд хорьж, шийтгэдэг болчихвол энэ төрлийн гэмт хэрэг буурах магадлалтай.

Өөрөөр хэлбэл, хүйтэн, цэвдэг сэтгэлтнүүдэд зохих хариуцлагыг нь ногдуулах ёстой юм. Хүн төрүүлчихээд хэрэггүй гээд гудамжинд орхиж байгаа тэд үр хүүхдийнхээ ирээдүйг “сохолсныхоо” төлөө хариуцлага хүлээдэг, шийтгүүлдэг байх учиртай. Үүнээс гадна Гэр бүлийн тухай хуулийн тавдугаар бүлэгт дээрх асуудлыг хэрхэн шийдэх тухай тусгажээ. Тодруулбал,
 
Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа

25.4. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно.

25.5. Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.

26.9. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, энэ хуулийн 30.1.-д заасан үйлдлийг хийж, хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана гэж тусгасан байна. Тэгвэл Гэр бүлийн тухай хуульд зааснаар бол хүүхдүүдийг сум, дүүргийн Засаг дарга хамгаалж, хариуцахаар тусгасан байх юм. Гэвч сум, дүүргийн Засаг дарга нар энэ үүргээ хүлээж, биелүүлж чадаж байгаа болов уу. Энэ асуултад олон хүн үгүй гэж хариулах байх. Цагдаа нар олсон хүүхдээ шууд л Хүүхдийн төв сувилалд хүргэж буй. Хуулиар заасан үүргээ мэддэг Засаг дарга бараг байдаггүй нь эндээс харагдана. Тэгэхээр эндээс хэд, хэдэн асуулт ургаж байна. Сум, дүүргийн Засаг дарга нар үүрэг, хариуцлагаа биелүүлж чадаж байна уу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хаана, хэн асарч, хамгаалах вэ, гудамжнаас олдсон 0-3 насны хүүхдүүд зөвхөн төв сувилалд хүргэгдсээр байх уу. Уг нь энэ асуудлыг ЭМЯ, ХАХНХЯ хамтран шийдвэрлэж болно.

Эрүүл мэндийн яамны зүгээс асарч, сувилах мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн, нийлүүлэх, харин ХАХНЯ-аас тэдэнд зориулсан тусгай төв байгуулж өгөх. ХТҮГ-ын зүгээс хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн талаас нь тусламж, зөвлөгөө өгдөг гэх байдлаар асуудлыг шийдвэрлэх  нь огт боломжгүй зүйл биш. Мөн хуулиа эргэн харах зайлшгүй шаардлага байгаа нь харагдаж байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийг эргэн харж, дахин засч, сайжруулах нийгмийн шаардлага тулгарсан нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Хүүхэд...Энэ бол улс орны хамгийн үнэтэй бөгөөд хамгийн чухал нэгж хэсэг. Тиймээс ч хүүхдэд юу, юунаас илүү анхаарал тавьж, тэдний эрүүл, аюулгүй орчинд өсч, торниход төрийн зүгээс нэгдсэн бодлогоор анхаарах учиртай. Ингэхдээ хуулийг чангаруулснаар хүүхдээ гудамжинд орхих тохиолдол буурч болох юм. Нөгөөтэйгүүр нэгэнт эцэг, эхдээ гологдож, орхигдсон хүүхдүүдийг харж, хамгаалах асуудлыг Хүүхдийн төв сувиллаас салгаж, тусад нь төв байгуулах цаг нь болжээ. Үүнээс гадна төрөлхийн тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 24 цагийн үйл ажиллагаатай төв барьж, байгуулах шаардлагатай байна.

Энэ асуудлыг эмнэлэг эсвэл сувилалд даатгаад орхиж  болохгүй юм. Хуулийн уялдаа холбоогүй, зөрчилтэй, маргаантай байдал нь ч энэ бүхэнд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй тухай албаны хүмүүс хэлж байсан юм. Бид энэ асуудлаар тодруулга авахаар ХАХНХЯ-нд хандсан боловч тэд ХТҮГ-аас асуухыг зөвлөсөн. Харин ХТҮГ-ын удирдлагууд эзгүй байсан учраас энэ тухай мэдээлэл өгөх хүн байсангүй. Орхигдсон болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлаар бид үргэлжлүүлэн ярилцлага, сурвалжлага бэлтгэх болно.
Монголын мэдээ
Х.Өнөржаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хууль ч гэх шиг хөөрхий хаягдсан хүүхдүү 2016-05-06 11:11:52
    Сүрхий хууль ярьсан хүн чанаргүй нөхөр байна даа.
    150.129.142.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2014-09-10 09:02:54
    Хууль нь үйлчилдэг баймаар байна.
    103.26.193.11
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-10 04:19:32
    хүүхдүүдээ хаяж байгаа ээж аавуудад хариуцлага тооцдог болмоор юм аа яаж чадаж байна өөрсдөд нь мэдрүүлмээр юм тэнэг хүмүүст
    103.9.91.108
    Мэдэгдсэн Хариулах