Хилийн чанад дахь монголчуудын холбоод Улаанбаатарт чуулна
 “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт нэгдсэн чуулга уулзалтыг Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү чуулга уулзалтаар хилийн чанад дахь Монголчуудын үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл чуулж, тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, төрөөс үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах боломж, механизмыг эрэлхийлэн, бодит үр дүн, хамтын ажиллагааг тууштай эхлүүлэхээр зорьж байгаа юм.

Түүнчлэн, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж суралцаж байгаа монголчуудын сурсан мэдсэнээ хуваалцдаг, тодорхой асуудал дэвшүүлэн хэлэлцдэг “Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг Британийн Монголчуудын санаачлагаар 2005 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд тохиож буй 10 жилийн ойн чуулга уулзалтыг хилийн чанадад бус эх орондоо хуралдахаар төлөвлөж буйтай хамтатган, Гадаад харилцааны яам, “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулахаар болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал,  Засгийн газар, төрийн холбогдох байгууллагаас дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол иргэд, холбоо нийгэмлэгтэй нягт харилцаа холбоо тогтоох, дуу хоолойг нь сонсох, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, монгол хэл соёл, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх түгээхэд нь онцгой анхаарах үйл хэргийн урьдач үндэс суурийг бий болгох өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. 

Чуулга уулзалтад хилийн чанад дахь монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-ын 90 орчим төлөөлөгч, “Цахим өртөө холбоо” ТББ-ын илтгэгч, судлаач 50 орчим, дотоодын яамд, агентлаг, холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 130-150 төлөөлөгч оролцох юм.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.